Цахимжсан эрүүл мэндийн даатгал
2015-03-12

Бид ирэх долдугаар сараас эхлэн эмнэлэг, үйлчилгээгээ өөрсдөө сонгож, эрүүл мэндийн цахим картаар үйлчлүүлж, даатгалын төлбөр нь тухайн оныхоо мөнгөн дүнгээс давсан бол хамаатан садандаа шилжүүлж туслах боломж, хууль эрхзүйн орчин бүрдлээ. Энэ бүхэн Эрүүл мэндийн даатгалын тухай шинэчилсэн хуулинд тодорхой зааж өгсөн байгаа. УИХ-ын сонгуулийн дараагаар төр, засаг шинээр бүрдэж, сайд нар томилогдсоны дараагаар эхний ээлжинд эрүүл мэндийн газрын дарга нарыг өөрчилж, эмнэлгийн тоног төхөөрөмжийг сольдог. Ингэснээр мэндийн салбарыг өөрчилсөн гэж хэлдэг. Гэвч эрүүл мэндийн салбарт өөрчлөлт ороогүй, ачааллаа даахгүй, эмч, эмнэлгийн ажилтан иргэдийн хооронд байнга зөрчил, үл ойлголцол үүссээр ирсэн билээ. Тиймээс эрүүл мэндийн салбарын тогтолцооны шинэчлэл, өөрчлөлтийг хийх хэрэгтэйг холбогдох хүмүүс хэлж байсан. Харин Эрүүл мэндийн даатгалын шинэчлэн баталсан хуулинд дээрх асуудал тусгагдсан байна.




Иргэний эрүүл мэндийн даатгалын зарчмыг өмнө нь хуульд тодорхой тусгаагаагүй байжээ. Харин энэ удаад хуулинд “Монгол Улсын иргэн бүр эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах ба даатгуулагчийн төлсөн шимтгэлийн хэмжээнээс үл хамааран эрүүл мэндийн улмаас үүссэн санхүүгийн эрсдлийг ижил хувааж төлөх зарчимд тулгуурлана” гэж тусгажээ.



Даатгуулагч ямар эрхтэй вэ


Даатгуулагчийн зургаан чиглэлийн эрхийг хуульчилж өгсөн байна. Эрүүл мэндийн чанартай, тэгш хүртээмжтэй тусламж үйлчилгээ авна. Тусламж үйлчилгээ авах эмнэлгийн байгууллагаа өөрөө сонгож үйлчлүүлнэ. Эрүүл мэндийн даатгалын талаар нээлттэй мэдээлэл авна. Эрх бүхий хуулийн этгээдэд гомдол гаргаж шийдвэрлүүлнэ. Тусламж үйлчилгээний чанар, зардал, төлбөрийн хөнгөлөлтөд хяналт тавина. Даатгуулагч эрүүл мэндийн сангаас олгох тусламж үйлчилгээний зардал нь тухайн жилийн зардлаас хэтэрсэн тохиолдолд гэр бүлийн өөр нэг гишүүний зардлаас жилд нэг удаа шилжүүлэн тооцож байхаар тус тус эрхийг нь хуульчилжээ.


Харин даатгуулагч нь шимтгэл ногдлын хэмжээг үнэн зөв мэдүүлэх, шимтгэлийг тогтоосон хугацаанд төлөх үүрэг хүлээж байна.



Эрүүл мэндийн даатгалын хувийг шинэчлэн тогтоолоо


Эрүүл мэндийн даатгалын хувь хэмжээг хуулиар анх удаа шинэчлэн тогтоосон байна. Даатгуулагчийн сарын шимтгэл нь түүний хөдөлмөрийн хөлсний 4-өөс доошгүй хувь байх аж. Үүний 2 хувийг ажил олгогч, 2 хувийг даатгуулагч өөрөө төлөх юм байна. Харин хувиараа хөдөлмөр эрхлэгчийн сарын шимтгэл нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 2-оос доошгүй хувь буюу сарын 3840 төгрөг байхаар хуульчилжээ. Энэ нь одоогийн мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ. Хэрвээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх юм бол энэ хэмжээ мөн өөрчлөгдөнө.


