Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам батлагдлаа
2015-03-26

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурал өчигдөр болж салбарын үйл ажиллагаанд чухал ач холбогдолтой хэд хэдэн шийдвэр гаргасан байна. Уг хурлаас гарсан гол шийдвэрүүдийн нэг нь уг хурлаар батлагдсан “Үнэт цаасны зах зээлийг урвуулан ашиглахаас сэргийлэх тухай журам” юм. 

Уг журмын хүрээнд Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд тусгагдсан үнэт заасны зах зээлд дотоод мэдээлэл ашиглан арилжаанд оролцох, зах зээлийг урвуулан ашиглахыг хориглох үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооноос нарийвчлан зохицуулна. 

Ингэснээр хөрөнгийн зах зээлд хувьцаа болон бусад үнэт цаасны ханш чөлөөтэй, шударга, эрэлт, нийлүүлэлтийн үндсэн дээр тогтох боломжтой болох юм. 

Мөн Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Бодлогын зөвлөлийн ажиллах журмыг шинэчлэн баталжээ. Бодлогын зөвлөл нь банкнаас бусад санхүүгийн зах зээлд баримтлах ойрын болон дунд хугацааны бодлогыг тодорхойлон, судалгаанд үндэслэн санал, дүгнэлт, зөвлөмжийг Хороонд ирүүлэх юм. Ингэснээр санхүүгийн мэдлэгийг олон нийтэд хүргэх үндсэн чиг үүрэгтэй ажиллах илүү таатай орчин нөхцөл бүрдээд байна. 

Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хурлаар мөн тус хорооны Улсын байцаагчийн дүрмийг шинэчлэн баталлаа. Санхүүгийн зохицуулах хорооны Улсын байцаагчийн дүрэм нь улсын байцаагчийн бүрэн эрх, хүлээх ҮҮРЭГ, хариуцлага бойлон санхүүгийн зах зээлийн зохицуулалтад холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн Хорооноос гаргасан дүрэм, журмыг биелүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулдаг. Уг дүрмийг Хорооны хуралдаанаар шинэчлэн баталлаа. 

Учир нь дүрмийн зарим зүйл заалт оновчгүй томьёологдсон, мөн Хорооны зохицуулалтын хүрээнд шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээ нэмэгдэж байгаатай холбогдуулан шинэчлэн батлах шаардлага тулгараад байсан юм. Дүрэм шинэчлэн батлагдсанаар байнгын ажиллагаатай “Улсын байцаагчийн зөвлөл” ажиллахаар боллоо. Мөн хууль, эрх зүйн уялдаатай нэр томьёоны тайлбар оруулж, улсын байцаагчийн үйл ажиллагааны үндсэн чиг үүргийг шинэчилсэн ач холбогдолтой шинэчлэлт боллоо.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин