Урт нэртэй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл өргөн барилаа
2011-01-28

Өнгөрсөн оны долдугаар сард Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг УИХ  баталсан. Харин  УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, Х.Баделхан, Д.Кёкүшюзан Батбаяр, А.Тлейхан, О.Чулуунбат нар  хууль батлагдсанаас хойшхи нэг жил хагасын хугацаанд хуулийн хэрэгжилт хангалтгүй, хэрэгжүүлэхэд зарим бэрхшээл тулгарч байна гэж үзээд уг хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл санаачлан боловсруулснаа УИХ-ын дэд дарга Н.Энхболдод өнөөдөр өргөн барилаа.

Одоогийн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газрын хилийн заагийг тогтоох, ашигт малтмал хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн хэд нь, аль хэсэг нь дээрх хилийн заагт хамрагдсан цуцлах ёстой тусгай зөвшөөрөлд хамаарч байгаа, түүнчлэн тусгай зөвшөөрөл эзэмшигчдэд олгох нөхөн олговрын хэмжээг тогтооход ихээхэн бэрхшээл учирч байна. Мөн тусгай зөвшөөрлийг цуцалсны нөхөн төлбөр олгоход улсын төсөвт багагүй дарамт үзүүлэхэд хүрч байна гэж үзээд эрхэм гишүүд ийм хуулийн төсөл саначилжээ.

Иймээс уг хуульд “Хуучин улсын үйлдвэрийн газрууд, уул уурхайн үйлдвэрлэлээс нөхөн сэргээлт хийгдэлгүй орхигдсон газруудад тооллого явуулж, нөхөн сэргээх ажлын зардлын үнэлгээ, тооцох аргачлалыг Засгийн газар тогтооно”, “хуулийн 4.1 дэх хэсэгт заасан хилийн заагт хамрагдаж байгаа тусгай зөвшөөрөл эзэмшигчид хуулийн дагуу эвдэрсэн газрын нөхөн сэргээлтийг бүрэн хариуцна” гэсэн заалт нэмэхээр төсөлд тусгажээ. Мөн хуульд агуулгын хувьд “хориглох” гэсний өмнө “хязгаарлаж” гэж нэмж оруулах, хуулийн дөрөвдүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглоно” гэснийг “газрын хилийн заагийг Засгийн газар тогтооно”, мөн зүйлийн 4.5 дахь хэсгийн “хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохгүй” гэснийг “хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохгүй” гэж өөрчлөхөөр тусгасан байна.

Shuud.mn
Сонин хачин