Манай тамирчид оюуны чадвараа гайхуулжээ
2014-09-01

Энэтхэг улсад өчигдөр зохион байгуулагдсан ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд манай тамирчид амжилт дүүрэн оролцжээ. Тус тэмцээнд манай улсаас Монголын оюун ухааны академийн гурван тамирчин дасгалжуулагч, ОУ-ын шүүгч Х.Хатанбаатарын хамт оролцсон ба тэд 30 медалийн есийг нь хүртэж, дунд насны ангилалд Дэлхийн хоёр дээд амжилтыг шинэчлэн тогтоосноор багийн оноогоороо тэргүүлсэн байна.

а

Манай тамирчин Олон улсын аварга 16 настай Э.Энхмөнх хоёр алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртэж, нийт 80 тамирчнаас дэд байрт орсон ба дунд насны ангилалдаа түрүүлжээ.  Тэрбээр “хөзөр цээжлэх” хурдны төрөлд нэг багц хөзрийг 33 секундэд тогтоон алдаагүй нэрлэснээр БНХАУ-ын тамирчны эзэмшиж байсан дээд амжилтыг шинэчлэн тогтоосон байна.

а

Харин 14 настай тамирчин З.Цэцэгзулын хувьд хоёр хүрэл медаль хүртэж, ерөнхий дүнгээр тавдугаар байрт шалгарсан бол дунд насны ангилалд дэд байрт шалгарчээ. Мөн 16 настай Т.Энхжингийн хувьд нэг мөнгө, нэг хүрэл медаль хүртэн “хоёртын тоолол” төрөлд 5 минутад 750 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр З.Цэцэгзулын (736 цифр) эзэмшиж байсан дэлхийн дээд амжилтыг шинэчилэн тогтоосон аж.

а

Энэ удаагийн Ой тогтоолтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд Монгол, Энэтхэг, Швед, Америк, Индонези гэх таван улсын 80 тамирчин бүтэн өдрийн турш харааны болон сонсголын ой тогтоолт шалгасан 10 төрлөөр оюунаа уралдуулж аваргуудаа тодруулсан байна. Ийнхүү дэлхийн шилдгүүдтэй оюун ухааны хурд, хүчээ уралдуулж, гайхалтай амжилт гаргасан манай тамирчид эх орондоо тун удахгүй ирцгээнэ.

х

Тэдний ур чадвар, оюун ухаанаа гайхуулах дараагийн тэмцээн энэ сарын 13, 14-ний өдрүүдэд Гонконг улсад болох ба манай улсын 10 тамирчин оролцохоор бэлтгэлээ базааж буй юм байна.

х

Б.Бэхи

   
Shuud.mn
Сонин хачин
zochin :
оюун ухаан гэдэг ямар ч эд баялагаас шvv залуусаа дэмжицгээе монголын тvvхийг та нар бичнэ баярлалаа залуусаа
2014-09-01
зочин:
тэмцээнд амжилттай оролцож монголын нэрийг дэлхийд дуурсгаж байгаа залуу тамирчиддаа цаашдын өндөр, амжилт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. харин эдгээр тамирчдыг төр засгаас урамшуулан дэмжиж, алдаршуулж баймаар юм
2014-09-01