Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгчтэй уулзлаа
2011-01-26

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон Улсын Олимпийн Хорооны Ерөнхийлөгч Жак Рогге-г өнөөдөр хүлээн авч уулзлаа. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уулзалтын эхэнд дэлхийн хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпийн наадмаар бахархаж байдгаа хэлээд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд спортыг хөгжүүлж, тамирчдыг дэмжих талаар байнга анхаарч дэмжлэг туслалцаа үзүүлдгээ дурдлаа.

“2009 оны Бээжингийн олимпоос манай тамирчид анх удаа алтан медаль авч, мөнгө хүрэл медалуудын тоогоо нэмлээ. Энэ амжилт араасаа спортоор хичээллэж, алдартай тамирчин болохыг мөрөөдсөн бүхэл бүтэн шинэ үеийг дагуулж байна. Спортын клубуудын тоо нэмэгдэж, хүүхэд залуучууд олимпийн аваргуудыг бахархах үлгэр дуурайллаа болгож байна.

Монголчууд бол олон зуун жилийн өмнөөс морь уралдуулж, бөх барилдаж, нум сумаар харваж ирсэн уламжлалтай учраас эдгээр үндэсний спортоор Олимпийн наадамд амжилт үзүүлэх боломжтой.

Улс үндэстэн, хүн төрөлхтөн том  хүсэл эрмэлзэлтэй, том зорилготой байх ёстой.  Тэр хүсэл эрмэлзлийнхээ төлөө чармайж тэмүүлдэг байх нь хөгжилд хөтлөх нэг хүчин зүйл юм. Энэ үзэл санааны үүднээс  Олимпийн наадмуудыг Монгол Улсдаа зохион байгуулах хүсэл бидэнд байдаг.  2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимийн наадмууд Улаанбаатарт зохион байгуулагдаасай гэж бид хүсч байна” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ярилаа.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге Монгол Улсын тамирчид удаа дараагийн Олимпийн наадмуудад амжилттай оролцож, медаль авсанд баяр хүргээд ОУОХ,  Монголын Үндэсний Олимпийн Хороотой хамтын ажиллагаагаа улам бүр өргөжүүлж байгааг дурдлаа.

“Эрхэм Ерөнхийлөгч Таны эх орондоо Олимпийн наадмуудыг зохион байгуулах хүсэл эрмэлзлийн төлөө баяр хүргэе. Монголчуудад том зорилт байгааг харж, бахархаж байна. Олимп зохион байгуулах эрх авахад урт удаан хугацаа, сайн бэлтгэл, өндөр зохион байгуулалт хэрэгтэй, түүндээ хүрэхийн төлөө улс орнууд тодорхой амжилтад хүрдэг билээ. Та бүхнийг амжилтад хүрнэ гэдэгт би итгэж байна.

Сүүлийн жилүүдэд Азийн улс орнууд, тэр дундаа Монгол орон зөвхөн эдийн засгийн хувьд төдийгүй, бусад бүх чиглэлд хөгжиж, ялангуяа спортод гайхалтай амжилт үзүүлж байгааг тэмдэглэн хэлмээр байна. Олимпийн наадмыг эх орондоо зохион байгуулах энэ хүсэл эрмэлзэл тань биднээс биш та бүхнээс өөрсдөөс тань хамаарах болно” хэмээн ноён Ж.Рогге ярив.

Энэ уулзалтын үеэр ОУОХ-ны “Олимпийн эв санааны сан”-аас хэрэгжүүлдэг хөтөлбөрийн хүрээнд монголын тамирчид, дасгалжуулагчдыг сургах хөтөлбөр амжилттай үргэлжилж байгаад талархаж байгаагаа МҮОХ-ны удирдлага илэрхийлсэн.

Тамирчдын эрүүл мэндийн асуудалд төрөөс анхаарч, биологийн судалгаа шинжилгээний ажилд тодорхой төсөв зарцуулж ахиц гарч байгаа талаар Эрүүл мэндийн сайд С.Ламбаа энэ үеэр хэлж байлаа.

Эдийн засгийн ахицтай өсөлтийн хэрээр бүх нийтийн биеийн тамир спортыг дэлгэрүүлэх, тамирчдыг өндөр хэмжээнд бэлтгэл сургуулилт хийх нөхцөл бололцоогоор хангах, Олимпод амжилт гаргасан тамирчдыг урамшуулах, томоохон спортын арга хэмжээнүүдийг зохион байгуулах боломжууд бий болж байгаа талаар уулзалтад оролцогсод санал солилцож байв.

ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге ирэх зун манай оронд айлчлах болсноо дахин нотолж, уг айлчлалын үеэр дахин уулзана хэмээн найдаж байгаагаа илэрхийллээ.

Тэрээр, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Байт харвааны спортын параолимпийн аварга , айлчлалын албан ёсны төлөөлөгч Д.Баатаржавт баяр хүргэв.

Уулзалтын төгсгөлд  2017 оны Зүүн Азийн Олимп, 2022 оны Азийн Олимп, 2040 оны Зуны Олимпийг Монгол Улсад зохион байгуулах талаар энэхүү уулзалтаар ярилцсанаа нотолж уг зорилтыг тэмдэглэсэн дурсамж бичигт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, ОУОХ-ны Ерөнхийлөгч Ж.Рогге нар гарын үсэг зурлаа.

Уулзалтад Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, МҮОХ-ны Ерөнхийлөгч Д.Загдсүрэн, МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Отгонцагаан, МҮОХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Ж.Хатанбаатар, МУ-ын Хөдөлмөрийн баатар, Байт харвааны спортын параолимпийн аварга Д.Баатаржав болон бусад төлөөлөгчид оролцов.

Уулзалт ШХУ-ны Лозанн хот дахь ОУОХ-ны байранд боллоо.

Дараа нь Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй монголын төлөөлөгчид Олимпийн музейг үзэж сонирхов.

Францын соён гэгээрүүлэгч Ж.П.Кубертин дэлхий дахинд энхтайван, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэх, үндэстэн хоорондын ойлголцлыг гүнзгийрүүлэх үзэл санааны үүднээс Олимпийн тоглолтыг сэргээх санаачилгыг 1894 онд гаргаснаас хойш өнөөдрийг хүртэл дээрх үзэл санааг тээгч нь Олимпийн наадам байсаар байна. Бүх түүхэн цаг хугацаандаа Олимпийн наадам хэрхэн хүн төрөлхтөний хөгжил дэвшилийн нүүр царай, эв найрамдлын билэг тэмдэг болж ирснийг энэхүү музей харуулдаг юм.

Shuud.mn
Сонин хачин