0-18 насны хүүхэд, оюутны даатгалын хэмжээг хөдөлмөрийн хөлсний нэг хувь буюу сарын 1920 төгрөгөөр тооцохоор хуульчилжээ. Өмнө нь уг хэмжээ сарын 670 төгрөг байсан аж. Мөн хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хүүхдээ 02 нас хүртэл харж байгаа эхчүүд, хугацаат цэргийн алба хааж байгаа иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцахаар хуульчилсан байна.



Зарим өндөр өртөгтэй тусламж үйлчилгээний зардлыг  даатгалд хамруулжээ


Шинэ хуулиар даатгуулагч хүсвэл эрүүл мэндийн тусламж үйлчилгээний багцыг өргөжүүлжээ. Өмнө нь хэвтүүлэн эмчлэх, амбулаторийн үзлэг, хавдрын бус үйлчлэлийн хөнгөвлөх тусламж үйлчилгээ, уламжлалт, оношлогоо зэрэг нийтдээ 9 төрлийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байсан. Үүнд шинээр хорт хавдрын өвчлөлийн тусламж үйлчилгээг хамруулжээ. Сүүлийн жилүүдэд хавдрын өвчлөл ихэссэн байна. Энэ өвчнийг эмчлүүлэхэд эдийн засгийн болон сэтгэлзүйн хувьд өвчтөнд маш том дарамт ирдэг аж. Түүнчлэн тархи, зүрх, бөөр, бүдүүн шулуун гэдэс, чих хамар хоолойн эмгэг гэх зэрэг өндөр өртөгтэй зарим тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгслийг Эрүүл мэндийн даатгалын сангаас хариуцдаг байхаар тусгажээ.


Аймаг, дүүргийн амбулаторийн төрөлжсөн эмчийн бичсэн эмийн жороор үнийн хөнгөлөлт үзүүлэхээр заасан байна. Өмнө нь хоёрдугаар шатны эмнэлгийн бэлдсэн эмийн жороор хөнгөлөлт үзүүлдэггүй байжээ. Зарим төрлийн сэргээн засах зориулалтаар хийгдэх өвдөгний үе солих гэх мэт хиймэл эрхтний эмчилгээний зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлэхээр болсон байна. Өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвд үзүүлэх зардлыг мөн хамруулжээ. Хорт хавдрын хийн болон туяаны өдрийн эмчилгээний зардал ч хамрагджээ. Түүнчлэн жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараах үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээг ч хариуцахаар хуульчилжээ.


Хуульд эрүүл мэндийн эмчилгээ, тусламж үйлчилгээ үзүүлэх байгууллагын хариуцлагыг ч тусгасан байна. Даатгуулагч бүр эрүүл мэндийн цахим карттай байх аж. Эрүүл мэндийн дэвтэр цахим картаар солигдож байгаа юм. Ингэснээр цахим картад тухайн иргэний өвчний түүхийг агуулсан мэдээллийн сан байх юм байна. Цахим карт нь эрүүл мэндийн үйлчилгээ авах хэрэгсэл бөгөөд эрүүл мэндийн байгууллагад төлбөр гүйцэтгэх мэдээллийн хэрэгсэл болох ажээ. Харин иргэдийн дунд цахим картанд өвчний бүрэн мэдээлэл, түүх багтсаныг сайшааж байгаа ч давхар сэрэмжилж байна лээ. Хэдийгээр тангараг өргөсөн эмч хүн ч хэн нэгний дарамт, шахалтаар аль нэг хүний өвчний түүхийн талаар олон нийтэд мэдээлэх, буруугаар ашиглах зэрэг сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхааруулж байсан.


Хууль ирэх долдугаар сараас мөрдөгдөж эхлэх ч 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс  үндсэн үйл ажиллагаандаа шилжинэ гэж мэргэжилтнүүд үзэж байна.



Н.Энх


Shuud.mn
Сонин хачин
zochin:
yaj ch tsahimjaad naad emd chin jinhene ard tumend heregtei em daatgal mun uu gej asuumaar baina
2015-03-12
яанаа:
маны санаачилгаар хѳдѳѳний малчид нд тѳлѳх эрхээ тэрч бүү хэл улсад татвар тѳлѳх эрхээ хасуулчихсан тууж яваа ш дээ. нийгмээс адлагдан шоовдорлогдсон тэд маань одоо яанаа таминь!
2015-03-12