“Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт форум боллоо
2014-09-30

Монгол Улсын Шинжлэх ухааны академи, олон улс судлалын хүрээлэн, БНХАУ-ын Санхүү эдийн засгийн төв их сургууль хамтран “Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдэвт анхдугаар форумыг өнөөдөр Гадаад харилцааны яамны “Зөвшилцөл танхимд зохион байгууллаа. Энэхүү форумын дэмжигч байгууллагаар Монгол Улсын Гадаад харилцааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Монголын Хөрөнгийн бирж, Худалдаа хөгжлийн банк оролцож, хоёр орны эрдэмтэн судлаачдаас гадна холбогдох яам агентлаг, судалгаа, сургалт, банк санхүү, хэвлэл мэдээллийн байгууллагын 100 гаруй зочид төлөөлөгчид уригдан оролцов.

ы

Форумын нээлтэд Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат, ШУА-ийн Дэд ерөнхийлөгч, академич Т.Дорж, БНХАУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны худалдааны зөвлөх Сунь Вэйрэн нар баяр хүргэж үг хэлэв. Эдийн засгийн хөгжлийн Дэд сайд О.Чулуунбат нээж хэлсэн үгэндээ “Монгол Хятадын мөнгө, банк, санхүүгийн хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин тэлж буй бөгөөд бид өмнөд хөршийн асар том зах зээл, мөнгө, санхүүгийн потенциалыг өөрийн орны хөгжилдөө зүй зохистой ашиглах хэрэгтэй байгаа”-г тэмдэглэн хэлсэн бол академич Т.Дорж “Монгол-Хятадын харилцаа олон салбарыг хамран өргөжин тэлэхийн хэрээр эрдэмтэн судлаачдын гүйцэтгэх үүрэг өсөн нэмэгдэж буй”-г онцлон тэмдэглэлээ. Зөвлөх Сунь Вэйрэн БНХАУ-ын дарга Си Зиньпиний Монгол Улсад хийсэн айлчлалын үеэр хоёр орны удирдагчдын үзэглэсэн “Монгол Улс, БНХАУ-ын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал”-д санхүүгийн хамтын ажиллагааг хоёр орны харилцаа хамтын ажиллагааны гол гурван чиглэлийн нэг болохыг нотолсныг дурдаад анхдугаар форумын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

ы

Хурлын үеэр ШУА-ийн Дэд ерөнхийлөгч Т.Дорж, ШУА-ийн Орлогч дарга Ц.Даваадорж нар “Монгол Хятадын эдийн засгийн харилцааны өнөөгийн байдал хэтийн төлвийн тухай” сэдвээр, Санхүү эдийн засгийн төв их сургуулийн Банк санхүүгийн сургуулийн захирал, эдийн засгийн ухааны доктор, профессор Жан Лицин “Дэлхийн нөөцийн систем дэх шинэчлэл ба юаний интернационалчлал” сэдвээр, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Б.Мэдрээ “Худалдаа хөгжлийн банк Хятадын банкуудтай хийж буй хамтын ажиллагаа” сэдвээр илтгэл хэлэлцүүлсэн бол Монгол Банкны Мөнгөний бодлого, судалгааны газрын ахлах эдийн засагч Б.Баярдаваа “Монгол Улсын мөнгөний бодлогын хэрэгжилт ба Монгол-Хятадын мөнгө санхүүгийн хамтын ажиллагаа” сэдвээр, Санхүү эдийн засгийн төв их сургуулийн Банк санхүүгийн сургууль, эдийн засгийн ухааны доктор, профессор Ин Жанюй “Хятадын хувьцааны зах зээлийн макро түвшннй хөгжлийн тухай эргэцүүлэх нь” зэрэг сэдвүүдээр сонирхолтой илтгэл тавьсан юм.

ы

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын гадаад худалдааны хамгийн том түнш хамгийн том хөрөнгө оруулагч болоод байгаа учир хоёр орны мөнгө санхүүгийн харилцаа, хамтын ажиллагаатай холбогдох олон чухал асуудлаар хоёр орны эрдэмтэн судлаачид, мэргэжилтнүүд санал солилцон хамтын ажиллагааны цаашдын боломжийн талаар өргөн хүрээнд хэлэлцүүллээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин