Олон улсын стандартад нийцсэн “Номын сан”-тай болно
2014-12-11

УИХ-ын чуулганы өнөөдрийн нэгдсэн хуралдаан 51.3 хувийн ирцтэй эхэллээ. Хуралдаанаар зургаан асуудал хэлэлцэн шийдвэрлэх юм. Чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд Номын сангийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

df

Манай улсад Үндэсний номын сан, Хүүхдийн номын ордон, орон нутгийн, их, дээд сургуулийн, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн, ерөнхий боловсролын сургуулийн, албан байгууллагын дэргэдэх, эрдэм шинжилгээний зэрэг нийт 1509 номын сан байдаг. Эдгээр нь харьяалал, салбар дундын зохицуулалтаас хамаарч санхүүжилт, сан хөмрөгийн бүртгэл, тооцоо, уншигчдад үйлчлэх орчин нөхцөл, номын хадгалалтын орчин зэрэг асуудал нь жигд бус шийдвэрлэгддэг байна. Мөн Үндэсний номын санд хадгалагдаж буй түүх, соёлын дурсгалт зүйлийн хосгүй үнэт, үнэт зэрэглэлд хамаарах цөөн тооны судар, гар бичмэл нь Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн дагуу бүртгэл тооллогод хамрагдан, хамгаалагдаж, хувийн номын сан, хувь хүнд хадгалагдаж буй гар бичмэл, судрын хадгалалт хамгаалалт, бүртгэл, тооцоо, үйлчилгээ нь хууль тогтоомжийн хүрээнд зохицуулалтгүй явж иржээ. Номын сангийн үйлчилгээг төрөөс дэмжих бодлого алдагдаж, төсөв хөрөнгө хүрэлцэхгүйгээс шинэ номын баяжилт хийх, материаллаг баазаа сайжруулах, уншигчдад тав тухтай орчин бүрдүүлэх, уншлага үйлчилгээг хурдан шуурхай хүргэх, хүний нөөцөө бэлтгэх зэрэг хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. Эдгээр шаардлагын үүднээс Номын сангийн тухай хуулийн төслийг боловсруулсан бөгөөд энэ нь анхдагч хуулийн төсөл юм.

df

Уг хуулийн төслөөр номын сангийн үйлчилгээ эрхлэх этгээд, түүний эрх үүрэг, Үндэсний номын сангийн эрх зүйн байдал, үйл ажиллагаа, номын сангийн үйлчилгээ болон уншигчийн эрхийг хангах, холбогдох бусад харилцааг зохицуулах юм байна. Хуулийн төсөл нь 7 бүлэг, 27 зүйлтэй юм. Хуулийн төсөл батлагдсанаар номын сангийн үйлчилгээг олон улсын стандартад нийцүүлэх, иргэдийн мэдээлэл авах боломжийг бүрдүүлэх, мэдээллийн үйлчилгээг хүртээмжтэй, чанартай хүргэж, иргэдийн оюуны хэрэгцээг хангахад дорвитой ахиц гарна гэж төсөл санаачлагч үзэж байгаа аж. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, саналаа хэллээ. Тухайлбал, гишүүн Ц.Даваасүрэн сумдад соёлын төв, сургуулийн номын санг нэгтгэж нэгдсэн нэг номын сантай байх нь зөв биш үү гэдгийг тодруулахад байнгын хорооны ажлын хэсгийн ахлагч Ё.Отгонбаяр:

df

-Энэ хууль нь номын сангийн үйл ажиллагааг зохицуулахад чиглэгдэж байгаа. Сумдад нийтийн номын сан, сургалтын номын сан гэж тусдаа байх юм. Энэ хоёрыг хольж хутгаж болохгүй, нийлүүлж нэгтгэх нь ч зохимжгүй. Сургуулийн сургалтын номын сангийн зорилго, түүнд авах номын сэдэв, агуулга нь ч нийтийнхээс өөр байх ёстой. Сургууль, цэцэрлэгийн номын санд авах номын жагсаалтыг боловсрол, соёлын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн баталж байхаар төсөлд тусгасан гэсэн хариулт өгөв. Энэ талаар байнгын хорооноос дэмжсэн “бүх шатны сургалтын байгууллага нь сургалтын номын сантай байна” гэсэн саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 67.4 хувь дэмжлээ. Чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна.

df

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин