“ISIS”-ийн талаар хэн юу хэлэв
2015-03-26

Олон улсыг заналхийлж буй Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэл буюу “ISIS”-ийн тухай дэлхийн удирдагчид ямар байр суурьтай байгааг хүргэе.

 

Иргэн нь улсаа заналхийллээ

 

Тунисийн Ерөнхий сайд Хабиб Эссид

“Бардо” музейд болсон халдлагыг хэт даврагчид үйлдсэн нь тогтоогдсон. Гэхдээ “Халифын вант улс” бүлэглэл дээрх халдлагыг үйлдснээ хүлээн зөвшөөрсөн ч жинхэнэ халдлагыг Тунисийн иргэд үйлдсэн. Манай улсын иргэд нүүдлийн шувууд адил Сири, Иракийг зорьж, эх орноо заналхийлэх боллоо. Бид энэ бүхнийг зүгээр хараад сууж болохгүй.

 

 

Бид өшөөгөө авах болно

 

Японы Ерөнхий сайд Шинзо Абе

Хэдхэн хоногийн өмнө Тунисийн нийслэл хотноо байрлах музейг хэт даврагчид барьцаалж, 22 хүний аминд хүрсэн. Амиа алдсан хүмүүсийн дунд Японы таван иргэн бий. Өнөөдрийг хүртэл харамсалтайгаар амиа алдсан иргэдийнхээ төлөө шаналж байна. Мөн энэ оны эхээр хэт даврагчид Японы хоёр иргэнийг цаазалсан. Бид энэ аймшигт хэргийг мартаагүй гэдгийг мэдэгдье.

 

Хэвлэлүүд буруу мэдээлэл цацаж байна

 

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассад

Олон улсын хэвлэлүүд “Халифын улс”-ыг Сирийг эзэлсэн хэмээн мэдээлж байна. Бодит, баттай мэдээллийг Засгийн газар л өгөх болно. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар Сири хэдийнэ ялагдал хүлээгээд, колони улс болсон мэтээр бичиж байна. Худал мэдээлэл тараасан бүхэнд хариуцлага хүлээлгэж, хуулийн дагуу шийтгэх болно.

 

Ирак заналхийллээс салах учиртай

 

Иракийн Ерөнхийлөгч Фауд Масум

Намайг ард түмэн минь юу ч хийхгүй, гараа хумиж байна гэж буруутгаж байна. Би хэт даврагчидтай тулалдах нарийн төлөвлөгөөг боловсруулж байна. Ирак заналхийллээс салах учиртай. Бидний тооцоолсноор хэт даврагчдаас 1-1.5 жилийн дараа салах болно.

 

 

Бид амархан хоол биш

 


Иракийн Ерөнхий сайд Хайдар аль Абади

Иракийн армийн цэргүүд Тикрит хотыг эргүүлэн авсан. Бид түүхэн ялалт байгуулсан. Энэ үйл явдал Ирак эх газраа хэрхэн хамгаалж чаддагийг баталлаа. Бид амар хоол биш гэдгээ хэт даврагчдад ойлгуулсан.

 

Тусламжийн цувааг дээрэмдэж байна

 


НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн

Хэт даврагчид энэ сарын байдлаар олон улсын тусламжийн цуваа руу 40 гаруй удаа халдаж, олон хүний аминд хүрлээ. Нийслэл Багдадаас холгүй байрлах Санжир ууланд бүгэж буй “Язидис” үндэстэнг хамгаалах шаардлагатай байна. Тус хүмүүст хүмүүнлэгийн тусламж хүргэхгүй бол үндэстэн тэр аяараа мөхөх аюулд орлоо.

 

 

Гол эзнийг нь олох хэрэгтэй

 

АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама

Холбоотон орнууд Иракт цохилт өгч, хэт даврагчдыг устгасаар байна. Сонирхолтой байна. Тус бүлэглэл дайчдаа алдаж байгаа ч улам хүчирхэгжиж байгаа. Тагнуулын мэдээллээр тус бүлэглэлийн зэвсгийн агуулах нэг улсын армийн нөөцтэй тэнцүү байна. Тиймээс цохилт, дайралтаа түр зогсоож, тэдний жинхэнэ эзэн, гол санхүүжүүлэгчийг нь олох учиртай.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин