Аялал жуулчлалын үзэсгэлэн үргэлжилж байна
2015-03-22

“International travel mart 2015” үзэсгэлэн гуравдугаар сарын 21, 22-нд Мишээл экспо төвд болж байна. Энэ жилийн үзэсгэлэнд Өвөрхангай, Өмнөговь, Хөвсгөл, Архангай, Хэнтий, Төв зэрэг 14 аймаг нэгдсэн зохион байгуулалттайгаар, 130 орчим аж ахуйн нэгж, байгууллага бие даан оролцож байгаа юм.

Байгаль орчин ногоон хөгжлийн яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байгуулж байгаа юм. Мөн 21 аймгийн Аялал жуулчлалын газрын дарга, мэргэжилтнүүд, Хөтөч тайлбарлагчдын холбоо, Зочид буудлын холбоод хамтран орон нутгийн мэргэжилтнүүдэд хоёр өдрийн сургалт зохион байгуулж байна.

Энэ жилийн Архангай аймаг түнш аймгаар оролцож байгаа аж. Ингэснээрээ тус аймгийн аялал жуулчлалын бүс нутгуудыг сурталчилах, хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм байна.

Үзэсгэлэнгийн талаар МАЖХ-ны удирдах зөвлөлийн гишүүн Х.Ариунчимэг хэлэхдээ, “Монгол улсад аялал жуулчлалын салбар хөгжөөд 60 жилийн ой болж байна. Хариуцлагатай аялал жуулчлалыг Монголд хөгжүүлэх нь манай холбооны зорилго. Аялал жуулчлалын салбарт зохиож буй хамгийн том үйл ажиллагаа гэж хэлж болно. Нэг талаасаа гадаадад Монголын сурталчилгаа явж байна. Орж ирж буй гаднын жуулчдыг хэрхэн хүлээн авч, сэтгэл санаа өндөр байх вэ гэдэг нэг ажил байна гэсэн үг. Нөгөө талаар Монголчууддаа зориулаад манай гайхамшигт байгаль ийм байна. Бид ингэж аялаж болох нь гэдгийг харуулж байна. Мөн Монголчууд гадагшаа аялах ямар боломж байна вэ гэдгийг мэдээлж өгдгөөрөө энэ үзэсгэлэнгийн ач холбогдол өндөр байгаа юм” гэсэн билээ.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин