“Цагаан сар ба бидний төсөв”
2015-01-30

Сар шинийн баяртай холбогдуулан “Цагаан сар ба бидний төсөв” гэх цуврал сурвалжлагыг хүргэж байгаа билээ. Хорь хүрэхгүй хоногийн дараа сар шинийн баяр болох гэж байна. Уламжлалт энэ баяраараа хүн бүр л шинэ дээл, хувцас өмсч, өнгөтэй өөдтэй шинэ сараа угтахыг хичээдэг. Гэсэн ч идээ шүүс, бууз банш, бэлэг сэлтээ базаах гээд баярынхаа гоёлыг зэхэж амжаагүй яваа зарим хүнд сонирхуулах үүднээс бид "Нарантуул" худалдааны төвийг зорилоо. Сүүлийн жилүүдэд монголчууд маань үндэсний хувцсаараа гоёх нь элбэг болсон бид энэ чигийг барин сурвалжлагаа бэлтгэхээр болсон юм.

f

Дээлний үнэ 30 мянган төгрөгөөр хямдарчээ

f

Бага үдийн 10.30 цагийн үед тус худалдааны төвд иргэдийн хөл хөдөлгөөн их байлаа. Ингээд бид шууд монгол дээлний тасагт очив. Энд дээл сонирхох иргэд ч цөөнгүй байна. Тэр хэрээрээ худалдаа эрхлэгчид ч завгүй байх аж.

f

Энэ жил сар шинээр иргэд хурц тод өнгөтэй дээлээр гангарах шинжтэй байгааг худалдаачид хэлж байна. “Нарантуул” зах дээр 0-7 настай хүүхдийн дээл 45-60 мянган төгрөгийн үнэтэй байх юм. Харин эмэгтэй хүний торгон дээл 60-250 мянга, эрэгтэй 80-350 мянган төгрөгийн үнэтэй байна. Мөн хурган дотортой үйтэн хуаран дээл 1 сая 500 мянгаас 1 сая 700 мянган төгрөг гэж байсан. Өнгөрсөн жилийн ийм дээлний үнээс даруй 300 орчим мянган төгрөгөөр нэмэгджээ. Түүнчлэн, хос дээл 300-450 мянган төгрөгийн үнэ байна. Дээлний үнэ ямар товчтойгоосоо шалтгаалан янз бүрийн үнэтэй аж. Алт, мөнгөн товчтой бол үнэ тодорхой хэмжээгээр хэлбэлзэнэ.

f

Дээлний үнэ ханш өндөр байгаа учир хантааз болон дан цамц сонирхох иргэд цөөнгүй байна. Үнийн хувьд хантааз 50-120 мянга байгаа бол дан цамц 25-50 мянган төгрөг байна. Энэ жил дээлний өмнөх жилүүдээс 30-50 мянган төгрөгөөр буусныг тус худалдааны төвийн худалдагч Ц.Янжинхорол, Б.Эрдэнэчимэг нар хэлж байлаа. Тэдний хэлж буйгаар “Нарантуул” худалдааны төвд 61 дээл худалддаг лангуу байдаг бөгөөд нэг лангуунд дунджаар 15 өнгө бүхий 30 орчим төрлийн дээл зарагддаг юм байна. Энэ жилийн хувьд хүннү дээл буюу нуман захтай дээл моодноос гараагүй байгаа гэнэ. Түүнчлэн, энгэр ханцуй дээрээ угалзан хээ бүхий оёдолтой шинэ загварын дээл худалдаанд гарчээ. Нуман захтай дээлний үнэ 250 мянга. Цаашлаад бид бүсний үнэ сонирхов. Урд хөршөөс оруулж ирсэн дурдан гэх бүсний үнэ 10 мянган төгрөгнөөс эхэлж байна. Улмаар 80 мянган төгрөгийн дурдангууд байна. Дуураймал мөнгөн бүс, хөнгөн цагаан аралтай бүс 25-80 мянга бол чулуун хэлхээт бүс 25 мянган гэнэ. Харин жинхэнэ мөнгөн аралтай, ширэн бүснүүд 350 мянгаас дээш үнэтэй байдаг аж. Энэ үеэр хурганы арьсны үнэ хэд байгаад бас "хэрэгт дурлав". Нэг ширхэг хурганы арьс 18 мянга гэнэ. Харин бүр сайн арьс нь хэдийнэ 40 мянга хүрчээ. Хурганы арьсны хувьд зах дээр харин тийм ч элбэг харагдсангүй.

f

Торго, дурдангийн лангуугаар явав. Дээлний гадар өнгө нэг метр нь 3000 төгрөгнөөс 120 мянган төгрөг хүртэл үнэтэй байна. “Нарантуул” захын торгоны үнэ бусад торго бүс материалын дэлгүүрүүдээс таван мянган төгрөгөөр хямд байгааг онцолж байна. Оёдлын газрууд загвар хийцээсээ шалтгаалж 70 мянгаас дээш үнээр дээл оёж байгаа аж.

