Г.Ойнбаяр: Уралдаанч хүүхэд гэмтсэн нь наадмын зохион байгуулалттай холбоотой
2014-07-18

Ховд аймгийн Дуут сумын наадамд хурдан даага унаж уралдсан 14 настай Н.Төмөрхуяг хүү энэ сарын 11-ний өдөр уралдааны явцад мориноосоо унаж хүнд гэмтэл аваад ухаангүй байгаа тухай өмнө нь мэдээлсэн. Хүүхдийн төлөө үндэсний газрын Хүүхэд хамгаалал үйлчилгээний хэлтсийн ахлах мэргэжилтэн Г.Ойнбаяраас хүүхэд осолдсон шалтгаан, хүүхдийн биеийн байдлын талаар тодрууллаа.

а

-Ховд аймгийн Дуут сумын наадмаар мориноос унасан уралдаанч хүүхдийг хамгаалалтын хэрэгсэл дутуу хэрэглэснээс гэмтсэн гэлээ?

-Тийм ээ. Уралдаанч хүүхэд хамгаалалтын малгайгүй уралдаанд оролцож, мориноосоо унан тархиндаа хүнд гэмтэл авсан. Эмчлэгч эмчийнх нь хэлснээр тархиндаа бяцралтай,  харвалт өгсөн гэсэн. Н.Төмөрхуяг энэ сарын 11-ний өдөр гэмтсэн. Түүнд 12-ны өдөр мэс засал хийсэн тухай мэдээлэл ирсэн. Хамгийн сүүлд авсан мэдээллээр хүүхэд бүрэн сэргээгүй байгаа ч биеийн байдал сайжирч байна гэсэн. Тархиндаа хүнд гэмтэл авсан хамгийн том шалтгаан бол хамгаалалтын малгайгүй уралдаанд оролцсоноос болсон. Хэрэв хамгаалалтын малгайтай байсан бол ийм зүйл гарахгүй. Хамгаалалтын малгайтай уралдсан хүүхэд мориноос унасан ч каск нь цоороод хүүхэд гэмтээгүй тохиолдлууд бий. Уралдаанч хүүхдүүдийг стандартын хувцас хэрэглэлээр хангалгүйгээр уралдаанд оролцуулж буй нь тухайн наадмын зохион байгуулалттай шууд холбоотой. Мөн уралдаанч хүүхдийн эцэг, эх асран хамгаалагч, хурдан морины уяач нар хүүхдийнхээ аюулгүй анхаарах хэрэгтэй байна. Хүүхдийг хамгаалалтын хэрэгсэл өмсгөлгүй уралдуулах тохиолдол хөдөө орон нутаг буюу сумдад нэлээн гарч байна. Үүнийг аль, аль талаасаа анхаарч, нэгдсэн зохион байгуулалтад орж ажиллах ёстой.

а

-Мөн тус аймгийн Манхан суманд бас хүүхэд мориноос унасан гэсэн мэдээлэл байна.

-Тийм асуудал гарсан. Манхан суманд уралдсан хүүхэд мөн хамгаалалтын малгайгүйгээр уралдаанд оролцсон учраас унахдаа гэмтсэн. Өнөөдөр биеийн байдал нь сайжирч, энгийн тасаг руу шилжлээ гэсэн мэдээллийг хүлээн авсан.

а

-Энэ хоёр хүүхэд даатгалд хамрагдсан байсан болов уу?

-Хоёулаа “Монгол даатгал”-ын таван сая төгрөгийн нөхөн олговор бүхий даатгалд хамрагдсан байсан.

ө

-Мориноос унасан бусад хүүхдийн асуудлыг хэрхэн шийдвэрлэх вэ. Бүгд даатгалд хамрагдсан гэсэн?

-Гэрээ, хуулийнхаа дагуу шийдвэрлэгдэнэ. Хөдөлмөрийн чадвар алдалтын зэрэглэл тогтоосон Эрүүл мэндийн болон Хөдөлмөрийн сайдын хамтарсан тушаал байдаг. Үүний дагуу зэргийг тогтоогоод мориноос унаж гэмтсэн уралдаанч хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлээд явна.

а

-Уралдаанч хүүхдэд хамгаалалтын хэрэгсэлийг дутуу өмсгөж уралдуулснаас болж хүүхэд гэмтчихлээ. Харин  уяачид ямар хариуцлага тооцох вэ?

-Уяачид авах хариуцлагын тухай нэг л заалт Үндэсний их баяр наадмын хуульд байдаг юм байна лээ. Тэр нь “тухайн уяачийг дараагийн уралдаан, тэмцээнд оролцуулахгүй байх” тухай заалт.

ө

-Ховдын Дуутад гэхэд сумын эмнэлгийн машин нь бензингүй учраас аймгийн эмнэлэгт хүргэлгүй цаг алдсан зэрэг асуудал яригдаж байсан. 

-Хүүхэд хамгааллын хамтарсан баг гэж байдаг. Үүнд хүүхдийн байгууллагын ажилчид болон цагдаа, эрүүл мэндийн байгууллагынхан зэрэг багтдаг. Ер нь энэ асуудлыг байгууллага дангаараа шийдэх боломжгүй. Асуудлыг хамтран шийдэж хүүхдийг хамгаалах хэрэгтэй.  Дуут суманд гарсан асуудалд бол тухайн сумын Хүүхдийн байгууллагын ажилтнууд гэмтсэн хүүхдийг өөрсдийн унаагаар эмнэлгийн байгууллагад хүргэж өгсөн. Оношилгоонд оруулах болон эмчилгээний өдөр тутамд нь анхаарал тавьж, нааш нь мэдээлэл дамжуулж ажиллаж байгаа. Ер нь тухайн байгуулага өөрийн хариуцсан, үүрэг хүлээсэн чиглэлээ анхаараад ажиллах ёстой.

а

Б.Буд

Shuud.mn
Сонин хачин