Говь-Алтайн залуус хөгжлийн төвтэй болжээ
2015-03-09

Өнөөдөр Говь-Алтай аймгийн залууст зориулсан хөгжлийн төв  нээлтээ хийжээ. Монгол Улсын нийт хүн амын 39.1 хувийг 15-35 насны сая гаруй залуучууд эзэлж байгаа бол Говь-Алтай аймгийн нийт хүн амын 37.5 хувийг залуучууд эзэлж байгаа аж.

Говь-Алтай аймгийн залуучуудад хөдөлмөр эрхлэлт, боловсрол, эрүүл мэнд, шилжих хөдөлгөөнтэй холбоотой тулгамдсан олон асуудал байна.

Залуучуудын хөгжлийн төвтэй болсноор дээрх тулгамдсан асуудлуудыг орон нутагтаа шийдэх гарцыг олох, төрөөс залуучуудын хөгжлийн талаар хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээ болоод орчин үеийн мэдээ, мэдээллийн цаг тухайд нь авах, хөгжлийн бүхий л үйлчилгээг хүртэх, хэрэгцээтэй сургалтад хамрагдах, өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж орон нутгийн шийдвэр гаргах түвшинд нөлөөлөх тэр бүхий л боломжуудаар хангагдах юм.

Тухайлбал, Говь-Алтай аймгийн Залуучууд хөгжлийн төвийн дэргэд “Номын найз”, “Оюуны оргил” мэтгэлцээний клуб, Эгшиглэнт өнгө гитарын клуб, “Сайн аав” клуб, Эрүүл хоол-Эрүүл бие зэрэг залуучуудын хүсэл, сонирхолд тулгуурласан 10 орчим клубууд үйл ажиллагаагаа явуулж эхлээд байна.

 Мөн тус төв өсвөр үеийн хүүхэд, залуучуудад зориулан амьдрах ухааны сургалт, лекц хэлэлцүүлэг, компьютерийн сургалтыг тогтмол зохион байгуулж, залуучуудыг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх  боломжоор хангаж  байгаагаараа онцлог юм.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин