Цахим гарцаар улсын хил нэвтрүүлж эхэллээ
2014-10-10

Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газар нь “Цахим засаг” үндэсний хөтөлбөр, Шинэчлэлийн Засгийн газрын “Төрийн түгжрэлгүй үйлчилгээ” зорилтыг хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллагын буцалтгүй тусламжаар Э-иммигрэйшн төслийн  цахим гарц буюу автомат шалган нэвтрүүлэх төхөөрөмжийг үйлчилгээндээ нэвтрүүллээ. Зорчигчдыг цахим гарцаар улсын хил нэвтрүүлэх нээлтийн ажиллагаа өнөөдөр Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудалд болж, цахим гарцаар анхны зорчигчийг хил нэвтрүүллээ. Нээлтэд Хууль зүйн дэд сайд Ц.Уугангэрэл, Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Б.Пүрэвдорж,   БНСУ-ын олон улсын хамтын ажиллагааны “Койка” байгууллага, төслийн гүйцэтгэгч Sysone компани болон албаны бусад төлөөлөл оролцлоо.

a

Энэхүү цахим гарц ашиглалтад орсноор хилийн боомтоор нэвтэрч буй зорчигчийн бүртгэл хяналтын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэх, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, шалган нэвтрүүлэх ажиллагааг хялбарчлах замаар иргэдэд төрийн үйлчилгээг илүү шуурхай хүргэх боломж бүрдэж байгаа аж. Цахим гарцаар Монгол Улсад орох, гарах эрхийн хүчин төгөлдөр баримт бичиг бүхий Монгол Улсын болон гадаад улсын иргэнийг биеийн давхцахгүй өгөгдөл болох хурууны хээ, нүүрний зургийн тоон мэдээллийг ашиглан улсын хил нэвтрүүлэх юм байна. Дээрх технологийн давуу тал нь хурууны хээний харьцуулалт дээр суурилах бөгөөд хурууны хээний давтагдашгүй шинж чанарыг тусгай програмын тусламжтайгаар тоон өгөгдөхүүнд шилжүүлдэг онцлогтой юм байна. Хурууны хээний тоон хэлбэрт шилжсэн мэдээллийг өөр зориулалтаар ашиглах боломжгүй бөгөөд мэдээллийн санд тухайн зорчигчийн хурууны хээний зурган мэдээлэл хадгалагддаггүй тул  аюулгүй байдал бүрэн хангагдсан ажээ. Монгол улсын хил гаалын гарцыг олон улсын хэмжээнд хүргэсэн энэхүү төслийн хүрээнд  “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал дахь Буянт-Ухаа боомтын гарах, орох  чиглэлд тус бүр хоёр цахим гарцын төхөөрөмж байршуулсан  байна.

s

Энэ талаар Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газрын дарга Л.Пүрэвдоржоос тодруулахад “Өнөөдөртөө офлайн түвшинд ажиллаж байгаа учраас нэг минутын орчимд  зорчигч өөрийн хурууны хээ, цээж зураг, гадаад паспорт, иргэний үнэмлэх эсвэл оршин суух үнэмлэхний мэдээллийг урьдчилан бүртгүүлж уг гарцаар үйлчлүүлэх эрхтэй болно. Бүртгэлд хамрагдаж цахим гарцаар үйлчлүүлэх эрхтэй болсон зорчигч нь Монгол Улсын хилээр нэвтрэх үедээ дунджаар 14-18 секундыг хилийн шалган нэвтрүүлэх үйл ажиллагаанд зарцуулах юм.өнөөдрийнхөө нүүрний зураг программд бүртгүүлснээр цахим гарцаар паспорт, хурууны хээгээ уншуулаад, зургаа авахуулаад л болно. Одоогоор зөвхөн Монгол Улсын хилээр гарч байгаа иргэдийг улсын хилээр нэвтрэхэд цаг хугацаа хэмнэсэн, чирэгдэлгүй үйлчилгээ үзүүлэх зорилгоор энэхүү цахим гарцыг нээж байна. Энэхүү цахим гарц нээгдсэнээр иргэд хуурамч бичиг баримтаар хилийн дээс алхахыг завддаг үзэгдэл арилах юм. Иргэд хүсвэл цахим гарцаар зорчиж болно. Цахим гарцаар хил нэвтэрч байгаа тохиолдолд зорчигчын гадаад паспорт дээр Монгол Улсаас гарч, орсныг батлах тамга дарагдахгүй бөгөөд автоматаар мэдээллийн санд бүртгэгдээд явах аж.

a

Хэрэв хүсэхгүй гэвэл жирийн гарцаар хил нэвтэрч болно. Нэг шалгагч уламжлалт аргаар нэг хүнийг шалгаж байх хооронд цахим гарц маань 6 хүн нэвтрүүлэх боломжтой гэсэн үг. Хэрвээ өдөр тутам нэвтэрдэг хүн бол ойролцоогоор 10 секундэд нэвтрэнэ гэвэл 8 хүн  нэвтэрнэ. Ингэж цаг хугацаа хэмнэснээр бид өөрсдийн боловсон хүчнийг бусад үйл ажиллагаанд алба хаагчдаа оролцуулах юм. Өнөөдөр гарах хоёр, орох хоёр гарц маань Койка олон улсын хамтын ажиллагааны байгууллагын 900 орчим сая төгрөгийн буцалтгүй тусламжийн хүрээнд хийгдсэн. Цаашдаа бид бүхэн улсын хилийн орц гарцууд дээр байгууллагын санхүүд дарамт учруулахгүйгээр хийнэ. Тухайлбал, Гашуун сухайтын боомт дээр Эрдэнэс таван толгой, Энержи ресурс зэрэг компаниуд дээр компанийн хөрөнгө оруулалтаар жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрэх тоног төхөөрөмж суурилуулсан байгаа. Цаашдаа Шивээ хүрэнгийн боомт дээр болон Бичигт, Баянхошууны боомт дээр жолооч нар хурууны хээгээр хил нэвтэрдэг төхөөрөмж сууриуулах юм. Ингэснээр компани аж ахуйн нэгжүүд хамтраад улсын төсвөөр хийгддэг 3 тэрбум төгрөгийн ажлыг өөрсдийн боломжоор харилцан ашигтай хийж байна гэсэн үг” гэлээ. 

a

a

П.Нарандэлгэр

Shuud.mn
Сонин хачин
bold:
mongol ulsaar garj orj bga buh hunii medeelel solongoschuudiin gart orloo gej
2014-10-11
ганаа:
өөр улсад нисээд очдог. гэтэл хаанаас хэзээ гарч ирсэн нь тодорхой бус гээд бариад хорих юм биш биз. манай 2 хөрш ч чанга даа.
2014-10-11
amgaa:
mash sain baina, ulam togoldorjuuleh heregtei shuu!
2014-10-10