“Усны Жил”-ийн дүн гарлаа
2011-12-27

“2011 он-Усны Жил”-ийн хүрээнд хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнг БОАЖЯ-аас танилцууллаа. Усны жилийг зохион байгуулахад төрийн байгуулага 124, олон улсын байгууллага 14, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж 668, төрийн бус байгууллага 92 тус тус оролцсон байна. Жилийн ажлын төлөвлөгөөнд туссан болон жилийн хүрээнд зохион байгуулсан гол арга хэмжээний үр дүнг та бүхэнд товч мэдээлье.  Үүнд: Нэг. Усны нөөцийг хамгаалах, үр ашигтай ашиглах эрхзүйн орчны боловсронгуй болгох асуудлаар: - “Ус бохирдуулсны төлбөрийн тухай” анхдагч хуулийн төсөл, “Усны тухай” хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулж, “Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар батлууллаа. - “Ус ашиглалт, хэрэглээний норм, норматив”, “Бага хүчин чадлын цэвэрлэх байгууламжийн стандарт технологийн альбом”, “Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн нэр томьёоны стандарт”, “Цэвэр усны үнэ, хэрэглээнээс гарсан бохир  ус  татан зайлуулах үйлчилгээний төлбөрийг тогтоох аргачлал”-ыг боловсруулж, “Усны экологи эдийн засгийн үнэлгээ”-г Засгийн газраар шинэчлэн батлуулав. - “Газрын доорх усны нөөцийг хүлээн авах ангилал, зэрэглэл”-ийн төслийн тайланг хүлээн авч, Усны газрын Мэргэжлийн зөвлөл, БОАЖЯ-ны ШУТЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхэд бэлэн болгов. Энэ ажлын хүрээнд /Балгасын улаан нуур, Гүний хоолой, Галбын говь Шарын гол, Ховд аймгийн Манхан сумын хүн амын ус хангамжийн эх үүсвэрүүд болох газрын доорх усны орд газрууд/ орд газрын усны нөөцийг шинээр боловсруулсан аргачлал/ангиллын дагуу нөөцийг тооцож, үнэллээ. - Усны жилийн хүрээнд бүх аймаг өөрсдийн онцлогт тохирсон “Ус” дэд хөтөлбөрийг боловсруулж, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаараа батлуулсан байна. Хоёр. Ус хангамжийн эх үүсвэрийн эрүүл ахуй, хамгаалалтын бүсийн дэглэм мөрдүүлэх, гол, усны цэвэр аюулгүй байдлыг хангах асуудлаар: - Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн төвүүдийн ус хангамжийн эх үүсвэрт эрүүл ахуйн болон хамгаалалтын бүсийн дэглэмийг хэрхэн тогтоож мөрдүүлж байгаа болон ямар зөрчил, доголдол байгаа талаар судалгаа гарган дүгнэлт хийлээ. - Улаанбаатар хотын хүн амын ундны усны эх үүсвэрийн тэжээлийн дотоод, гадаад мужийг шинэчлэн тогтоож, тэмдэгжүүлсэн. - Өмнөговь, Дорноговь, Дундговь, Сүхбаатар аймгийн нутагт байрлах газрын доорх цэнгэг усны ордуудын тэжээгдлийн дотоод, гадаад мужийг тогтоож, тайланг Усны газрын Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүллээ. - Ус хангамжийн эх үүсвэр болох  газрын доорх усны 9 ордын онцгой хамгаалалтын бүсийг тэжээгдлийн саваар тогтоож, 12 ордыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа. Гурав. Гол мөрний урсацад тохируулга хийх, гадаргын усны хуримтлал бий болгож, ашиглах боломжтой төслүүдийг хэрэгжүүлж