“Сувдан хэлхээ” өдөрлөг гурав дахь жилдээ зохиогдлоо
2015-03-06

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Сувдан хэлхээ” баярын өдөрлөг ШШГЕГ-ын харьяа Эмэгтэйчүүдийн хорих 407 дугаар ангид өчигдөр зохиогдлоо. Энэхүү арга хэмжээг НИТХ-ын зургаан эмэгтэй төлөөлөгч гурав дахь жилдээ зохион байгуулж байгаа аж. Эмэгтэйчүүд өөрсдийгөө хясаанд нуугдсан сувд гэж төсөөлвөл илүү олуулаа холбоотой хэлхээтэй байснаар илүү хүчирхэг, илүү өнгөлөг, илүү цогц болно гэсэн зорилготой юм байна. Хорих ангид хүмүүжиж байгаа бүсгүйчүүд, ээжүүд эрхээ хязгаарлуулсан ч жилд ганц тохиодог Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрөөр тэднийг баярлуулж, урам зориг өгөх нь тэдэнд ихээхэн сэтгэлийн тэнхээ өгдөг гэдгийг зохион байгуулагчид онцоллоо.

ы

Энэ удаад Эмэгтэйчүүдийн хорих ангид уг төслийг санаачлагч НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс, Ц.Алтанцэцэг нар бүсгүйчүүдтэй уулзсан бол Соёлын тэргүүний ажилтан, дуучин Т.Дэлгэрмөрөн өөрийн амьд хөгжмийн “Диваажин” хамтлагийн хамт уран бүтээлийн дээжээсээ толилуулсан байна. Мөн дуучин Н.Баяржавхлан хоёр дахь жилдээ тэдэнтэй уран бүтээлээрээ мэндчилжээ. Тус ангид хоригдож буй бүсгүйчүүд тоглолтын турш дуу бүрийг даган дуулж, сэтгэл сэргээсэн цоглог аянд тэдний нүд баяр, хөөрөөр бялхан байсан юм. Мөн энэхүү тоглолтын дараа төлөөлөгчид бүсгүйчүүдэд Алтанзул цэцэг, “Мандухай” брэндийн арьс арчилгааны бүтээгдэхүүний дээжээс бүрдсэн гарын бэлгээ гардуулж,  “Дэлхийд дурласан сар” киног толилуулжээ.

й

Сонирхуулахад, анх “Номтой нөхөрлөе” клубын Н.Хүлгэн гэж залуу НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгстэй холбогдож, хорих ангид байгаа эмэгтэйчүүдэд зорилуан ном цуглуулж эхэлсэнээ хэлж, “Та бидэнтэй нэгдэж оролцооч ээ” гэж байсан аж. Ном хандивлаж, цэцэг бэлдэж өгнөөр эхэлсэн уг арга хэмжээ ийнхүү гурав дахь жилдээ уламжлал болон зохиогдлоо. НИТХ-ын төлөөлөгч Л.Сайнтөгс “Бид эхлүүлсэн энэ ажлаа өргөжүүлэн жил бүр уламжлал болгоод явж байна” хэмээн ярьсан  бол НИТХ-ын төлөөлөгч Ц.Алтанцэцэг “НИТХ-ын зургаан эмэгтэй төлөөлөгч энэ арга хэмжээг санаа нэгдэн хамтран зохион байгуулдаг. Эмэгтэй хүмүүс учраас бид нийгэмд болж буй эмзэг асуудлуудыг хамгийн түрүүнд олж хардаг. Энд байгаа бүсгүйчүүд бол азай буурал аав, ээжийнхээ охин нь, халамжит ханийнхаа түшиг нь, үр хүүхдийнхээ ээж нь. Хүний амьдралын зам дандаа дардан байдаггүй учраас бид эдгээр бүсгүйчүүддээ сэтгэлийн дэм өгөхөөр энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг. Бүх эмэгтэйчүүдийг сувдтай зүйрлэх юм бол бид бие биенээ дэмжиж, бие биенээ түшиж сэтгэлээрээ хэлхээтэй явах учиртай” гэлээ.

й

ый

П.Наран

Shuud.mn
Сонин хачин