Хоногийн хоолноос хумслах хямрал
2014-11-21

Эдийн засгийн хямрал гэж оройн хоолны мах цөөрөхийг хэлнэ. Экспорт, импорт, зээлжих зэрэглэл, гадаадын хөрөнгө оруулалт, инфляци энэ тэр эдийн засгийн элдэв хэмжигдэхүүнийг энгийн иргэн “амьдрал хүндэрч байна” гэсэн ганцхан үгээр л тодорхойлчихно. Эдийн засгийн огцом өсөлтөөр 500 мянга, 21 мянга, 70 мянга гээд цацаж цацаж цамаан зангаасаа болж өнөөдөр байнд ч үгүй, банзанд ч үгүй болсон монголчууд одоо мөнгөтэй болох гэж энд тэндээс бадар барьсаар. Дээхнэ үед юмтай хэрнээ арчаа муутай айлыг “гаднахаа гэртээ, гэрдэхээ гэдсэндээ хийж чадахгүй” хэмээн их ёозгүйгээр хэлдэгсэн. Манай улс өнөөдөр яг л ийм байдалтай байна. Их хааныхаа нэрээр овоо хэдэн юм оруулж ирсэн ч овойж оцойгоод гарт баригдах юм одоохондоо алга. Гэвч ард иргэдийн хэтэвчин дэх хэд нимгэрсээр. Гэхдээ энд бүгдийг нь хамруулж болохгүй. Эдийн засгийн хүндрэл байтугай сүйрэл болж байсан ч мэдрэхгүй хэсэг манайд бий. 2013 онд хүн амын хамгийн чинээлэг 20 хувийн хэрэглээ нь нийт хүн амын 60 хувийг эзэлж, орлого багатай бүлгийн хэрэглээнээс хэд дахин илүү байсан. Тухайн үед хамгийн өндөр орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээ хамгийн бага орлоготой нэг хүний сарын дундаж хэрэглээнээс бараг 10 дахин өндөр гарч байж. Аливаа улс орны эдийн засаг нь тогтвортой, аж амьдрал нь амар тайван байхын гол үндэс нь дунд давхаргынхан байдаг. Дунд давхаргынхан хамгийн их баялгийг бүтээж, хамгийн бага тархиа угаалгадаг нэг ёсондоо ул суурьтай, эрүүл ухаантай хэсгийнхэн. Гэвч Монгол улсын төр засгийнхан өөрсдөө дээд давхаргадаа харьяалагдаж дунд давхаргынхнаа доошоо унагах бодлого явуулж байна. Дунд давхарга бол ажилтай орлоготой олонх байх ёстой. Эдийн засгийн хямралын үед иргэд ажилтай байх нь л хамгийн чухал. Бага цалинтай байсан ч хамаагүй ажилтай байх нь эдийн засгийн хямралыг давж гарах нэг арга. Гэтэл өнгөрсөн жил улсын хэмжээнд бүртгэлтэй 99.603 аж ахуйн нэгжээс 4.4681 буюу 44.8 хувь нь үйл ажиллагаа явуулаагүйгээс ажилгүй, орлогогүй иргэдийн тоо өссөн. Шинээр бүртгүүлсэн ажилгүй иргэдийн тоо 78 хувиар, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 11.5 хувиар нэмэгдсэн байсан. Харин одоо энэ тоо огцом ахиж байна. Энэ намрын байдлаар 26 мянган компани дампуурсан албан бус мэдээн дээр 47 мянган аж ахуйн нэгж 0 тайлан гаргасан дүн байна. Үүний цаана хэчнээн хүн ажилгүй болоо бол... Үүний үр нөлөө тамгатай таксиний жолооч гудамжаар нэг болчихож. Компани дампуурсан тул хүмүүсээ тараачихаад таксинд л явж байх шив дээ гэсэн хүмүүстэй олон таарах боллоо. Хүнээсээ олон гар утастай, өрхөөсөө олон машинтай халгиж цалгиж байсан хэт хэрэглээнийхээ төлөөсийг өнөөдөр бэлэн мөнгөгүйн зовлонгоор төлөх болов. Энэ олон утас, машины мөнгө нарийндаа яривал гадагшаа урсаад одсон. Дамжуулсан ченжүүдийн гар дээр үлдсэн хэд гурвыг эс тооцвол хүний л юм байж.

