Японд эсэргүүцлийн жагсаал болжээ
2015-02-10

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд барьцаалагдаж, улмаар амиа алдсан Кенжи Гото болон Харуна Юкавагийн амийг нэхэж Токио хотын иргэд жагссан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд гартаа “Би бол Кенжи”, “Би бол Харуна” гэж бичсэн лоозон барьцгаасан байна. Жагсаалд ойролцоогоор 2000 гаруй хүн оролцжээ. Энэхүү жагсаал эхлэхээсээ дуусах хүртлээ тайван явагдаж Ерөнхий сайд Шинзо Абег барьцааны иргэдээ хамгаалж чадаагүй хэмээн огцрохыг шаарджээ.


Зарим жагсагч Засгийн газраа хэвлэл мэдээллийн ажилчдад хориг тавьж, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд нь халдаж буйг буруутгажээ. Кенжи Гото амиа алдсны дараа “NHK”агентлагийн зураглаач Юучи Сугимото гэгч Иракт сурвалжлага бэлдэхийг хүссэн ч түүнд виз олгохоос татгалзсан юм. Хэт даврагчид Японы иргэдийг заналхийлж буйтай холбоотойгоор Засгийн газар иргэдээ Ойрхи Дорнодын орнуудад зорчихыг нь хориглосон билээ. Зураглаач Сугимото хэт даврагчидтай холбогдож, тусгай сурвалжлага бэлдэхээр төлөвлөж байжээ. Тэрбээр “Би Иракт заавал очих болно” гэж блогтоо бичжээ. Амиа алдсан Японы хоёр иргэн Сири, Иракт сурвалжлага бэлдэж байхдаа хэт даврагчдад барьцаалагдсан юм.


Б.Дэлгэрцэцэг


Shuud.mn
Сонин хачин