Шадар сайд Стандартчилал, хэмжил зүйн газарт ажиллалаа
2015-02-12

Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх Стандартчилал, хэмжил зүйн газрын үйл ажиллагаатай танилцаж, удирдах ажилтны зөвлөгөөнд оролцлоо.


Стандартчилал, хэмжил зүйн газар төрийн захиргааны байгууллагуудаас анх удаа Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн “Чанарын удирдлагын тогтолцоо”-г  нэвтрүүлж байгаа, Авлигатай тэмцэх газрын “Төрийн байгууллагын шударга байдлын түвшингийн үнэлгээ”- ээр Засгийн газрын 27 агентлагаас хоёр дугаар байрт шалгарсанд Шадар сайдын зүгээс талархал илэрхийлж баяр хүргэлээ. 


Олон улсын зах зээлд өрсөлдөх чадвартай эдийн засгийг бэхжүүлэх, төр, хувийн хэвшлийн түншлэлийг шинэ шатанд гаргаж,  бизнест ээлтэй орчныг бүрдүүлэх, Европын Холбооны нийтлэг зарчим, хэм хэмжээ, стандартыг Монгол Улсад нэвтрүүлэх бодлого,зорилтыг хэрэгжүүлэхэд стандартчилал, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаа чухал үүрэг  гүйцэтгэдгийг онцлоод хууль эрх зүйн хүрээнд үндэсний чанарын бодлого, хөтөлбөрийг боловсруулж хэрэгжүүлэх, мөн ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд үзүүлдэг дарамт шахалтыг багасгах тал дээр нь онцгой анхаарч ажиллах шаардлагатайг цохон тэмдэглэв.



Шадар сайдын зүгээс аймгуудын Стандартчилал, хэмжил зүйн хэлтсийн байрны засвар үйлчилгээг сайжруулах, хэмжих хэрэгсэл, эталон тоног төхөөрөмжийг шинэчлэх, тус хэлтсүүдийн ажилтан, алба хаагчдын зэрэг дэвийг Улаанбаатар хотод ажиллаж буй ажилтан, алба хаагчдын зэрэг дэвтэй адил болгох зэрэг асуудлыг шийдвэрлэхээ илэрхийлсэн нь тус газрын хамт олны талархлыг хүлээлээ.


Уулзалтын төгсгөлд Шадар сайд Стандартчилал, хэмжил зүйн газрын хамт олонд хандан “Стандарт гэдэг бол иргэд, аж ахуйн нэгжид торгууль тавих хэрэгсэл байх ёсгүй.  Стандарт нь үйлдвэр, аж ахуйн нэгжийн тарифын бус саад байх ёсгүй. Өөрөөр хэлбэл хөгжлийн саад байх учиргүй” гэлээ. Мөн шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч хэрэгжүүлж уян хатан ажиллахыг үүрэг болголоо.


Shuud.mn
Сонин хачин