ө

Хямралын шуурганд өртөх хэсэг

ө

Эдийн засгийн хямрал орлого ашигтай цөөнхөд биш цалин, тэтгэвэрээс өөр бусад орлогогүй хэсэгт хүнд тусна. Нэйшнл лайф судалгааны байгууллагаас саяхан хийсэн судалгаагаар нийт өрхийн 46 хувийн орлого нь амьдралд хүрэлцэхгүй байгаа талаар хэлжээ. Харин 39 хувь нь заримдаа хүрэлцдэггүй гэсэн байна. Дөнгөж 15 хувь нь л хүрэлцдэг гэж хариулжээ. Эдийн засгийн хямрал энэ чигээрээ цаашаа үргэлжилвэл энэ 39 хувь “үргэлж” гэж хариулахаар болно гэвэл муу ёрлосон болохгүй. Стратегийн академи гэдэг газраас явуулсан судалгаагаар судалгаанд оролцсон иргэдийн 29 хувь нь ажлын байр олддогггүй, 32 хувь нь олдсон ч танил тал, авлигаар ордог, 8.5 хувийн бизнес нь хаагдсан, 6.1 хувь нь ажлын байраа алдсан гэж хариулсан байна. Мөн уг байгууллагын судалгаанд оролцогчдын 38.1 хувь нь сүүлийн нэг жилд миний амьдралын амьжиргааны түвшин буурсан гэж хариулжээ. Иргэдийн амьдралын түвшин буурсан шалтгааны 40 гаруй хувь нь үнийн өсөлтөөс, 30-аад хувь нь ажилгүйдэл, орлого багассан нь нөлөөлсөн нь харагдаж байна. Эдийн засгийн хямрал захын дэлгүүрүүдэд зарагдах оройн хоолны махны савлагаа улам жижгэрч, ломбардаар үйлчлүүлэгчдийн тоо эрс өсч байгаагаас харагдана. Өдөр тутмынх нь амьдралын өртөг хүрэлцэхээ байгаад ирэхээр хүмүүс эхлээд өөрөөсөө зээлдэг. Харин өөрөөсөө зээлэх юмгүй болоод ирэхээр хаачих вэ? Нэйшнл лайф даатгалын байгууллагын судалгаагаар илүү мөнгөний хэрэгцээ гарвал 42 хувь нь ямар нэгэн зээл авдаг, 34 хувь нь таньдаг хүнээсээ зээлдэг, 12 хувь нь ломбард ашигладаг, 10 хувь нь хуримтлалаа ашигладаг, хоёр хувь нь эд хөрөнгөнөөсөө худалддаг гэжээ. Банкууд өндөр хүүгийн босго тавиад ажил нь цалингаа өгч чадахгүйд хүрч байхад банкнаас зээл авах нь баргийн хүн барахгүй даваа болно. Монголчууд ихэнхдээ санхүүгийн сахилга батгүйн дээр манай амьжиргааны түвшин хуримтлал үүсгэхэд таатай биш. Ийм нөхцөлд эдийн засгийн хямрал иргэдийн санхүүгийн байдалд хэт эмзэгээр тусна. Хэврэг санхүүтэй иргэдийн амьжиргаанд эдийн засгийн хямрал удаан үргэлжилвэл тэсэхгүй. Хоногийн хоолоо аргалаад болох ч гэнэтийн зайлшгүй хэрэгцээ үргэлж гарна. Хуримтлал гэгч энэ л үед хэрэгтэй ч амьжиргааны доод түвшин 149 мянган төгрөгт эргэлдэж, ядуурлын түвшин 30 орчим хувийг зааж байхад юун хуримтлал манатай. Эдийн засгаа хэзээ, хэрхэн өөд нь татахыг итгэн хүлээгсэд төр засгийнхаа зүг саравчлахын наагуур ширтсээр байгаа ч тэндээс өдийг хүртэл дорвитой ямар ч шийдвэр гарсангүй. Тэр хооронд дунд давхаргын доороос дөнгөн данган зүүгдэж байсан хэчнээн өрх доошоо унаж явааг бүү мэд. Удалгүй шинэ жил гэж бие биеэ шагнан хөөрцөглөөд, он гарангуут Чингис бондынхоо өрөнд дарагдана. Дөчөөр яригдах тэрбумын алдагдалтай төсөвтэй, царцсан барилгууд, зогссон уурхайтай шинэ Ерөнхий сайдад одоо дэлгэх хөзөр байгаа эсэх нь эргэлзээтэй. Тэгсгээд удахгүй сонгууль гэж бужигнаад эдийн засгийн хямралаас гарч оройн хоолныхоо найрлагыг нэмэгдүүлэх итгэл үнэндээ мөд харагдахгүй байна.

ө

Уг нь ийм үед хүндрэлд дүн шинжилгээ хийж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын талаар арга хэмжээ авах шаардлагатай. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах хөтөлбөр төлөвлөгөөг хэрэгжүүлэх, ажлын байруудыг хамгаалах бодлого явуулах гээд олон ажил байгаа ч засгийн зүгээс олон нийтийг бүсээ чанга бүслэхийг уриалж байгаа нь дэндүү шударга бус явдал. Төсвөө батлахдаа хэдэн яамд, зөвлөхийг цөөлөх төдийхнөөр нэр хэмээсэн ч төрийн нийт занхайсан зардал, хэтийдсэн хэрэглээ, данхайсан бүтцийг цэгцлэх талаар юу ч хийсэнгүй. НӨАТ-т төлсөн татварын тодорхой хувийг буцаан олгох, төгрөгийн ханшийг хамгаалах, төрийн тансаг байдлыг алга болгох, ажилчдын цалингаас гадна орлогын шинэ эх үүсвэрийг бий болгох зэрэг тодорхой бодлогуудыг санал болгож байгаа олон нийт тэдний байгууллагын дуу хоолойг сонсох хүсэл тэдэнд алга. Зөвхөн хөөрцөглөсөн уриа лоозон, төсөл хөтөлбөрийн сүржин нэр, эдийн засгийн эрээн тоогоор олныг хуурч анхаарлыг нь өөр зүгт хандуулах л сонирхол байна. Үлдсэн энэ хоёр жилд улсын удирдлагууд дараагийн дөрвөн жилд тогтож үлдэх, сандал ширээнийхээ чансааг ахиулахад л хамаг анхаарал, ухаан бодлоо төвлөрүүлж байгааг олон нийт дүлий, сохор биш учраас харж, сонсч байгаа. Улс төрийн хямралаас үүдэлтэй эдийн засгийн хямрал нь үнэн юм бол хэргийн эзэд алдаагаа засмаар цаг болсон баймаар. Төр засаг солигдож, холигдож шоудаж байх хооронд эдийн засаг суларсаар оройн хоолны мах тоолохоор цөөрсөөр...

м

 А.Нинжин

х

Эх сурвалж: Үндэсний тойм сэтгүүл

Shuud.mn
Сонин хачин
hicheeye:
heden maliinha huchind mgl chuud olsohgui garah arga bg da aman hishig ihtei ard tumen shu door burnee hicheen ajlii minii mgl-n ard tumeen...
2014-11-23