Гадаад хэргийн сайд Мюнхений бага хуралд оролцлоо
2015-02-08

Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений 51 дэх удаагийн бага хуралд оролцов. Бага хуралд 20 орчим орны төр, засгийн тэргүүн, 60 гаруй орны Гадаад хэргийн сайд, Батлан хамгаалахын сайд, Европын Холбоо, НАТО-гийн удирдлага зэрэг өндөр түвшний төлөөлөгчид оролцсон байна. Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн арга хэмжээний үеэр бага хурлын хүрээнд зохион байгуулагдсан салбар хуралдаанд оролцож, бага хурлын дарга В.Ишингер болон зарим орны төлөөлөгчидтэй хоёр талын уулзалт хийжээ.

са

Сүүлийн 50 жилийн хугацаанд Аюулгүй байдлын асуудлаарх Мюнхений бага хурал нь олон улсын аюулгүй байдлын салбарт чухал форум болон хөгжиж ирсэн. Хүйтэн дайн дууссанаас хойш бага хурлаар хэлэлцэх асуудлын цар хүрээ тэлж, зөвхөн Евро-Атлантын бүс нутгийн аюулгүй байдал төдийгүй олон улс, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлыг ул суурьтай хөндөх болсны зэрэгцээ оролцогч орон, байгууллагын тоо байнга өсч, дээрх чиглэлээр өргөн хүрээний хэлэлцүүлэг өрнүүлж, олон улсын стратеги, бодлогыг тодорхойлдог нэр хүндтэй чуулган болоод байна. Бага хуралд эдүгээ дэлхийн улс орнуудын төр засгийн тэргүүн, парламент, засгийн газрын төлөөлөгчид, цэргийн албан хаагчид, эрдэмтэд, судлаачид, хэвлэл мэдээллийн төлөөлөгчид өргөнөөр оролцдог аж.

ыя

Олон улс болон бүс нутгийн тулгамдсан асуудлаар дэлхийн нөлөө бүхий шийдвэр гаргагчид яриа хэлэлцээ өрнүүлдэг Мюнхены бага хурлын энэ удаагийн үндсэн сэдэв нь Украины хямрал байв. АНУ-ын дэд ерөнхийлөгч Ж.Байден, Украины Ерөнхийлөгч П.Порошенко, ХБНГУ-ын канцлер А.Меркель, ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров нар энэ сэдвээр өөрийн байр сууриа илэрхийлж үг хэлэв. Украины хямралыг зөвхөн яриа хэлэлцээний замаар шийдвэрлэх шаардлагатайг ХБНГУ-ын канцлер онцлоод оролцогч талуудыг яриа хэлэлцээнд идэвхитэй оролцохыг уриалав.

й

Түүнчлэн төр нийгмийн нэртэй зүтгэлтнүүдийн "Ахмадууд" клубээс НҮБ-ын шинэчлэлийн асуудлыг хөндөж тэр дундаа Ерөнхий нарийн бичгийн даргын эрх үүргийг нэмэгдүүлэх, бүрэн эрхийн хугацааг дахин сонгогдох нөхцөлгүйгээр 7 жил болгох зэрэг тодорхой саналуудыг дэвшүүлсэн ажээ.

ы

П.Наран

Shuud.mn
Сонин хачин