П.Цагаан “ЕвроАзийн долоо хоног"-т оролцов
2014-11-28

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан Парис хотноо төвтэй Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллагаас 2014 оны 10 дугаар сарын 24-27-ны өдрүүдэд зохион байгуулж буй “ЕвроАзийн долоо хоног-ЕвроАзийн бүсийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх нь” сэдэвт олон улсын хуралд оролцов. Олон улсын Эдийн засгийн хөгжил, хамтын ажиллагааны байгууллага нь дэлхийн эдийн засаг, нийгмийн хөгжлийн бэрхшээлтэй асуудлыг тодорхойлж, тэдгээрийг шийдвэрлэх бодлого боловсруулах гол зорилготой бөгөөд энэхүү хуралд гишүүн 34 орон, Зүүн Европ, Төв Азийн 13 орны өндөр хэмжээний төлөөлөгчид, түүнчлэн олон улсын томоохон аж ахуйн нэгжүүд оролцлоо. 2008 оноос хэрэгжүүлж буй ЕвроАзийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх хөтөлбөрт Төв Азиас Афганистан, Казахстан, Киргиз, Монгол, Тажикстан, Туркменистан, Узбекистан, Зүүн Европоос Армени, Азербайжан, Беларусь, Гүрж, Молдав, Украин улсууд хамрагдаад байна.

х

ЕвроАзийн бүс нутагт бизнес эрхлэх боломжууд сэдэвт бизнес форумд Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга П.Цагаан Монгол Улсын Эдийн засгийн өрсөлдөх чадвар, эдийн засгийг төрөлжүүлэх бодлого, бэрхшээл сургамж сэдвээр илтгэл танилцуулж, ЕвроАзийн өрсөлдөх чадвар сэдэвт дугуй ширээний хуралдаанд төрийн байгууллагын худалдан авах үйл ажиллагаа, энэ чиглэлд Монгол Улсын хэрэгжүүлж буй санаачлага, туршлагын талаар танилцуулав.

Мөн уг хурлын үеэр тус байгууллагын Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Маркос Бонтури, ЕвроАзийн өрсөлдөх чадварын хөтөлбөрийн захирал Антонио Сомма нартай хоёр талын уулзалт хийж, Монгол Улс 1990 оноос эхлүүлсэн улс төрийн болон эдийн засгийн өөрчлөлтийг амжилттай хэрэгжүүлэхэд Олон улсын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын туршлага, туслалцаа чухал ач холбогдолтой байсныг онцолж, цаашид уул уурхайн салбарын тогтвортой өрсөлдөх чадварыг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн харилцаа, түншлэлийг бэхжүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөгжлийн бодлого тодорхойлох гэсэн дөрвөн төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй буйгаа илэрхийлэв.

Shuud.mn
Сонин хачин