Дадал ба сэтгэлгээ
2015-02-04

Том онол мэддэг болж цэцэрхэх гэсэнгүй. Тулгарсан асуудлынхаа суурь шалтгааны гогцоог зөв тайлахаас цаашдын алхам зөв тавигдана гэсэн үзлээр доорх санааг хуваалцах байна. Ажиглаад байхад бид олон зүйлд хэлбэр хөөх нь дадал болж, үүнээс улбаалах олон алдаандаа бас дасал болжээ. Бидний өөрчилж чадах юманд хязгаар байна. Дадал болон сэтгэлгээ гүнзгийрч бид шинэ ирээдүй шинэ бололцоог төсөөлөхийн тулд өөрсдийгөө хангалттай чөлөөллөө ч гадаад нөхцөл нь шинэ нөхцөл байдлыг ойлгох үйл явцад нөлөөлдөг. Хэдийгээр бид бэрхшээлтэй тулгардаг, оролдлого маань үргэлж амжилтад хүрдэггүй ч хүмүүс нөхцөл байдлаа өөрчлөх үүрэгтэй... Үүнийг философич сэтгүүлч, Испани гаралтай  Хосэ Ортега Гассэт хэлсэн байдаг. Яг энэ цаг үе бидэнд ирсэн мэт харагдана.

1

Өөр нэгэн бүтээлдээ тэрбээр ардчилал нь өөртөө олонхийн дарангуйллын аюулыг агуулж байдгийг анхааруулсан байдаг. Дарангуйлал нь заавал нэг хүнээр хэрэгжихгүй хэсэг бүлэг хүмүүсийн хяналтгүй удирдлагаар хэрэгжиж болно. Энэ тодорхойлолт манай өнөөгийн эхнэр нөхөр шиг “нууц” нэгтэй болсон парламент, Засгийн газар хоёроос тод харагдана. Манайд төр түүнийг бүрдүүлж байгаа намууд дарангуйллын шинжийг олсоор байгааг хэлэхэд хатуудсан болохгүй л байх. Удирдлагын ардчилсан хэлбэр нь ард түмний хүсэл зоригтой холбоотой байж, байнга хянагддаг бол дарангуйллын үед засгийн эрх нэг болон цөөн, бүлэг хүний гарт төвлөрдөг гэдэг. Энэ нь явсаар улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдал үгүй болох үйл явцтай зуузай холбоно. Далдаас сонгуулийг санхүүжүүлэх замаар хууль тогтоогчдыг атгаад залаад байгаа үл үзэгдэгч гар бизнесийн бүлэглэлүүд бодитой оршиж байгааг одоо нуух хэрэггүй болжээ. Сүүлийн 10-аад жилд парламентын гишүүд монопол бизнесийн орчинд зориулж “өөр гараар” хууль баталж өгч байгаад бид өдөр хоногоор дассаар байна. Одоо хэлэлцэгдэх гэж байгаа Эдийн өршөөлийн тухай хууль ч цаанаа захиалагчтай гэсэн хардлагыг дагуулаад байна.

1

...Энэ удаагийн өршөөл нь татвар, гааль, нийгмийн даатгалын шимтгэл, өмч хөрөнгийг нийтэд хавтгайруулж хамаарсан, маш өргөн хүрээтэй байгаа тул  баримт мэдээллийг ямар нэгэн зааг ялгаагүйгээр бүгдийг нууцлах нь буруу, тэр тусмаа тангараг өргөсөн УИХ-ын гишүүд тэргүүтэй төрийн өндөр албан тушаалтнуудыг өршөөлд хамруулж, тэдний урьд жилүүдэд нэгэнт гаргасан хөрөнгө орлогын мэдүүлгийг өөрчилж нууцлах нь Монгол улсад бий болсон авлигатай тэмцэх тогтолцооны нэг чухал зарчмыг үгүйсгэсэн, байж болшгүй зүйл... гэж үзэж байгаагаа Иргэний төлөөллийн байгууллагууд мэдэгдээд байна.

1

Бид ардчилсан улс нийгэмд амьдарч байна гэж сэтгэн сэтгэлээ хуураад байх шиг. Ардчиллын үнэт зүйлс үндсэн хуулиар хамгаалагдсан хэвээр байгааг бүхэлд нь үгүйсгэхгүй. Гэхдээ үнэн хэрэг дээрээ бид хэлбэрийн ардчилалд нүд дасч, хуурамч сонгууль өгөх нь дадал болж, түүнийхээ сөрөг үр дагаварт дасч байгаа нь ажиглагдаж байгаа юм.

1

Улс төрийн намууд, тэдгээрээр дамжсан  бизнесийн бүлэглүүдийн засгийн эрхийг барих гэсэн хэмжээлшгүй хүслийн өдөөгч юу болох талаар энд авч үзэх нь зөв байх. Өнөөдөр бид дарангуйлалд орчихгүй байгаа нэг хязгаар нь парламентын бүрэн эрхийн хугацаа мэт харагдана. Гэтэл нөгөө талдаа эрх баригчдын бүрэн эрхийнх нь цаг хугацааны хязгаарлагдмал байдал нь дараа дахин сонгогдохын төлөө хийх улайрсан алхмуудад улстөрчдийг хөтөлж байгааг улс төр судлаачид хэлж байгаа. Энэ нь өнөөгийн олон таагүй байдлыг үүсгэсэн шийдвэрүүдийг баталж байсан өмнөх парламентын жишээнээс тод харагдана. Дахин сонгогдохын тулд боломжгүй бэлэн мөнгө амалсан. Энэ амлалтандаа боогдож Оюутолгойн урагшгүй гэрээг байгуулж, урьдчилгаа нэртэй зээл авчихсан. Араас нь Чалко-д нүүрсээ барьцаалж өр тавьсан. Одоо улс орон өрийн дарамтад орох нь ойрхон болж эдийн засаг, засаглалын хямрал нүүрлэснийг судлаачид сануулж эхлээд байна. Засгийн эрхийг барих байнга барих гэсэн хэмжээлшгүй хүслийн үзүүрт цогцлох ирээдүй яавч гэрэлтэй биш гэдэгт энэ мэт олон жишээ хэлж болно. Улс орныг өрийн дарамтад оруулж, сонголтгүй сонголтод хөтөлдөг болохыг бид өнгөрсөн хоёр жилд амсч байна. Цаашлаад дарангуйлал тогтоох аюулч ойрхон харагдана. Үүнд хөтлөх гишгүүр нь хэлбэрийн ардчилал гэдэг.

1

Удирдлагын ардчилсан хэлбэр нь ард түмний хүсэл зоригтой холбоотой байж, байнга хянагддаг бол дарангуйллын үед засгийн эрх нэг болон цөөн, бүлэг хүний гарт төвлөрдөг. Тэд чөлөөт сонгуульд нөлөөлж хуурамч ардчиллыг бий болгох замаар өөрсдийн засаглалыг хуульчилдаг. Энэ тодорхойлолт манай өнөөгийн нийгмийн дүр зургийг бараг л тодорхойлж чадахаар байна.

1

Ардчилсан тогтолцооны чухал шинж нь төрийн засаглалд тавих хяналт, цөөнхийн эрх болон үндсэн эрхийн баталгаа, бүх иргэдийн хувьд тэгш эрхт улс төрийн оролцооны эрхийн баталгаа гэдэг. Өнөөдрийн манай нийгмийн байдал ийм үзүүлэлтэнд яагаад ч нийцэхгүй харагдана. Учир нь тэгш эрхт улс төрийн оролцооны баталгаа болсон сонгуулиа бид төгс хийж чадахгүй явж иржээ. Энэ эрх үндсэн хууль болон түүнд нийцүүлсэн бусад хуулиар л баталгаажина. Үндсэн хуулийн өөрчлөлт, Улс төрийн намын санхүүжилтийн ил тод байдлын тухай хууль, Сонгуулийн хуулийн тухай хуулийн шинэчлэлийг энэ парламент яаж хийхээс бид хэлбэрийн ардчилалд хэлбэрэлтгүй шилжсэн үү, босгон дээрээс нь буцаж алдаагаа засах уу  гэдгийг харж болохоор байна даа.

1

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
хардаа:
монголд сайханбилэг баярцогт гэсэн гончигдоржийн бvлэглэл, элбэгдоржийн бvлэглэл ба нямдоржийн бvлэглэл гэсэн хослол гол зангилагч нь дорлигжав, с.баяр багабандийн бvлэглэл, м.энхболдын бvлэглэл, н.энхбаярын бvлэглэл шинээр женко бvлэглэл, з.энхболдын бvлэглэл гэсэн хэдхээн нехдvvд улс орны хувь заяагаар тоглож байна.
2015-02-07
ухаалаг төр засаг:
ямарч улс 20 жилд бар улс болдог гэдэг монгол 25 жилд чадсангүй дээ. ухаалаг төр засагтай болж мөнхийн бага буурай ядуу улс гэсэн үхмэл сэтгэлгээг өөрчлөж том баян улс болох тогтвортой хөгжлийн алсыг харсан том ухаалаг бодлого явуулах хэрэгтэй дээ. монголчууд чаднаа.
2015-02-05
zochin:
п.баярхүүгийн бичиж байгааг бүхэлд нь дэмжиж байна. өршөөлийн хууль гарагж хулгайчдыг давраадаг моод монголд л байна!
2015-02-05