Индонезийн цагаачдын онгоц живжээ
2011-12-19

Ням гаригийн үүрээр Австралийн харьяаны Зул сарын арал хэмээх газрыг зорин Индонезийн цагаачдыг тээвэрлэж явсан хөлөг онгоц Индонезийн эргээс холдож амжилгүй живсэн тухай тус улсын онцгой байдлын газраас мэдээлжээ. Хөлөг онгоц Индонезийн Ява арлаас 250 гаруй цагаачдыг суулган хөдлөөд удалгүй живсэн ба хоёр хүн амь алдаж, 100 гаруй хүн сураггүй болсон байна. Angipp Satoto хэмээх Индонезийн эрэн хайж аврах багийнхан ойролцоогоор 90 гаруй хүнийг аварсан гэнэ. Гэсэн хэдий ч тэнгисийн усанд сураггүй алга болсон хүмүүсийг аврах найдлага улам бүр багассан байна. Тэрхүү онгоцонд ихэвчлэн Индонезийн хууль бус цагаачид болон цөөн тооны Афганистан, Иран, Туркийн иргэд байсан гэнэ. Зүүн Өмнөд Азийн орнуудаас Австралид очин хөдөлмөр эрхлэх цагаачдын урсгал асар их байдаг бөгөөд далайн шуурганд өртөн замдаа сүйрэх тохиолдол олонтаа гардаг юм. Энэ хөлөг онгоц ч мөн далайн хүчтэй шуурганд өртсөн ба ашиглагдах хугацаа нь хэтэрсэн хуучны жижгэвтэр онгоц байсан аж. Мөн 40 хүн тээвэрлэх даацтай ч үүнийгээ хэтрүүлэн 250 гаруй иргэдийг суулгаж явсан байна. Онгоцон дээр ойролцоогоор 40 орчим бага насны хүүхдүүд байсан аж.
Shuud.mn
Сонин хачин