Гамшгаас хамгаалах өдөрлөг зохион байгууллаа
2014-10-03

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын гадаа талбайд “Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөг”-ийг ОБЕГ, НОБГ-аас зохион байгууллаа. Өдөрлөгт ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, онцгой байдлын хурандаа С.Залуухүү, НОБГ-ын дарга, онцгой байдлын хурандаа Л.Уламбаяр, Баянзүрх дүүргийн Засаг дарга, Онцгой комиссын дарга Д.Пүрэвдаваа болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

ө

Гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх өдөрлөгийн үеэр гал гарсан тохиолдолд аврагчид хэрхэн ажилладаг болон иргэд амь насаа хэрхэн хамгаалах талаар үзүүлэх сургалтыг хийсэн. Мөн газар хөдлөлтийн үеийн доргилтын чичиргээг өдөрлөгт оролцсон иргэдэд мэдрүүлж, шатсан авто машинаас иргэнийг хэрхэн аварч, яаж ажилладаг талаар үзүүлэх сургалтыг хийснээрээ энэ удаагийн өдөрлөг онцлог байв. Өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга С.Залуухүү “Гал гарах үндсэн шалтгаан иргэдийн хайхрамжгүй, санамсар болгоомжгүй байдал болоод байна. Ер нь 10 гал тутмын долоо нь айлын орон гэр байшинд гарч байгаа. 2013 онд 600 гаруй гал гарсан эдгээрийн 500 орчим нь иргэд үнс нурмаа замбараагүй задгай асгасанаас үүдсэн байгаа. Тиймээс иргэдийгээ анхаарал болгоомжтой байж хүйтний улирал эхэлж байгаа энэ үед үнс нурмаа ил задгай асгахгүй байхыг анхааруулж байна” гэлээ.

ө

Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газрын даргын 241 дүгээр тушаалын дагуу гал түймэр ихээр гардаг Баянзүрх дүүргийн 5, 9, 14 дүгээр хороодод гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх хяналт шалгалт, сургалт сурталчилгааны ажлыг өнгөрөгч сарын 29-өөс энэ сарын 2-ныг хүртэл зохион байгуулаад байсан юм. Энэхүү өдрүүдэд зохион байгуулсан үйл ажиллагаагаар 3667 зөрчил илрүүлснээс 636 зөрчлийг газар дээр нь арилгуулан ажиллажээ. Мөн 4000 гаруй иргэнд гамшгаас хамгаалах тухай заавар зөвлөгөөг өгч 10200 орчим гарын авлага тараасан байна.

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин