Үнэт цаасны зах зээлийн тойм
2011-12-30

Монголын хөрөнгийн  бирж Лондонгийн биржтэй хамтран ажиллах гэрээг үзэглээд нэг жил болох гэж байна. Өнгөрсөн хугацаанд хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх орчныг бүрдүүлэхэд чиглэсэн ажлууд хийгдэж ирсэн талаар албаны нөхдүүд нь хэлдэг. Ингээд үнэт цаасны зах зээлийн арваннэгдүгээр сарын тойм мэдээллийг хүргэе. Энэ сард нийт 22 удаагийн арилжаагаар 101 компанийн 9.9 сая ширхэг хувьцаа, 237.6 мянган ширхэг Засгийн газрын энгийн бонд, 15.3 мянган ширхэг компанийн бондыг арилжиж, нийт 34.0 тэрбум төгрөгийн гүйлгээ хийгдсэн байна. Нийт гүйлгээний үнийн дүнгийн 29.7% буюу 10.1 тэрбум төгрөгийг хувьцааны арилжааны гүйлгээний дүн, 69.8% буюу 23.8 тэрбум төгрөгийг Засгийн газрын бондын арилжааны гүйлгээний дүн, 0.5% буюу 152.8 сая төгрөгийг компанийн бондын арилжааны дүн тус тус эзэлж байна. Хувьцааны арилжааны үнийн дүн өмнөх сараас 18.9 тэрбум төгрөгөөр буюу 65.1 хувиар, өнгөрсөн оны мөн үеэс 16.2 тэрбум төгрөгөөр буюу 61.6 хувиар тус тус буурсан байна. Арилжигдсан хувьцааны тоо ширхэг өмнөх сараас 2.2 сая ширхэгээр буюу 29.3 хувиар өсч, өнгөрсөн оны мөн үеэс 317.0 мянган ширхэгээр буюу 3.1 хувиар буурсан байна. Хувьцааны арилжаа “Ремикон” ХК-ийн 8.0 сая ширхэг, “Гермес центр” ХК-ийн 463.7 мянган ширхэг, “Багануур” ХК-ийн 452.9 мянган ширхэг, “Силикат” ХК-ийн 241.2 мянган ширхэг, “Женко тур бюро” ХК-ийн 108.1 мянган ширхэг хувьцааг арилжсан нь хамгийн их арилжигдсан үнэт цаас юм. Арилжааны үнийн дүнгээр “Багануур” /6.9 тэрбум төгрөг/, “Ремикон“ /1.1 тэрбум төгрөг/, “Шарын гол” /625.3 сая төгрөг/, “АПУ” /270.7 сая төгрөг/, “Таван толгой” /169.7 сая төгрөг/ ХК-ийн үнэт цаас идэвхтэй арилжигджээ. Нэг удаагийн арилжаагаар дунджаар 459.8 сая төгрөгийн гүйлгээ хийж, 448.4 мянган ширхэг хувьцаа арилжсан байна. Засгийн газрын бондын арилжаа Энэ сард Засгийн газрын бондын арилжаа 3 удаа явагдаж, “Ноос ноолуурын болон жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих” зээлийн санхүүжилтэд зориулан гаргасан нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, нийт 237.6 мянган ширхэг Засгийн газрын энгийн бондыг 23.8 тэрбум төгрөгөөр арилжлаа. Арилжаанд ХААН, Худалдаа хөгжил, Голомт, Капитал, Төрийн банкууд оролцож бондыг худалдан авсан байна. Компанийн бондын арилжаа “Жаст агро” компанийн гаргасан нийт 30.0 тэрбум төгрөгийн “Монгол мах” бондын эхний 10.0 тэрбум төгрөгийн бонд энэ оны 9-р сараас арилжаалагдаж эхэлсэн бөгөөд энэ сард нийт 15.3 мянган ширхэг бондыг 152.8 сая төгрөгөөр арилжсан байна. Үнэт цаасны ханш Нийт 101 үнэт цаас арилжигдсанаас өмнөх сарын сүүлийн өдрийн хаалтын ханштай харьцуулахад 75 үнэт цаасны ханш өсч, 22 үнэт цаасны ханш буурч, 4 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. ТОP-20 индекс ТОP-20 индекс 20889.95 нэгж байгаа нь өмнөх сараас 367.72 нэгжээр буюу 1.7%-иар буурч, өмнөх оны мөн үеэс 6880.85 нэгжээр буюу 49.1%-иар өссөн байна. ТОP-20 индексийн энэ сарын хамгийн дээд үзүүлэлт нь 21495.96 нэгж, доод үзүүлэлт нь 20835.00 нэгж, дундаж үзүүлэлт нь 21148.65 нэгж байна. ТОP-20 индексийн сагсыг бүрдүүлж байгаа Баянтээг (48.6%), Шивээ овоо (32.0%), Могойн гол (23.3%), Адуунчулуун (21.5%), Багануур (12.6%), Монгол шилтгээн (12.2)%, Женко тур бюро (6.1%), Говь (5.9%), Хөх ган (3.0%), Таван толгой (2.7%), Баянгол ЗБ (2.6%) зэрэг ХК-ийн үнэт цаасны ханш өмнөх сараас тус тус буурсан байна. Зах зээлийн үнэлгээ Зах зээлийн нийт үнэлгээ 2 их наяд 155.8 тэрбум төгрөг болж өмнөх сараас 131.7 тэрбум төгрөгөөр буюу 5.8 хувиар буурч, өмнөх оны мөн үеэс 835.7 тэрбум төгрөгөөр буюу 63.3 хувиар өссөн байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компанид Таван толгой, Багануур, АПУ, Шивээ овоо, Шарын гол, МЦХ, Бэрх уул, БиДиСек, Говь, УБ БҮК, Сүү, Хөх ган, Адуунчулуун, Могойн гол, Улаанбаатар ЗБ, УИД, УИД, Монголиа Девелопмент Ресорсес, Баянгол ЗБ, Баянтээг, Талх чихэр, Мах импекс зэрэг компаниуд орж байна. Зах зээлийн үнэлгээ өндөр 30 компанийн үнэлгээ нийт зах зээлийн үнэлгээний 93.6 хувь нь болж байна. Зах зээлийн хамгийн өндөр үнэлгээтэй компани нь “Таван толгой” ХК бөгөөд зах зээлийн үнэлгээ нь 579.3 тэрбум төгрөг болсон байна. Бүртгэлтэй компаниуд Сарын эцсийн байдлаар МХБ-д 334 хувьцаат компани бүртгэлтэй байгаагаас 100 хувь төрийн өмчтэй 23, төрийн өмчийн оролцоотой 29, 100 хувь хувийн өмчийн 282 хувьцаат компани байна. Бүртгэлтэй ХК-иудаас он гарсаар 147 компани ХНХ хуралдуулахаар зарласан байна. Брокер дилерийн компани Сарын эцсийн байдлаар Санхүүгийн зохицуулах хорооноос үнэт цаасны зах зээл дээр ажиллах тусгай зөвшөөрөл авсан 72 брокер дилерийн компани үйл ажиллагаа явуулж байгаагаас андеррайтерийн эрхтэй компани 20, гадаадын хөрөнгө оруулалттай компани 16, хувьцаат компани 2, арилжааны банк 1 байна. Тухайн сард үнийн дүнгээрээ хамгийн их үнэт цаас арилжсан брокер дилерийн компаниудын тоонд БиДиСек /17.3 тэрбум төгрөг/, Капитал маркет корпораци /7.5 тэрбум төгрөг/, Нортен сек /5.2 тэрбум төгрөг/ орсон байна. Харилцагч Үнэт цаасны төлбөр тооцоо төвлөрсөн хадгаламжийн төв ХХК-ийн төвлөрсөн хадгаламжид харилцах данстай харилцагчдын тоо 547.9 мянгад хүрчээ. Мөн харилцах данстай аж ахуйн нэгж 1503 байна. Энэ сард нийт 14,542 харилцах данс нээгджээ.
Shuud.mn
Сонин хачин
МХБ дээр ганцхан хувьцаа ямарч эрсдэлгүй. Баянгол ЗБ-н Эзэмшигчдийн өмчөөр нь баталгаажсан нэгж хувьцааны дансны үнэ нь 2011 оны эхэнд 44,344 төг байсан. 2011 оны ашиг нэмэгдээд дансны үнэ нь дор хаяж 50,000 төг болно. Гэтэл зарим этгээд хувьцааг хямд үнээр цуглуулахын тулд зохиомлоор 35,950 төг болтол нь буулгаад байна. Үүнд Санхүүгийн зохицуулах хороо хяналт тавих хэрэгтэй.
2012-01-01