Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудыг бүртгэнэ
2014-12-09

Нийслэлийн засаг дарга “Цэргийн бүртгэл явуулах  тухай”  А/1025 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар Нийслэлийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг 2015 оны 01 дүгээр сарын 05-наас 20-ны өдрүүдэд зохион байгуулна. Энэхүү ажлын хүрээнд Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2015 оны бүртгэлийн ажлыг удирдан зохион байгуулах Нийслэлийн ажлын хэсгийг даргаар нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Ё.Гэрэлчулуун ажиллана. Нийслэлийн ажлын хэсэг, дүүргүүдийн Засаг дарга нар:


 
  а. Дүүрэг, хороодод цэргийн бүртгэлийн ажлыг хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулан зохион байгуулж, гишүүдийн ажил үүргийн хуваарийг тогтоон, бүртгэл явуулахад шаардлагатай автомашин, ажлын байр, хүн хүчийг  гарган ажиллуулах.


 
  б. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийн ажлыг Засаг захиргааны анхан шатны нэгж хороон дээр төвлөрүүлэн зохион байгуулж, албан тушаалтнуудад холбогдох хууль тогтоомж, цэргийн тоо бүртгэлийг зохион  байгуулах журмын хүрээнд сургалт, семинар явуулж, шаардлагатай гарын авлага, материалаар ханган, тоо бүртгэлийн ажилд хяналт тавьж  ажиллах.


 
    в. Цэргийн тоо бүртгэлийг зохион байгуулахтай холбогдуулан ард иргэд, цэргийн үүрэгтнүүдэд  Иргэний цэргийн үүргийн болон цэргийн   албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хууль, Зэвсэгт хүчний Жанжин  штабын  даргын  тушаалаар  шинэчлэн  баталагдсан “Цэрэг, техникийн тоо бүртгэлийг зохион байгуулах журам”, бусад холбогдох хууль  эрх зүйн  баримт бичгүүдийг  хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн сурталчлах, тайлбарлан таниулах ажлыг шуурхай зохион байгуулах.


 
    г. Тоо бүртгэлээс зайлсхийгчид, завсардагчдыг эрэн сурвалжилж, бүртгэлд хамруулах ажилд цагдаагийн байгууллага, иргэний бүртгэл мэдээллийн ажилтнууд  болон холбогдох ажилтнуудыг татан оролцуулж, тоо бүртгэлийн журам  зөрчигчдөд хуулийн дагуу хариуцлага тооцон ажиллах.


 
  д. Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын бүртгэлийг явуулсан тухай мэдээ,  тайланг 2015 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн дотор Нийслэлийн цэргийн тоо бүртгэлийн ажлын хэсэгт  ирүүлэх. Харин Цэргийн тоо бүртгэлийн явц, чанар, цэргийн үүрэгтнүүдийн хамралтад байнга хяналт тавьж ажиллан, 2015 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн дотор мэдээ тайланг нэгтгэн танилцуулж,  Батлан хамгаалах яам болон Зэвсэгт Хүчний Жанжин Штабт хүргүүлэхийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Shuud.mn
Сонин хачин