эхлэх асуудлаар: - Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэгдүүлэх “Туул усан цогцолбор” төслийн Техник эдийн засгийн үндэслэл боловсруулах урьдчилсан судалгаа хийгдлээ. - Орхонговь төслийн “Техник эдийн засгийн үндэслэл” боловсруулах ажлын Техникийн даалгаврыг боловсруулж баталгаажуулав. - Алтай хотын ус хангамжийг шийдвэрлэх “Тайшир-Алтай” төслийн ТЭЗҮ-ийг боловсруулав. - “Говийн бүсийн усан хангамжийг нэмэгдүүлэх” ажлын хүрээнд Орхоны усан цогцолбороос Өмнөд говийн бүс рүү ус татах байгууламж барих трассын дагууд Техник эдийн засгийн урьдчилсан судалгаа хийлгэв. - Туул-Сэлбийн хөгжил төслийн ТЭЗҮ-ийг боловсруулах ажлыг эхлүүлэв. - Хэнтий аймгийн Галшар сумын Долооны сайр, Өвөрхангай аймгийн Баян-Өндөр сумын Харзатын гол, Төв аймгийн Баянхангай сумын Урангийн хөндийд Сайдын төсвийн багцаас, НҮБХХ-ийн газрын санхүүжилтээр Төв аймгийн Бүрэн сумын Зүлэгтэй зэрэг 4 газарт усны хөв цөөрөм барьж Улсын комисст хүлээлгэн өгч, 5 газарт хөв цөөрөм барих бэлтгэлийг хангалаа. - Архангай, Булган аймагт 6 услалтын систем шинээр барих, нийслэлийн “Аюушийн ам”, Төв аймгийн “Бор нуур”-ын услалтын системийг засварлах ажлын зураг төслийг зохиож, услалтын системийн эдийн засгийн үр ашгийн шинжилгээ хийлгэв. - Улсын хэмжээний бүх услалтын системийн мэдээллийн нэгдсэн санг байгуулж, баяжуулалт хийх ажлыг дуусгав. - НҮБХХ-ийн санхүүжилтээр Хархираа-Түргэн болон Улз голын савд Усны менежментийг сайжруулахтай холбоотой 5.6 сая.ам долларын төсөл  эхлүүлэх бэлтгэлийг хангав. Дөрөв. Усны нөөц, горим, чанарын хяналт-шинжилгээний сүлжээг өргөжүүлэх асуудлаар: - "Гадаргын болон газрын доорх усны мониторингийн хөтөлбөр”-ийг боловсруулж дууслаа. - Улсын усны тоо бүртгэлийг улсын хэмжээнд зохион байгуулж, дүнг нэтгэж гаргалаа. - Увс, Дорноговь, Хөвсгөл, Хэнтий, Дундговь, Өмнөговь, Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрт газрын доорх усны хяналт шинжилгээний 14 цооног байгуулж, уг цооногийг байгуулахад шаардлагатай техник хэрэгсэл худалдан авч аймгуудын БОАЖГ-т хүлээлгэн өгөв. - Уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарт ус ашиглагч 82 аж ахуйн нэгж, байгууллагын судалгаа гаргаж Улсын усны мэдээллийн санд оруулав. - Цэвэр, бохир усны төвлөрсөн шугамаас холболттой гэрээт хэрэглэгчдийг 100 хувь. ОСНААУГ-ын харьяа орон сууцны компаниудын ус дулаан дамжуулах төвөөс усаар хангагддаг орон сууцны хэрэглэгчдийн 36 хувийг тоолууржуулсан байна. Тав. Гадаргын болон газрын доорх усны эх үүсвэр, нөөцийг тогтоох хайгуул судалгаа хийх асуудлаар: - Говьсүмбэр аймгийн Чойр, Архангай аймгийн Цэцэрлэг, Дундговь аймгийн Мандалговь, Өмнөговь аймгийн Даланзадгад хотуудын ус хангамжийн эх үүсвэрийн газрын доорх усны ордын ашиглалтын хайгуулын гидрогеологийн судалгаа хийв. - “Өмнөд говийн бүсийн Өмнөговь, Дундговь, Дорноговь, Говьсүмбэр аймгийн нутгийн газрын доорх усны нөөц, чанарын