Шинийн долоонд айл хэсэхийг цээрлэдэг
2015-2-21

Сар шинийн өдрүүдэд хамгийн их тэвчиж, цээрлүүштэй нь уур, шунал, мунхаг гурав гэдэг. Мөн үйл хийх, хуучин хувцас хунар оёж шидэхийг цээрлэдэг байна. Архи ууж, хөлчүүрхэж агсам согтуу тавих, шинэ сарын идээ будаанд эзний зөвшөөрөлгүй, өөрөөр хэлбэл, “За идээ будаа зоогло” гэж хэлэхээс өмнө идээ будаанд хүрэх, самардах зэргийг цээрлэдэг байна.

Монголчууд хэзээнээс нааш сар шинийн баяраар юм нүдэх дуу чимээ гаргах ус түлээ базаахыг цээрлэдэг. Ялангуяа шинийн гуравны дотор усанд явбал нагац нь гэмд, унах буюу цөв болно. Уйлах, муудалцаж хэрэлдвэл тэр жилдээ хэрүүл шуугиан тасардаггүй гэдэг. Мөн шинийн нэгний өдөр айлд хоновол дараагийн жил гартал айлаар хоноглодог хэмээдэг байна.

Айлчин гийчнийхээ өмнөөс гарч явах, шинийн нэгэнд үнс хогоо гаргах нь ч зохисгүй аж. Сар шинийн өдөр хэвтэх, унтахыг цээрлэдэг төдийгүй, өвчтэй хэвтэрт байгаа хүнийг ч хувцаслаж орон дээр нь суулгадаг заншилтай. Энэ нь эрүүл энх байхыг бэлгэдэж буй хэрэг аж. Шинийн долоонд айл хэсэх, гадагш зочлохыг цээрлэж долоон бурхан одонд цацал өргөдөг байна.

Сар шинээр эхний өдрүүдэд тухайлбал 1-2-нд аян замд гарах, уйлах, шинийн долоонд ах, дүү амраг садныдаа зочлохыг цээрлэдэг байна. Учир нь энэ өдрийг хар өдөр хэмээдэг аж. Харин долоон бурхан одыг дээдэлж сүүн цацал өргөдөг уламжлалтай.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
baagii:
saihan medeelel bna bayrlalaa
2015-02-23