f

Хамгийн үнэтэй малгай нэг сая төгрөг

f

Дараагийн очсон тасаг бол малгайных. Дээлэндээ тохируулж өмсөх малгай энд төрөл төрлөөрөө байна. Арьсаар хийж булгаар эмжсэн дөрвөн талд малгай 75 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байгаа бол үнэгэн малгай 150 мянган, илбэнхний арьсаар хийсэн малгай 200 мянга гэнэ. Харин булган малгай 250 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байна. Түүнчлэн бүрх малгай 45-65 мянга, жанжин малгай 15 мянган төгрөгөөс дээш үнэтэй. Харин хамгийн үнэтэй малгай нь 1 сая төгрөгийн үнэтэй бөгөөд булган имжээртэй, савхин дотортой “халх малгай” юм байна.

f

Монгол гутал эрэлттэй байна

f

Олны жишгээр дээлэндээ тохируулан гутал сонирхлоо. Монгол гутал хийцээсээ шалтгаалаад үнэ нь янз бүр байна. 32 угалзтай монгол гутал 250 мянган төгрөг бол битүү хээтэй монгол гутал 400 мянган төгрөг байна. Харин ээтэн хоншоортой гутал 120 төгрөгнөөс үнэ эхэлж байна.  Түүнчлэн буриад гутал 60-120 мянга бол хүүхдийн гутал 35-60 мянган төгрөгийн үнэтэй байсан.  Гуталны худалдаачдын хэлж буйгаар энэ жил урьд өмнөх жилүүдийг бодвол монгол гутал эрэлттэй байгааг дуулгаж байв. Ингээд бид хамгийн сүүлд хөөрөг зарж байгаа хэсэгт очлоо. Хөөрөг сонирхох хүн бас л олон. Сар шинийн бас нэгэн гангараа болоод байгаа зүйл бол яахын аргагүй хөөрөг. Хамгийн хямд хөөрөг 10 мянган төгрөг. Худалдагчид нь хөөрөгнүүдээ бүгд чулаан хөөрөг хэмээн ам уралдуулна. "Жинхэнэ чулуун хөөрөгч нэг хил махны дайтай ч үнэтэй байдаггүй юм даа" хэмээн нэгэн хүн худалдагчтай ам зөрнө. Хэрэв 130 мянган төгрөгийн хөөрөг авбал урамшуулалтай гэнэ. Урамшуулал нь хөөрөгний даалин болон тамхи аж. Эдгээрээс арай үнэтэй, чанартай, чулуун хөөрөг тус захад нэг саяас 25 сая төгрөгийн хооронд худалдаалагддаг юм билээ.

f

Харин эртний эдлэлийн дэлгүүрүүдэд өөр үнэтэй худалдаалагдаж байх юм. Тухайлбал, алтан нуух, шүрэн толгойтой их гарын хөөрөг 150 сая төгрөгөөр худалдан авч болно. Дунд гарын хиймэл чулуун толгой, хайлшин нуухтай хаш, мана хөөрөг 400-800 мянган төгрөгөөр, дунд гарын мөнгөн хөөргийг 400 мянган төгрөгөөр авч болно.

f

Хөөрөгний даалин нэг сая төгрөг

f

Сүүлийн үед хөөрөгний даалинг бүсэндээ зүүж гангардаг эрчүүд олон болсон. Хөөрөгний том жижиг хэлбэрээс шалтгаалж даалин янз бүрийн хэлбэртэй байна. Даалин тэр хүний эхнэрийг хэр уран гоё шагладгийг, хадам нь бэрийнхээ хэр урныг, нөхөр нь суух хүнийхээ үйлэнд хэр зэргийг шалгадаг шалгуур байсан гэдэг. Харин одоо иргэд ихэвчлэн бэлэн хийсэн даалин худалдаж авах сонирхолтой болчихсон байна. “Нарантуул” зах дээр энгийн хийцтэй хөөрөгний даалин 20-50 мянган төгрөгийн үнэтэй байгаа бол зүү ороож оёсон даалин 100 мянган төгрөгнөөс дээш үнэтэй байна. Үнэт эдлэлийн дэлгүүрүүдэд ховор үнэтэй торгон дээр дөрвөн хүчитнийг зүү ороож оёсон даалин нэг сая төгрөгнөөс дээш үнэтэй байх юм.

Б.Одон

Shuud.mn
Сонин хачин
otgoo:
tsagaan sar bolj ehelmegts hvmvvs ymniihaa vne nemeed bhi yaaj bga ter bol eleg negt mongolchuudaa bvgdeere negdii vniig buuruulii
2015-02-01
иргэн:
энэ зху гэж бичээд бга нөхөр болиосой одоо энэ магистр гэдэг балай юмаар яадгийн бэ тэр олон магистр чинь улсаа сүйрүүлээд бга шүү дээ хэт их боловсрол хэнд ч хэрэггүй амьдрах ухаан л чухал
2015-02-01
kkkkkkkk:
ene jil beleg oghgui gej hogshchuul yrij bna leeee
2015-01-31