Намын эмнэлэг, намын дээд сургууль гэж байхгүй
2015-3-26

Долоо хоногийн лхагва гариг бүрт болдог Засгийн газрын “Шийдлийн цаг”-аар төрийн өмчийн эмнэлэг, их, дээд сургуулийн засаглалын өөрчлөлтийн талаар Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт үүрэг өглөө.

 

Улстөрийн сонгуулиар томилогдсон сайд эмнэлэг, сургуулийн захирлыг сольдог эрүүл бус үзэгдэл бий. Үүнийг  цэгцлэх цаг болсон. Эмнэлгийн даргыг улстөрөөс томилж байгаа нь эмгэнэл. Эмнэлгийг улс төр эмгэнэл болгож байна. Их дээд сургууль ч улс төрийн байгууллага биш. Их дээд сургуулийн Удирдах зөвлөл улс төрийн зөвлөл байж таарахгүй. Намын эмнэлэг, намын дээд сургууль гэж байхгүй. Улсын эмнэлэг, улсын их дээд сургууль л гэж бий гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэллээ.  

 

Эмнэлэг, сургууль гэдэг бол үйлчилгээний байгууллага. Улстөрийн үзэл, намын харъяаллаар нь эмнэлэгт хэвтүүлж, сургуульд сургадаггүй. Хүн эмчлэх, сургахад улс төр ямар ч хамаагүй. Улс төрөө сургууль эмнэлгээс холуур хийх хэрэгтэй. Мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг эдгээр байгууллагын толгой нь улстөржөөд байвал үйлчилгээ нь улстөржинө гэсэн үг.

 

Улс төрийн төлөөлөл биш, үйлчлүүлэгч, ажил олгогч, мэргэжлийн салбар, менежерүүдийн төлөөллөөс бүрдэх шийдлийг энэ хоёр салбарт гаргая. Үйлчилгээний чанар нь нэр хүнд, хэрэглэгчийн итгэл, менежмент, орчин нөхцөлөөр өрсөлдөх учиртай болохоос намаар, томилгоогоор өрсөлддөг тогтолцоог халах цаг болсон гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.

 

Эрүүл мэндийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг ажиллаж байгаа. Клиникийн төв эмнэлгүүдийг төрийн өмчит улсын эмнэлэг гэсэн статустай болгох зохицуулалт хийхээр төлөвлөж байна. Төрийн өмчит улсын эмнэлэг нь удирдах зөвлөлтэй, удирдах зөвлөл нь есөн гишүүнтэй байна. Энэ зөвлөл гүйцэтгэх захирал болон эмнэлгийн менежментийг багийг сонгож, үр дүнгийн гэрээ байгуулж ажиллана гэж Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба хэллээ. Энэ зарчим үйлчилж эхэлбэл эмнэлгийн удирдлага салбарын сайдад биш удирдах зөвлөлдөө ажлаа тайлагнадаг, дүгнүүлдэг, хариуцлага хүлээдэг болох ажээ.

 

БСШУ-ы сайдын дэргэд дээд боловсролын зөвлөл гэж салбартаа олон жил багшилсан, сургууль удирдаж байсан, хүлээн зөвшөөрөгдсөн 30 гаруй хүнтэй баг ажилладаг. Энэ зөвлөл төрийн өмчит их, дээд сургуулийн удирдах зөвлөлийг сонгох ажлыг эхлүүлснээр сайд томилгоо хийхгүй болно, томилгоонд олон нийтийн оролцоог бий болгоно гэж БСШУ-ы сайд Л.Гантөмөр хэллээ.

 

Улс төрийн сонгуулиар сонгогдсон сайдууд эрх мэдлээ шилжүүлэх нь тухайн салбарт давуу тал бий болгоно. Илүү олон нийтийн хяналттай, илүү олон нийтийн төлөө гэсэн эмнэлэг, сургуулиудыг бий болгох нь манай иргэдэд л ашиг тустай гэж Ерөнхий сайд уулзалтын төгсгөлд хэллээ.

 

Энэ шийдэл нь манай эрүүл мэнд, боловсролын салбарт цоо шинэ, олон нийтэд ач тустай тогтолцоог бий болгох юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ. 

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tegeed namiin MCVT namiin Kollej baigamuu te erunhii saidaa
2015-03-27