“Хавдрын эсрэг үндэсний аян” тав дахь жилдээ хэрэгжихээр боллоо
2015-02-05

Хорт хавдар нь манай орны хүн амын нас баралтын 2 дахь шалтгаан болж байгаа бөгөөд нас барж буй 5 хүн тутмын нэг нь хорт хавдрын улмаас амь насаа алдаж байна. Тиймээс хавдар өвчинтэй эрчимтэй тэмцэж, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах, ард иргэдийн эрүүл мэнд, нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулах үүднээс ХААН Банк Сангаас санхүүжүүлэн “Хавдрын эсрэг үндэсний аян”-г 4 жилийн турш хэрэгжүүлсэн билээ.


Энэ жил ч мөн ХААН Банк, Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ), МҮОНРТ хамтран “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 5 дахь жилдээ хэрэгжүүлэхээр болж, хамтрагч  талууд  02-рсарын04-ний өдөр буюу “Дэлхийн хавдартай тэмцэх өдөр”-ийг тохиолдуулан хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. 


Өнгөрсөн жил 9 аймагт хэрэгжүүлсэн тус аяныг энэ онд 12 аймаг, 2 суманд хэрэгжүүлэхээр ийнхүү тогтлоо. Энэ жилийн хувьд хавдрын өвчлөл өндөртэйд тооцогддог Дорноговь, Сүхбаатар, Ховд, Увс, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Говьсүмбэр, Булган, Орхон, Төв, Өмнөговь аймгууд болон Дорноговь аймгийн Замын-Үүд, Архангай аймгийн Хангай сумдад тус тус  хэрэгжүүлэх юм. Сонгогдсон эдгээр аймгуудад  хавдар судлалын чиглэлээр нарийн мэргэшсэн эмч мэргэжилтнүүд, сургалтын арга зүйч нарын баг тусгай маршрутын дагуу ажиллаж, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоог үнэ төлбөргүй зохион байгуулж, хавдрын мэс заслыг хийж гүйцэтгэх юм. Түүнчлэн аяны хүрээнд эмч мэргэжилтнүүд болон сайн дурынханд зориулсан сургалт, сурталчилгааг үндэсний хэмжээнд зохион байгуулах, хавдар өвчнөөс урьдчилан сэргийлэх талаарх мэдээ мэдээллийг олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулах ажлыг тус тус хийх юм.


Хавдрын өвчлөл орон нутагт өндөр байгаа энэ үед “Хавдрын эсрэг үндэсний аян”-ыг 4  жилийн турш шат дараатайгаар зохион байгуулсан нь хавдрыг хожуу үе шатанд шилжихээс урьтаж оношлон бүрэн эмчлэх боломжийг бүрдүүлж буй үр дүнтэй томоохон ажил болж байгааг мэргэжлийн байгууллагууд онцолж байна.


  2011 оноос эхлэн өнөөг хүртэл орон даяар хэрэгжүүлж буй “Хавдрын эсрэг үндэсний аян” -ны хүрээнд нийт 68,700 иргэнийг үзлэг оношилгоонд хамруулж, аймаг, дүүрэг, сум, өрхийн 4171 орчим эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг сургалтанд хамруулж, 1363 сайн дурын идэвхтнийг бэлтгэжээ. Түүнчлэн хөдөө орон нутагт 353 орчим хорт хавдрын яаралтай мэс засал, хагалгааны тусламж  үйлчилгээг үзүүлж, орон нутгийн эмч мэргэжилтнүүдийг ажлын байранд нь дагалдуулан сургаж, ард иргэдийг хорт хавдар өвчнөөс  урьдчилан сэргийлэх зан үйлд сургахад ХААН Банк Сангаас  нийт  580 гаруй сая төгрөгийг зарцуулсан байна. 


ХААН Банк Сан нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулна.


Shuud.mn
Сонин хачин
btaa:
san nereer tatvarguigeer mungu ugaamui
2015-02-05