Хөдөлмөрийн биржид бүртгүүлэгсдийн тоо 50 хувиар өсчээ
2011-12-20

“Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд ХХААХҮЯ, НХХЯ хамгийн идэвхтэй ажиллаж бусдыгаа хошуучилсан байна. Агентлагуудаас Жижиг, дунд үйлдвэрийн газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Авто замын газар, Мэргэжлийн боловсролын газар, Ойн газар шалгарчээ. Жилийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны салбар хороодоос Эрх зүйн болон Санхүүжилтийн хороо, нийгмийн түншлэгч байгууллагуудаас Улаанбаатар хотын Үйлдвэрчний эвлэлийн хороо, Дорноговь, Сэлэнгэ аймгийн Ажил олгогч эдийн холбоог сайн ажилласан гэж үнэлсэн байна. Түүнчлэн Сэлэнгэ, Завхан, Төв аймгийн  Засаг дарга, Эрдэс баялаг, эрчим хүчний яам, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яам, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга болон идэвх зүтгэлтэй ажилласан салбар хорооны нэр бүхий гишүүд шагнал хүртлээ. Дээрх яам, аймаг, байгууллага, хүмүүсийг шалгаруулахдаа жилийн ажлын хүрээнд хамгийн олон хүнийг байнгын ажлын байртай болгосон эсэх, хууль эрх зүй, санхүүжилт болон бусад асуудлыг шийдвэрлэхэд хэр идэвх зүтгэл гаргасан зэргийг нь гол үзүүлэлт болгосон байна. “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн ажлыг зохион байгуулах Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд 2011 оны 12 дугаар сарын 20-ны өдөр шагналыг нь гардуулж баяр хүргэлээ. Жилийн ажлын хүрээнд 72 мянга гаруй хүн байнгын ажлын байртай болсноос гадна хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль эрх зүйн орчинг шинэчлэн, ноос, ноолуур, орон сууцны салбар, орлого багатай өрх, иргэд, зорилтот бүлэгт чиглэсэн санхүүжилтийн олон эх үүсвэрийг шийдэн, бонд гаргах зэргээр дэмжиж, ажлын байраа хадгалсан аж ахуйн нэгжийг урамшуулах цогц арга хэмжээг төр, засгаас авч хэрэгжүүлсэн юм. Мөн Хөдөлмөрийн биржийн үйл ажиллагааг төлөвшүүлэх, ажилгүй иргэдийг бүртгэж, сургалтад хамруулах замаар ажилтай болгох, ажлын байр, сургалтын байгууллагыг холбох, судалгаа, мэдээллийн нэгдсэн систем бүрдүүлэх зэрэгт анхаарсан нь урт удаан хугацаанд, тогтвортой үр дүнгээ өгөх ажлын эхлэл боллоо  гэж Үндэсний хороо үзэж байна. Тухайлбал Хөдөлмөрийн биржид бүртгүүлж, ажил идэвхтэй хайж байгаа хүний тоо 50 хувиар өссөн нь жилийн ажлын нэг гол үр дүн юм. Бүртгэл, бодит судалгаа нь цаашид ямар арга хэмжээ авахаа тодотгоход чухал хувь нэмэртэй гэж хэлж болно. Үндэсний хорооны дарга, Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд хэлэхдээ “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-д бид 72 мянга гаруй хүнийг байнгын ажлын байртай болгож, тодорхой ахиц, үр дүнд хүрлээ. Цаашид энэ жилийн ажил үргэлжилнэ. Төр, нийгэм, хувийн хэвшлийн түншлэл амжилттай хэрэгжиж байна. Энэ жил тавьсан сууриа цаашид улам бэхжүүлэх, ялангуяа 2012 онд бага орлоготой иргэд, өрхийг дэмжихэд онцгойлон  анхаарах болно. Төр, засгаас ажил хийж, амьдрал ахуйгаа өөд нь татъя гэсэн иргэдээ бүх талаар дэмжинэ” гэлээ. Тэрээр мөн жилийн ажлыг сурталчилж, олон нийтэд хүргэхэд хэвлэл, мэдээллийн байгууллагуудын үүрэг их байсныг тэмдэглээд, талархал илэрхийлэв.
Shuud.mn
Сонин хачин