Израйлийн тал хууль зөрчөөгүй гэсэн дүгнэлт гарчээ
2011-01-27

Газийн зурваст тусламжийн бараа хүргэж явсан Туркийн хөлөг онгоц руу Израйльчууд дайрч 9 хүний аминд хүрсэн хэрэг өнгөрсөн оны тавдугаар  сард  гарсан. Үүний дараа Туркийн тал Израйлийг уучлалт гуйхыг хүссэн. Харин Израйль ямар нэг хариу өгөөгүй.  Болсон явдлын дараа хоёр  улс харилцаагаа бараг таслахад хүрээд байсан.

Тэгвэл Израйлийн тал олон улсын хууль дүрэм зөрчсөн эсэхийг тогтоохоор бие даасан комисс 2 сарын хугацаанд ажиллаад  “Израйлийн тал хууль зөрчөөгүй”  гэсэн дүгнэлт гаргасан байна. Тэдний үзэж буйгаар  Газийн зурвасын Палестинчуудад зэвсэг, бусад хориотой бараа нийлүүлж болзошгүй усан онгоцуудыг аюулгүйн үүднээс Израйлийн тал зогсоож шалгаж, сааатуулах эрх байдаг юм байна.

Израйлийн цэргүүд усан онгоцны тавцан дээр газардахад зорчигчид эхэлж эсэргүүцэл үзүүлсэн. Зорчигчид цэргүүдийн бууг булаан авч гал нээсэн, төмөр багана, сандал шидсэн, цэргүүдийг хөлгөөс авч шидсэн учир өөрсдийгөө хамгаалах үүднээс гал нээсэн гэж үзэж байгаа юм.

Гэхдээ энэ дүгнэлтийг Израйлийн талыг хэт барьсан дүгнэлт болсон гэж үзэх хүмүүс байна. Эцсийн дүгнэлт бүрэн гараагүй байна. Учир нь  Израйльчуудад Газийн зурвасын усан замыг хянах эрх байгаа юу? Довтолгоон эхлэхээс өмнө хөлгийн зорчигчдоос Израйльчуудад ямар нэг эсэргүүцэл ирж болзошгүй гэдгийг тооцох хэрэгтэй байсан гэх зэрэг маргаантай асуултууд хэвээрээ үлдэж байна. Цэргийн ажиллагаанд 8 турк,  1 Америк иргэн алагдаж, 2 Израйль  цэрэг шархадсан байна. Болсон явдлаас хойш Турк болон Израйлийн харилцаа зогсонги байдалд ороод байна.

Н.ЭДДИ

Shuud.mn
Сонин хачин