Х.Отгонтуяа: “Спартак” намайг гайхшруулж чадсан
2015-03-26

“Дэлхийн театрын өдөр”-ийг тохиолдуулан Улсын дуурь бүжгийн эрдмийн театрт “Балетын үдэш” өвөрмөц гала тоглолт болно. Уг тоглолтыг “Төгөлдөр” сан дэмжиж олны хүртээл болгох гэж буй юм. Энэ талаар тус сангийн тэргүүн Х.Отгонтуяатай ярилцлаа.

 

-Танай сан УДБЭТ-ийн олон уран бүтээлд дэмжигч байгууллагаар ажиллаж байсан. Удахгүй дахин нэг уран бүтээлийг дэмжиж ажиллахаар болсон гэж сонслоо. Энэ талаар дэлгэрүүлж ярихгүй юу?

-Тиймээ. Ирэх сард “Үнсгэлжин” балетыг тайзнаа тавихаар зэхэж байна. Энэ бүтээлд “UB вallet” балетын сургууль, Хөгжим бүжгийн коллежийн оюутан сурагчид оролцож байгаагаараа онцлог юм. Уг балетыг монголын тайзнаа тавих саналыг ОХУ-ын Театр урлагийн их сургуулийн балетмейстер Э.Долгормаа анх гаргасан байгаа. Харин балетад бүжиглэх хүүхдүүдтэй балетмейстер Гэрэлтуяа маань ажиллаж байна. Манай сангийн зүгээс Монголын сонгодог урлагт шинэ залуу боловсон хүчин бэлтгэх ажлыг нь дэмжиж байна.

 

-“Үнсгэлжин” бүжгэн жүжиг маань хэзээнээс үзэгчдийн хүртээл болох вэ?

-Ирэх дөрөвдүгээр сарын 10-наас тоглохоор төлөвлөж байна. Үүний дараа манай “Төгөлдөр” сан Улаанбаатар чуулгатай хамтран модерн бүжгийн тоглолт хийхээр төлөвлөж байгаа.

 

-Энэ удаагийн балетын тоглолт гэр бүлийн хүчирхийллийн эсрэг гэсэн уриатайгаар тоглогдох гэж байна. Танай сан хүчирхийллийн асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Гуравдугаар сарын 27-нд дэлхийн театрын өдөр болдог. Энэ өдрийг тохиолдуулан УДБЭТ-ын уран бүтээлчидтэй хамтран “Балетын үдэш” тоглолтыг хийх гэж байна. Энэ удаагийн сонгодог тоглолт дуурь, балет хосолсон гэдгээрээ онцлог. Сүүлийн үед манай улсад гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхдийн хүчирхийлэл асар их гарах болсон. Үүнтэй холбогдуулан манай сан эмэгтэйчүүд, хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүлийн хүчирхийллийн эсрэг оюунлаг монгол иргэнийг төлөвшүүлэхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхэд түлхүү анхаарлаа хандуулан ажиллаж байгаа.

 

-Таныг театрын “үнэнч” үзэгчдийн нэг гэдэг. Таны хамгийн дуртай сонгодог уран бүтээл юу вэ?

-Би “Жизель”-д дуртай. Ялангуяа “Жизель”-ийн хоёрдугаар үзэгдэлд илүү дуртай. Мөн Ж.Пуччини “Чио Чио Сан”, “Кармен” дуурь таалагддаг. Надад ер нь тодорхой сонгодог уран бүтээл бүтнээрээ таалагдана гэж байхгүй л дээ. Хэсэг хэсгээс нь таалагддаг. Дуртай хэсгээ үзэхийн тулд театрт байнга ирдэг.

 

-“Төгөлдөр” санг яагаад байгуулах болсон юм бэ. Сонгодог урлагт дуртай болохоор ийнхүү сан байгуулж ажиллаж байна уу?