өнөөгийн төлөв байдлыг тогтоох судалгаа хийж, ус хангамжийн талаар төрөөс авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө, санал боловсруулах” ажлыг эхлүүлэв. - Орхон, Хэрлэн голуудын урсац бүрэлдэх эхийн хилийг нарийвчлан тогтоож, экосистемийн өнөөгийн төлөв байдалд үнэлгээ өгөх судалгааны ажил гүйцэтгэв. - Сайншанд, Замын-Үүдийн 64748.3 км2 талбайн 1:200 000 масштабын гидрогеологийн зураг зохиох хээрийн судалгааны ажлыг дуусгав. - Улсын төсвийн 540.0 сая төгрөгийн хөрөнгөөр 10 аймгийн 541 бэлчээрт устай цэг тогтоох газрын доорх усны геофизикийн хээрийн үйлдвэрлэлийн хайгуул явуулж байна. - Төв аймгийн нутаг дэвсгэрт усалгаатай хадлан, тариаланд тохиромжтой талбайн хайгуул судалгаа хийв. Зургаа. Хөдөө аж ахуйн усан хангамжийг сайжруулах асуудлаар: - Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Харуул толгой” услалтын систем, Ховд аймгийн “Буянт” услалтын системийн II ээлжийн I хэсгийг шинээр барьж, Говь-Алтай аймгийн Шарга сумын “Арван дөрөвт”, “Урд гол”, Чандмань сумын “Хүрхрээ”, Завхан аймгийн Отгон сумын “Улаан толгой” Өвөрхангай аймгийн Төгрөг сумын “Мазар”, Увс аймгийн “Улаан толгой” услалтын системийн ус хуримтлуулах боомтын засварын ажлыг гүйцэтгэж, улсын төсвөөс 2.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүнд усалгаатай талбайн хэмжээ 1419.0 га-гаар нэмэгдэв. - Мөн иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, төсөл хөтөлбөрөөс санхүүжүүлсэн 4.8 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 9 услалтын системийг шинээр барьж, хүчин чадлыг нь нэмэгдүүлэх ажлыг хэрэгжүүлснээр  2043.0 га талбайг  усалгаатай тариалангийн талбайн эргэлтэд нэмж орууллаа. - Улсын төсвийн 8.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар 21 аймаг, Улаанбаатар хотод инженерийн хийцтэй 642 худаг шинээр барьж, ашиглалтад хүлээлгэн өгөв. Долоо. Усны жилийн хүрээнд зохион байгуулсан бусад арга хэмжээ: 1. Монгол Улсын хэмжээнд усны чиглэлээр Усны тухай хууль тогтоомжийн хэрэгжилтэд аудит хийх ажлыг Үндэсний аудитын газарт Усны газраас мэргэжлийн дэмжлэг үзүүлж хамтран ажиллалаа. 2. “Монгол орны усны нөөц, ус ашиглалтын хэтийн хандлага, менежмент” сэдэвт онол практикийн бага хурал зохион байгуулав. Уг хурлаар 4 багц сэдвийн хүрээнд Монгол Улсын усны болон холбогдох салбарын тэргүүлэх, эрдэмтэн, судлаачдын 16 илтгэл хэлэлцүүлж, илтгэлийг эмхэтгэл болгон гаргав. 3. БОАЖЯ-наас жил бүр зохион байгуулдаг Байгаль хамгаалах намрын сарын аяныг “2011 он-Усны жил”-ийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор “Ус чандмань эрдэнэ” уриан дор улсын хэмжээнд зохион байгууллаа. 4. Бүх аймгийн БОАЖГ, МХГ-ын мэргэжилтэн, байцаагчдад Усны кадастр хөтлөх, Усны аудит хийх бүсчилсэн сургалтыг Архангай, Өмнөговь аймгуудад Үндэсний аудитын газартай хамтран зохион байгууллаа. 5. “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн зааг”-тай давхцаж буй алтны шороон ордын 233 тусгай зөвшөөрөл бүхий талбайн байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээ, нөхөн сэргээлтийн зардлыг тооцох ажлыг хийж дуусгав. 6. БОАЖЯ-ны "Цэвэр агаар сан"-гийн 1,5 тэрбум төгрөгийн санхүүжилтээр "Гэр хорооллын айл өрхүүдийн нүхэн жорлон, угаадасны нүхийг ариутгаж шивтрийн хийг бууруулах төсөл" хэрэгжүүлсэнээр хөрсөөр дамжин усны эх үүсвэр бохирдохыг хамгаалах талаар хийсэн шинэлэг туршилтын ажил боллоо. Төслийн хүрээнд Улаанбаатар хотын 6 дүүргийн гэр хорооллын 180.0 мянган айл өрхийн нүхэн жорлон, угаадасны нүхийг "Тамир ЭМ" био бэлдмэлээр ариутгаснаар органик бохирдол ихтэй өтгөн, шингэн ялгадсыг задалж, ялзмагжуулан цэвэршүүлж, агаар, хөрс, усны бохирдлыг тодорхой хэмжээгээр бууруулах боломж бүрдэж байгаа юм. 7. Сансрын зураг ашиглаж гадаргын болон газрын доорх усны нөөц тогтоох судалгааг стратегийн ач холбогдол бүхий 3 орд газарт Шинжлэх ухаан технологийн сангийн хөрөнгөөр хийж байна. 8. “Усны нөөцийн  менежментийг хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар, үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий Төрийн өмчийн “Ус-МГЛ” компани байгуулах асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэв. 9. Онон голын Сав газрын менежментийн төлөвлөгөөг боловсруулж батлаж, Хараа, Орхон, Хяргас нуур-Завхан голын Сав газрын зөвлөлүүдийг байгуулав. Ингэснээр нийтдээ 18 сав газрын зөвлөл байгуулагдаад байна. 10. Архангай аймгийн Цэнхэр сумын нутагт хууль бусаар ашигт малтмал олборлож Орхон голыг бохирдуулж байгаа асуудлаар хяналт шалгалтын ажлыг БОАЖЯ, МХЕГ, УМБГ, МБОИЗ, Архангай аймгийн холбогдох байгуулага болон хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөллийн оролцоотойгоор зохион байгуулан хууль бус үйл ажиллагааг таслан зогсоов. Энэ ажлын үр дүнд 54 аж ахуйн нэгж, байгууллагын 312 гэр, 1155 ажилчин, 54 усан буу, 97 ковш, 131 эксковатор, 9 бульдозер, 219 ачааны машин /самосвол/-ыг тус бүс нутгаас албадан гаргасан байна. Орхон голын бохирдолтой холбогдуулан хийсэн шалгалтын дүн, цаашид авах арга хэмжээний саналыг Засгийн газрын хурлаар хэлэлцүүлэн шийдвэрлэсэн. 11. Дэлхийн цэвэр усны  нөөцийн 2%, Монгол орны гадаргын цэвэр усны нөөцийн 68.9%-ийг дангаараа агуулдаг Хөвсгөл нуурын хамгаалалтын өнөөгийн байдалтай танилцах, учирч болох аюулаас урьдчилан сэргийлж сэрэмжлүүлэх, нуураа унаган төрхөөр нь хадгалж онгон дагшнаар нь байлгах зорилгоор “Хаан их сарьдаг, Хатан далай ээждээ хүндэтгэл үзүүлэх” нэртэй эко-аяллыг БОАЖЯ, Хөвсгөлийн УТХГ-ын хамгаалалтын захиргаанаас хамтран зохион байгууллаа. 12. “2011 он-Усны жил”-ийн хүрээнд устай холбогдолтой асуудлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр БОАЖЯ-ны Хэвлэл мэдээллийн алба, Усны газар, аймгуудын БОАЖГ, бусад холбогдох байгууллага шат дараатай ажлуудыг зохион байгуулж ажиллалаа.  
Shuud.mn
Сонин хачин
хм
2011-12-27