“Мөрөөдлийн жагсаалт” болгохгүйн төлөө ажиллана
2015-03-19

Сангийн сайд Ж.Эрдэнэбат цаг үеийн асуудлаар мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

х

-Засгийн газрын  ойрын хугацаанд  хийхээр төлөвлөсөн ямар ажил  байна?

-Төлбөрийн тэнцлийн алдагдал болох 1.4 тэрбум доллар, төсвийн 1.2 их наяд төгрөгийн алдагдал хамгийн их санаа зовоож байна. Тиймээс эхний ээлжинд энэ хоёр алдагдлыг  хоёуланг нь бууруулах,  төлбөрийн тэнцлийн алдагдлыг балансжуулахад анхаарал хандуулж байна. Засгийн газрын хувьд 3 их наяд төгрөгийг дотоод бондоосоо хэрэглэчихсэн байж байна.Энэ 3 их наяд төгрөг нийт арилжааны банкуудад эргэлдэж байгаа зээлийн 25 хувь. Засгийн газар нь эдийн засаг руугаа орох мөнгөнөөсөө 25 хувийг татаж авчихаад эдийн  засгаа тэлнэ, өргөжүүлнэ гэж ярихад хүнд. Тэгэхээр нэг талдаа  төлбөрийн тэнцлийн алдагдал, төсвийн алдагдал гэх хоёр том  тоог бууруулах чиглэлд бодлогын арга хэмжээ зохион байгуулах ёстой. Төсвийн алдагдлыг  гадны санхүүгийн байгууллагаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл авах замаар бууруулъя гэж байгаа. Нөгөө талаас валют Монгол Улс руу орж ирж байгаа гэдэг утгаараа төлбөрийн тэнцлийн алдагдлаа бууруулах боломжтой. Төсвийн нийт алдагдал 3 их наяд. Гурван их наяд төгрөгийн дотоод бондынхоо  ядаж 50 хувь буюу 1.5 буюу 800 сая долларыг эдийн засагтаа оруулахаар  гадны санхүүгийн байгууллагад хандаж байна. Энэ нь авч хэрэгжүүлэх гэж байгаа эхний алхам. Манай улс импорт голлосон  учраас төлбөрийн тэнцлийн алдагдал өндөр байна.

р

-Эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөрийн хүрээнд  хэдий хэмжээний валютын урсгал бий болно гэсэн тооцоо байгаа вэ?

-Нарийвчилсан төлөвлөгөө боловсруулах шаардлагатай байгаа. Боловсруулахдаа биелдэггүй мөрөөдлийн жагсаалт гаргах хэрэггүй. Харин биелэх боломжтой төлөвлөгөө гаргаад түүнийгээ хариуцсан яамд нь араас нь явах хэрэгтэй. Өнөөдрийн  түвшинд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулахыг хэлэх боломжгүй байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар нарийвчилсан төлөвлөгөөгөө батална. Энэ  үед нь эргээд мэдээлэл өгч болно.

х

-Засгийн газар өр нэмж авах боломж байгаа юу?

-Монгол банк Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн. Одоо Монголбанкийг үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс гаргахаар яриа хэлцлийг Ажлын хэсгийн   түвшинд хийсэн. Удахгүй  Засгийн газраас  шийдвэр гарна. Ингэснээр өрийн  хэмжээ нэмэгдэх нөхцөл үүснэ. 290 тэрбум төгрөгөөр өрийн хэмжээ нэмэгдэнэ. Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр гэж үзээд компанийн тухай хуулиар орон нутгийн болон төрийн өмчит компаниуд дүрмийн сангийнхаа  хүрээнд хариуцлагаа хүлээх хуультай. Тэгэхээр төрийн болон орон нутгийн өмчийн компаниудыг Засгийн газрын өрөөс гаргасан. ингэснээр 450 орчим сая ам.долларын орон зай үүсч  байгаа. 450 сая долларыг урт хугацаатай хөгжлийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд  зарцуулахаар ярьж байна. Гол нь өнөөдрийн тооцооллоор үлдэж байгаа орон зайны 70-80 хувь нь шинэ нисэх буудлын Японоос авч байгаа хөнгөлөлттэй зээлийн хүрээнд зарцуулагдах дүр зураг байгаа.

р

-300 сая  долларын бондыг Төрийн банк гаргахаар болсон гэсэн.  Энэ нь Засгийн газрын өрийн хэмжээнд нөлөөлөх үү?

-Өрийн удирдлагын хуулиар Засгийн газрын өр, улсын өр гэдэг ойлголттой болсон. Төрийн банк бол орон нутгийн   компани. Төрийн банкны авч байгаа өр бол Засгийн газрын өрд хамаарахгүй. Өөрөөр хэлбэр өрийн тааз буюу 58.3 хувьд хамаарахгүй.

р

-Тавантолгой төслийн хэлэлцээр гацсан гэсэн. Хэлэлцээрийг урагшуулах тал дээр ахиц гарсан болов уу?

-Томоохон орд газруудыг ашиглах ёстой гэдэг байр суурин дээр УИХ, Засгийн газар нэгдсэн. Тавантолгой  төсөл дээр Засгийн газраас ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Ажлын хэсэг дээр  бүх талын тохиролцоонууд хийгээд Монгол Улсын эрх ашигт нийцсэн байвал энэ төсөл цаашаа явна.

р

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хууль батлагдсанаар эдийн засагт ирэх эерэг нөлөөг яаж харж байна вэ?

-Монгол Улсад далд эдийн засаг их байна гэж яриад байгаа. Энэ утгаараа эдийн засгийн өршөөл үзүүлэх нь үр дүнгээ өгнө. Нөгөө талаас бид Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийг  өргөн барьсан байгаа ч урамшууллын системийг нэмж оруулахаар ажлын хэсэг байгуулаад байна. Хэд хэдэн улс орны туршлагыг судалж байна. Ерөнхий сайдын дэргэдэх Эдийн засгийн зөвлөл дээр энэ асуудлыг ярилцсан. Энэ үеэр урамшууллын системийг зөв зүйтэй ажил гэж дүгнээд байгаа.  Эрдэмтэн судлаачдынхаа байр суурь, саналыг сонсч байна. Эдийн  засгийн хүндрэлийг даван туулах төсөл мөрөөдлийн жагсаалт  болгохгүйн төлөө  ажиллаж байна.

о

-Манайд Дэлхийн банк зэрэг олон улсын байгууллага  муу гэсэн үнэлэлт өгч байна.  Гадаад нэр хүндээ өсгөх боломж байна уу?

-Мэдээж гадны  байгууллагууд бидэнд муу  гэсэн үнэлэлт өгч байна. Үзүүлэлт дандаа буурч байна.  Цаашдаа гадаад нэр хүндээ өсгөх тал дээр тодорхой арга хэмжээ авах шаардлагатай. Эхний хэсэг нь эдийн засгийн хүндрэлээс гарах хөтөлбөр юм. Бид  ОУВС-гаас өгсөн  зөвлөмжийн дагуу  хөтөлбөрөө баталлаа.

о

-Хөрөнгийн биржийн удирдлагыг  солих асуудал яригдаж байгаа юу?

- Одоогийн удирдлага нь ажлаа хийж байгаа. Миний зүгээс  гаргасан ямар нэг шийдвэр байхгүй.

о

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин