Монголын хөрөнгийн бирж компаниудад даалгавар өгөв
2011-12-21

“Компанийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй нийт хувьцаат компаниуд болон Биржийн гишүүн брокер, дилерийн компаниуд дараах арга хэмжээнүүдийг авч ажиллах шаардлагатай болоод байна. Компанийн Төлөөлөн Удирдах Зөвлөл /байхгүй бол гүйцэтгэх удирдлага/ нь санхүүгийн жил дууссанаас хойш дөрвөн сарын дотор 2012 оны хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлыг зарлан хуралдуулах ба уг хурлаар компанийн жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, дүгнэлтийг хэлэлцэхээс гадна хуульд орсон өөрчлөлттэй холбоотой зайлшгүй хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийвэрлэх нь зүйтэй аж.  Хэрэв уг арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй тохиолдолд Төлөөлөн Удирдах Зөвлөлийн хурал хуралдуулахаас бусад бүрэн эрх дуусгавар болохыг Монголын хөрөнгийн биржээс анхааруулжээ. Санхүүгийн жил дууссанаас хойш 50 хоногийн дотор ногдол ашиг хуваарилах эсэх талаар ТУЗ нь хэлэлцэн шийдвэрлэх бөгөөд гаргасан шийдвэрийг хувьцаа эзэмшигчдийн хуралд мэдэгдэх шаардлагатай юм. Түүнчлэн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурлаар Компанийн засаглалтай холбоотой дотоод дүрэм, журмуудыг хуульд нийцүүлэн шинэчлэн батлах нь зүйтэй юм байна.  Дээрх хуулийн 75.4-т заасны дагуу Хувьцаа эзэмшигчдийн хурлаар ТУЗ-ийн гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувьтай тэнцэх хараат бус гишүүдийг сонгох ба ТУЗ-ийн гишүүд болон ТУЗ-ийн нарийн бичгийн дарга нь компанийн засаглалын чиглэлээр сургалтанд хамрагдаж, гэрчилгээ авсан байх шаардлагатай. Хэрэв хараат бус гишүүдийг хуульд нийцүүлэн сонгоогүй тохиолдолд тухайн компанийн ТУЗ-ийг бүрэн эрхээ хэрэгжүүлэх чадваргүйд тооцох аж. Хувьцаат компанийн хувьд ТУЗ нь цалин, урамшууллын, аудитын, нэр дэвшүүлэх зэрэг тодорхой асуудал эрхэлсэн дэд хороодыг байгуулах шаардлагатай юм. Түүнчлэн нийт компаниуд Компанийн дүрмээ хууль /шинэчилсэн найруулга/-д нийцүүлэн өөрчилж, компанийн дүрэмд оруулсан өөрчлөлтийг  2012 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн дотор  улсын бүртгэлд бүртгүүлэх ба хэрэв хуулийн хэм хэмжээнд компанийн дүрмийг нийцүүлэн өөрчлөөгүй бол тухайн компанийн хувьцаа эзэмшигч нь компанийн дүрмийг өөрчлөхийг шаардах, энэ тухай шийдвэр гаргуулахаар шүүхэд хандах эрхтэй. Тиймээс Монголын Хөрөнгийн Биржид бүртгэлтэй хувьцаат компаниуд болон биржийн гишүүн байгууллагуудын хувьд 2012 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар дээрх асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэж, хурлаас гарсан шийдвэр, баримт материалыг тогтоосон хугацаанд Монголын Хөрөнгийн Биржид ирүүлэхийг мэдэгджээ.    
Shuud.mn
Сонин хачин