ДСБА-ийн тэргүүн айлчлал хийнэ
2014-09-19

Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциацийн тэргүүн, БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин Бүк  энэ сарын 19-23-ны өдрүүдэд манай улсад албан ёсны айлчлал хийнэ. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциаци нь Ази, Европ, Африк, Австралийн сонгуулийн байгууллагууд түүнчлэн сонгуулийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг EISA, EFES, IDEA зэрэг олон улсын байгууллагуудыг эгнээндээ нэгтгэсэн томоохон байгууллага юм.

1

Дэлхийн 120 улсын сонгуулийн байгууллагуудын 400 гаруй төлөөлөгч оролцсон тус ассоциацийн нээлтийн ассамблейгаас анхны тэргүүнээр нь БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга Ли Ин Бүк сонгогдсон байна. Дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциаци нь сонгуулийн тогтвортой ардчилал, улс орнуудад чөлөөт, шударга, ардчилсан сонгуулийн системийг тогтоох, төлөвшүүлэх, сонгуулийн талаарх мэдлэг, мэдээлэл, туршлага хуваалцах, боловсрол, сургалтаар дамжуулан сонгуулийн байгууллагад ажиллагсдын чадавхийг дээшлүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

1

БНСУ-ын Үндэсний сонгуулийн комиссын дарга ноён Ли Ин Бүк Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэнгийн урилгаар манай оронд албан ёсоор айлчлахдаа дэлхийн сонгуулийн байгууллагуудын ассоциаци  болон БНСУ-ын Үндэсний сонгуулийн комисс Монгол Улсын Сонгуулийн төв байгууллагатай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг улам хөгжүүлэх чиглэлээр ярилцаж, хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурна гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин