Тавантолгойн ордод хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах ажлыг урагшуулна
2014-08-28

Тавантолгойн ордыг хөгжүүлэх, хамтран ажиллах хөрөнгө оруулагч сонгох асуудлаар УИХ-аас 2008 онд 40, 2010 онд 39, 2014 онд 34 дүгээр тогтоолууд гаргаж, Засгийн газарт үүрэг чиглэл өгсөн байдаг.

х

УИХ-ын 2008, 2010 оны тогтоолуудын дагуу Засгийн газраас шат дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлсэн ч эцэслэн шийдвэрлэгдэлгүй зогсонги байдалд ороод байсан юм. Өнгөрсөн хугацаанд болсон үйл явдлыг тодруулбал, Тавантолгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компани шалгаруулах урьдчилсан сонгон шалгаруулалтыг 2010 оны 12 дугаар сард зарлаж, санал ирүүлсэн 15 оролцогчоос 6 компанийг хураангуй жагсаалтад шалгаруулсан. Дээрх 6 оролцогчтой хэлэлцээ явуулснаар 4 оролцогч буюу Шиньхуа, Пибоди, ОХУ-ын төмөр зам тэргүүтэй Орос Монголын хамтарсан консорциумыг сонгох саналыг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулсан боловч зөвлөлөөс уг асуудлыг дэмжилгүй буцаасан билээ. Улмаар УИХ-аас Засгийн газарт даалгасан хөрөнгө оруулагч сонгох, гэрээ байгуулах ажиллагаанд хүлээгдэл үүсэн өдийг хүрсэн юм.

х

Иймд энэ оны 5 дугаар сарын 8-ны өдөр УИХ-аас “Эдийн засгийн идэвхижлийг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 34 дүгээр тогтоолд Тавантолгойн ордын асуудлаар хэд хэдэн заалт тусгаж баталсан юм. Энэ дагуу шаардлагатай судалгаа хийсний үндсэн дээр өмнө зарласан сонгон шалгаруулалтын нөхцөл, шаардлага, зарчимд өөрчлөлт оруулах замаар үргэлжлүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэн “Тавантолгойн ордын талаар авах зарим арга хэмжээний тухай” тогтоол гаргахаар шийдвэрлэлээ. Уралдаант шалгаруулалтыг энэ оны 11 дүгээр сарын 1-ний дотор багтаан үргэлжлүүлэн явуулж дүгнэх, шалгарсан хуулийн этгээдтэй 12 дугаар сарын 15-ны дотор гэрээ байгуулах чиг үүрэгтэй Ажлын хэсгийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэг ахалж, Эдийн засгийн хөгжлийн, Уул уурхайн сайд нар гишүүдээр ажиллана.

х

Сонгон шалгаруулалтыг үргэлжлүүлэн явуулж дуусгаснаар ордыг эдийн засгийн бүрэн эргэлтэд оруулах, нүүрсийг түүхийгээр нь бус баяжуулан экспортлох, түүнд шаардлагатай үйлдвэр, дэд бүтэц, төмөр замын асуудлыг улсын төсөвт ямар нэг ачаалал үүсгэлгүйгээр цогцоор нь шийдвэрлэх нөхцөл бүрдэх юм гэж Засгийн газрын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин