Монгол цэргүүдийг НҮБ өндрөөр үнэлдэг
2015-02-04

Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон НҮБ-аас Монгол Улсад суух суурин зохицуулагч бөгөөд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгч хатагтай Сэзин Синаноглуг өөрийнх нь хүсэлтээр хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Ц.Цолмон сайд хатагтай Сэзин Синоглутай уулзаж байгаадаа сэтгэл хангалуун буйгаа илэрхийлэн, Монгол Улсаас НҮБ-тай хөгжүүлж буй  харилцаанд Монгол Улсын Зэвсэгт хүчний НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй оролцоо чухал байр суурь эзэлдэгийг онцлон тэмдэглэсэн.  Монгол Улсын зүгээс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын хэтийн хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл өгч, харилцан ярилцаж, санал солилцсон юм.

а

Хатагтай Сэзин Синаноглу Монгол Улсын НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож буй байдалд НҮБ-ын зүгээс өндөр үнэлэлт өгдөг тухай онцоллоо. Ялангуяа монгол цэргүүдийн сахилга бат, ажиллагааны ур чадвар, үүрэг гүйцэтгэл сайтай учраас НҮБ өндрөөр үнэлдэгийг дуулгасан юм.  Мөн тэрээр Монгол Улс дахь НҮБ-ын суурин төлөөлөгчийн газар нь НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны  чиглэлээр хамтарч ажиллахад бэлэн байгаагийн зэрэгцээ гамшгийн үр дагаврыг бууруулах болон хүмүүнлэгийн тусламжийн чиглэлээр хамтарч ажиллах өргөн боломж байгааг дурьдан, уулзаж ярилцсандаа таатай байгааг тэмдэглэв. Манай улс НҮБ-ын Энхийг сахиулах ажиллагаанд 2002 оноос оролцож эхэлснээс хойш үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа бөгөөд давхардсан тоогоор 11 мянган  цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэжээ. Өнөөдрийн байдлаар гэхэд  НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 1000 орчим цэргийн алба хаагч, үүний дотор 72 эмэгтэй цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

Shuud.mn
Сонин хачин