Сүүлийн найман жилд эмэгтэйчүүдийн оролцоо 4-5-хан хувьтай байжээ
2011-12-19

Улс төрийн хүрээнд Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулиар тогтоосон үндсэн квот бол “Улс төрийн намын өөрийн төлөөллийн төв болон орон нутгийн байгууллагын бүрэлдэхүүнд аль нэг хүйсийн төлөөлөл 25 хувиас доошгүй байх” гэсэн заалттай байдаг аж. Гэтэл манай УИХ дахь эмэгтэйчүүдийн оролцоо энэ заалтаас дэндүү хол, нэг ёсондоо үүргийг эмэгтэйчүүдтэй хамт, харин эрхийг эрчүүд эдэлнэ гэснээс өөрцгүй. Тухайлбал, УИХ дахь эрэгтэй, эмэгтэй улстөрчийн харьцаа 2004 оны сонгуульд 71:5, 2008 онд 73:3 байсан. Өөрөөр хэлбэл сүүлийн найман жилийн хугацаанд эмэгтэйчүүдийн оролцоо 4-5-хан хувьтай байсан. Сүүлийн 20 жилд Ерөнхийлөгчийн сонгуулийг дөрвөн удаа зохион байгуулсан. Гэтэл эмэгтэй нэр дэвшигч хэзээ ч өрсөлдөж байсангүй. Тэр ч байтугай Ерөнхий сайдыг 11 удаа томилоход бүсгүй хүний нэр ч дуулдаж байсан удаагүй байх юм. Цаашилбал, УИХ-ын даргыг долоон удаа томилсон гэсэн тоо байдаг. Мөн л “Эрчүүдийн ажил” гэж үзээд ядаж кандидатаар ч дэвшүүлж байсан удаагүй. Өнөөдөр хамтарсан Засгийн газрын 14 сайдаас нэг нь эмэгтэй. Ганц эмэгтэйдээ тэгэхээс тэгэх гэж Нийгэм хамгааллын салбарыг л оноожээ. Харин дэд сайдын албан тушаалыг азаар хүртсэн дөрвөн эмэгтэй буй. Хамтарсан Засгийн газар гэдэг энэ их айлд Төрийн нарийн бичгийн дарга гэдэг албанд 11 эр ажилладаг. Засгийн газрын агентлагийн түвшинд 42 хүн ажилладагаас 40 нь эрэгтэй, хоёр нь эмэгтэй. Аймаг, нийслэлийн 22 Засаг дарга бүгд эрэгтэй. Сум дүүргийн түвшинд 332 эрэгтэй, зургаан эмэгтэй, Засаг даргын орлогч 363 хүнээс 356 нь эрэгтэй, долоо нь эмэгтэй. Монголбанкны 90 шахам жилийн түүхэнд эмэгтэй ерөнхийлөгч сонгогдож байсан удаагүй. Авлигатай тэмцэх газрын дарга зэрэг албанд гол горьдохын ч хэрэггүй бололтой. Ингээд тоочоод байвал төрийн хамаг ажлыг эрчүүд үүрч явдаг мэт харагдана. Гэтэл үйлчилгээний албан хаагчдын 71,7 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Дээхнэ үед энэ байдлыг шүүмжилж “Элбэг дээл” гэдэг кино гарч байв. Өнөөдөр ч дээл нь томдсон эрчүүд олон харагдах болж. Гэгээлгээр мөрөөдье. Бүсгүйчүүд ээ. 2014 онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд бүсгүйчүүдээ сойж үзье. Тэр урт шар дээлийг чинь эмэгтэй хүн намируулаад гунхаж явж болдоггүй юм уу. Бид намчирхахгүйгээр, хүйс нэгтнийхээ төлөө нэгдэж чадна. Харин ч хов, хор хоёрт живсэн эрчүүдийг ялахад амархан бус уу. Ерөнхий сайдад ч гэсэн эмэгтэйчүүдээ зүтгүүлээд үзэх хэрэгтэй. Хатуу үг сонсоод, хоолой нь зангирдаг эрчүүдийг бодвол халуунд халж, хүйтэнд хөрж сурсан монгол бүсгүйчүүд улс төрийн хат байтугай амьдралын хатаараа дэлхийд өрсөлдөх цаг хэдийнэ ирсэн. Хонконгийн хөрөнгийн биржид хуулийн зөвлөхөөр ажилладаг Б.Амарзаяа гэдэг бүсгүй бий. Түүнтэй уулзсан манай улстөрчид атаархсандаа хөлс нь чийхарч, албан тушаалыг нь булаагаад авчихмаар санагдаж байснаа нуулгүй ярьж байсан удаатай. Дэлхийн хамгийн үнэтэй албан тасалгаанд, үлэмж хэмжээний цалин авч амжилттай ажиллаж буй тэр эмэгтэй бидний нэг шүү дээ. Айгаагүй л бол хуулиар бүү хориг тавиарай, эрчүүд ээ. Шударгаар өрсөлдье. Эрчүүд нүүрний арьсаа татуулж сонгуульд өрсөлддөг бол хүүхнүүд мэдлэгээр, бодлогоор өрсөлддөг юм.  
Shuud.mn
Сонин хачин