“Талын мэлмийн дасал зүрх”-ийг тольдоорой
2015-02-10

“Талын мэлмийн дасал зүрх”  үзэсгэлэн  СТӨ-нд нээлтээ хийлээ. Үзэсгэлэнд ӨМӨЗО-ы гэрэл зурагчин Хүчит, Ли вэншэн, Жан Минюу, Хан-Оргил нарын  морины сэдэвтэй 200 гаруй гэрэл зураг тавигджээ. Үзэсгэлэнгийн нээлтэд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, БСШУ-ы дэд сайд н.Тулга Монгол Улсын Шадар сайдын зөвлөх Б.Энхтайван нарын албаны хүмүүс оролцов. Тус үзэсгэлэнгийн талаар Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгийн дарга С.Батхуягаас зарим зүйлийг тодруулахад:

ө

-Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны нийгэмлэг ӨМӨЗО-ы гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгтэй хамтарч Өвөрмонголын таван уран бүтээлчийн гэрэл зургийн үзэсгэлэнг Монголд  гаргаж байна. Эдгээр уран бүтээлчид нь монгол ахуй, зан заншил, монгол морины чиглэлээр дагнан судалж, гэрэл зурагтаа буулгадаг. ӨМӨЗО-ы гэрэл зургийн уралдаанаас эдгээр гэрэл зурагчид шалгарч Монголд уран бүтээлээ гаргах эрхээр шагнуулсан байна. Тиймээс манай нийгэмлэгтэй хамтраад үзэсгэлэнгээ гаргалаа. 2014 оны хувьд Монгол-Хятад хоёр улсын хувьд хамгийн тааламжтай харилцаатай жил байсан. Өнгөрсөн онд хоёр улсын төрийн тэргүүн нар таван удаа уулзалдсан байна. БНХАУ-ын төрийн тэргүүн манай улсад айлчилсан. Энэ үзэсгэлэн хоёр орны харилцааны сайхан уламжлалын түүчээ,  2015 онд анх удаа соёлын хамтын ажиллагааны эхлэл боллоо.

ө

Энэ онд манай нийгэмлэгээс хэд хэдэн ажил хийхээр төлөвлөж байгаа.  БНХАУ болон ОХУ-тай хамтарч фашизмыг ялсны 70 жилийн ойн арга хэмжээг гурван улстай хамтарч өргөн дэлгэр тэмдэглэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд үзэсгэлэн, форумын арга хэмжээг зохион байгуулна.

ө

Энэ онд “Торгоны зам”-ын дагуух улс, хотуудын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааг эхлүүлэх жил болгохоор шийдвэрлэсэн. Монгол-Хятадын худалдаа, эдийн засаг, соёлын хамтын ажиллагааны нийгэмлэгээс Монголоо төлөөлж долоон улс  оролцсон арга хэмжээнд оролцож ,гэрээнд гарын үсэг зурсан.  Тиймээс “Торгоны зам” дагуух улс орнуудтай худалдаа, эдийн засаг, соёл, аялал жуучлалыг хөгжүүлэх бүсчилсэн ерөнхий төлөвлөгөөнд Монгол Улс хамрагдаж чадсан гэдгийг хэлмээр байна. Энэ хүрээнд Сар шинийн өмнөхөн монгол ахуйг гэрэл зурагтаа буулгадаг уран бүтээлчдийн бүтээлийн үзэсгэлэнг дэлгэн харуулж байна. Энэ гэрэл зургийн үзэсгэлэнгээс  монгол ахуй, монгол мориныг сонирхон үзээрэй гэж хэлье гэлээ.

ө

Энэ арга хэмжээг н.Рэнцэн захиралтай  “Их эзэн Чингис” групп ивээн тэтгэсэн байна.  Гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 10-13-ны хооронд үргэлжлэх ажээ.

ө

б

Н.Энх

Гэрэл зургийг П.Наран

Shuud.mn
Сонин хачин