Манайд ирээрэй
2015-03-09

Бид Монголоо Ази, Африк, Автсрали, Европын холбооны улс зэрэг 190 улсын 10 мянга гаруй аялал жуулчлалын байгууллага, дэлхийн хэвлэл мэдээллийн 400 орчим төлөөлөгч, 175 мянган зочдод сурталчиллаа. Энэ алтан боломжийг Дэлхийн аялал жуучлалын хамгийн томд тооцогддог “ITB BERLIN” үзэсгэлэн олгосон юм. Дэлхийн аялал жуучлалын хамгийн томд тооцогддог “ITB BERLIN” үзэсгэлэнд манай улс  энэ жил анх удаагаа албан ёсны “Түнш орон”-оор оролцлоо. Манайх энэ үзэсгэлэнд 1989 оноос эхлэн оролцож ирсэн юм билээ. Харин энэ удаагийн буюу 25 жилийн дараа албан ёсны “түнш орон” болсон нь нэг талаас  бидний олон жилийн хичээл зүтгэл, нөгөө талаас олон улс манайхыг тольдон, аялал жуучлалын салбараас эхлээд Монголын хөгжлийг сонирхож байгаагийн илрэл болов уу. 




“ITB BERLIN” бидэнд дэлхийн аялал жуучлалын компаниудад эх орноо, Монголоо сурталчлах томоохон боломжийг нээж өглөө. Энэ арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд салбарын сайд, хотын мэр, бизнесмэнүүд оролцож, дэлхийг тамгалж явсан өвөг дээдсийн нутаг эх орноо, үзэсгэлэнт байгалиа, улсынхаа хөгжлийг, Улаанбаатараа  эрвийх, дэрвийхээрээ л хичээн сурталчилсан байх. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үзэсгэлэнг нээж “Манай ардын үгэнд “Аавын бийд хүнтэй танилц, агтны бийд газар үз” гэсэн сайхан үг байдаг. Чингис хаан, Атилла хаан зэрэг дэлхийн хамгийн том гүрнийг бий болгосон түүхтэй орныг үзье гэвэл, уудам тал нутаг, гайхалтай байгальд адал явдалтай аялал хийхийг хүсч байвал, эдийн засгийн өөрчлөлтийг хийж урагшлан хөгжиж байгаа улсыг үзье гэвэл Монголд ирээрэй. Би та бүхнийг өөрийн биеэр манай оронд тавтай морил гэж урьж байна” хэмээн жуулчдыг урин заллаа.


Статистикийн тооноос харахад манай улсад 2013 онд 417 мянган жуулчин, 2014 онд 392 мянган жуулчин ирсэн байна. Энэ үзэсгэлэн Европын аялал жуулчлалын зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ сурталчлах бололцоог улс орнуудад  олгодог. Тус үзэсгэлэнд оролцсоноор тухайн оронд ирэх жуулчдын урсгал 15-30 хувиар нэмэгддэг гэсэн судалгаа байдаг байна. Тухайлбал, 2010 онд “Түнш орон” статустай оролцсон Туркид ирэх жуулчдын тоо 2011 онд 9, 2012 онд 26, 2013 онд 20 хувиар тус тус өсч, дэлхийд хамгийн их жуулчин хүлээн авдаг орны зургаадугаарт жагсчээ. Жил бүрийн үзэсгэлэнгийн үеэр оролцогч аялал жуулчлалын аж ахуй нэгжүүд болон аялагчдын хооронд 6.5 тэрбум евротой тэнцэхүйц хэмжээний гэрээ хийгддэг байна. Тиймээс ч манайх ирэх онд жуулчдын тоог нэг саяд хүргэх зорилт тавилаа.


Жуулчид бол манай “зочин”. Зочдоо бид найрсаг угтан Монголын үзэсгэлэнт байгалиар аялуулж, өнөөгийн хөгжлийг сонирхуулж, тав тухтай аялуулан үдэн мордуулах үүрэгтэй. Нөгөө талаас жуулчид бол хөрөнгө оруулагчид. Хөрөнгө оруулагчдаа итгэлийг алдахгүй, Монголд дахин дахин ирж үйлчлүүлэх сонирхол нөхцөл, боломжийг мөн л бид  бүрдүүлэх хэрэгтэй билээ.


Энэ үзэсгэлэнд оролцсоноор “Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлалын салбартаа ихээхэн анхаарал хандуулж буйг дэлхий дахинд нотлохын зэрэгцээ аялал жуулчлалыг эрчимтэй хөгжүүлж, эдийн засгийн тэргүүлэх салбарын нэг болгох зорилтоо биелүүлэх чухал хөшүүрэг, түлхэц болох юм” гэдгийг албаны эх сурвалж өгүүлж байна лээ.


Зан сайтай айлд хүн болгон зочилно гэдэг шиг “хүнд үйлчилж” чадвал хүний сэтгэл нааш татагддаг. Тиймээс аялал жуулчлалын компаниуд ч зочдоо хэрхэн урин дуудаж, үйлчилгээгээ хэрхэн хүргэх талаар олон улсын энэ удаагийн үзэсгэлэнгээс ч бусдын туршлага судалсан биз ээ. Манай улс энэ үзэсгэлэнд “Mongolia, Nomadic by Nature” уриатай оролцсон. Одоо ирэх жилүүдэд жуулчдын тоо нэмэгдэх, аялал жуулчлалын салбар хүч түрэн хөгжих дэвшлийн үеийг харах, хүлээх л үлдлээ. Гадаадын жуулчид бидний албан ёсны урилгыг энэ жил ийнхүү хүлээж авлаа, манайд ирээрэй.



Н.Энхбат


Shuud.mn
Сонин хачин