-Тэгж хэлж болно. Өөрийнхөө сэтгэлийн дуудлагаар театрыг дэмжих сан байгуулсан. Зарим хүмүүс хэлдэг л дээ, нөхрөө Ерөнхий сайд байхад “Төгөлдөр” санг байгуулаад, энд тэндхийн урлагийн тоглолтыг дэмждэг гэж. Гэвч тэдний ойлголт буруу гэдгийг хэлмээр байна. Би сонгодог урлагт хайртай учраас энэ санг байгуулсан. Хийх ажлаа олчихлоо гэж бодож байгаа шүү /инээв/.

 

-Хэдэн наснаасаа сонгодог урлагт ингэж их дурлах болсон бэ?

-Багаасаа сонгодог тоглолт үздэг байлаа. Тэгээд зургадугаар ангид орсон жилээ “Спартак” балетыг анх үзсэн. Энэ балет намайг бишрүүлж, гайхшруулж чадсан. Түүнээс хойш нэлээд олон жилийн дараа Дуурийн театрт Сэргэлэн дарга, балетмейстер Б.Жамъяндагва гуай нарыг гуйж байж УДБЭТ-т тоглуулсан. Энэ балетад тоглоход хүртэл эвтэйхэн байдаг гэж бүжигчид нь хүртэл ам сайтай байдаг /инээв/.

 

Одоо энэ уран бүтээл УДБЭТ-ын урын санд хадгалагдан үлдсэн байгаа. Үнэхээр сайхан балет. Түүний дараа оюутан байхдаа тухайн үеийн Хүүхэд залуучуудын театрт Оросын алдарт зохиолч А.Гельманы зохиол “Цэцэрлэгт учирсан хоёр” мелодрам жүжгийг үзсэн. Тэр бас их таалагдсан. Гэтэл одоогоос гурван жилийн өмнө найруулагч Н.Наранбаатар надад энэ жүжигт хамтран ажиллах санал тавьсан. Тиймээс манай сан уг жүжгийг дэмжигч болж байсан.

 

-Монголын сонгодог урлаг дэлхийд танигдаж эхэллээ. Үүнд таны хувь нэмэр орсныг учир мэдэх хүмүүс хэлдэг. Таны бодлоор манай сонгодог урлаг дэлхийн сонгодгуудтай эн зэрэгцэж чадаж байна уу?

-Миний хувь нэмэр гэж юу байхав. Манай УДБЭТ-ын уран бүтээлчид үнэхээр мундаг. Би бол далайд дусал шүү дээ. Манай сангийн үйл ажиллагаа олонд хүрснийг үгүйсгэхгүй. “Төгөлдөр” сангийн дараа балетчин Д.Алтанхуяг болон бусад урлагийн нөлөө бүхий хүмүүс соёлыг дэмжих сан байгуулж байна. Энэ бол Монголын сонгодог урлаг хөгжиж буйн илрэл. Өнөөдөр театрууд маань үзэгч дүүрэн байдаг болсон. Мөн хүүхэд залуус балет их үздэг болжээ.

 

-Дэлхийн сонгодог бүтээлийг Монголд үзэж болж байгаа шүү дээ?

-Тиймээ. УДБЭТ-ын урын санд дэлхийн сонгодгуудын дийлэнх нь байна. Мөн театрын уран бүтээлчдийн чанар өсөхийн хэрээр үзэгчид маань ч их сайн үздэг болсон. Бид ирэх намар сонгодог урлагийг дэмжигч, үнэнч үзэгчиддээ нэг сонирхолтой бэлэг барихаар төлөвлөж байгаа. Тэр бол Монголд тоглогдож байгаагүй дэлхийн “СОНГОДОГ” бүтээл байх болно.

 

-Ярилцсанд баярлалаа.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
IRGEN:
TANAI NOHRIIG BUH GISHUUD ULS TORCHID SHUNALTAI GANTSAARAA ULSIIN BAYLGIIG AVSAN GEED BNA DAAAA
2015-03-26
zochin:
Bayar hurgie.Amjilt husie!.gaihaltai saihan ajil uils um shuu.
2015-03-26