Оюутны холбоо хог тээвэрлэлтэд хяналт тавина
2015-03-26


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын ерөнхий менежер Б.Бадрал нар нийслэлийн хэмжээнд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд хяналт тавьж ажиллах байгууллагууд болон Монголын оюутны холбоо, Олон улсын хүүхдийн Найрамдал төвийн удирдлагуудтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

 


Санамж бичгийн хүрээнд Улаанбаатар хотын хог хаягдлын менежмент, ногоон байгууламжийн арчлалт, хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлж, хяналт тавихад эдгээр байгууллагатай хамтран ажиллана. Ингэснээр иргэдийн ая тухтай эрүүл орчинд амьдрах боломж бүрдэх юм.



Энэхүү арга хэмжээний үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэл төрийн бус байгууллагуудтай хог хаягдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах гэж байна. Хог хаягдалтай захиргааны аргаар тэмцэхээс илүү олон нийтийн байгууллагуудтай хамтран иргэд, оюутан залуус рүү чиглэсэн ажил хийвэл илүү үр дүнд хүрнэ. Мөн төрийн захиргааны байгууллагыг иргэдэд хүрч үйлчилдэг болгохоор зорьж байна. Цаашид олон нийт рүү чиглэсэн ажлыг хувийн хэвшлүүдэд хариуцуулахаар төлөвлөж байгаа. Энэхүү хамтын ажиллагааг үр дүнд хүргэх нь чухал юм. Үр дүнд хүрч чадвал төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны цаашдын их үйлсийн эхлэл тавигдана” гэлээ.



Харин Улаанбаатар хотын Ерөнхий менежер Б.Бадрал “2015 оныг хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажлын явцын эрс өөрчлөлтийн жил болгоно. Эрүүл цэвэр орчинд амьдрах нь иргэн бидэнд, бидний үр хүүхдийн эрүүл мэндэд хэрэгтэй гэдгийг ухаарах хэрэгтэй. Хувийн хэвшлүүдтэй хамтран ажилласнаар энэ онд хог тээвэрлэлт, тохижилт, ногоон байгууламжийн ажилд ахиц дэвшил гарна гэдэгт итгэлтэй байна. Та бүхний ажилд амжилт хүсье” гэв.


 
Хог хаягдлаар “Хотын хөгжлийг дэмжих Шинэ тосгон” ТББ, “Ирээдүйн хөгжлийн хүрээлэн” ТББ, Эрүүл мэндийн бодлогын хүрээлэн ТББ, ногоон байгууламжийн чиглэлд “Ногоон байгууламжийн иргэний зөвлөл” ТББ, “Далайн цалгиа” ТББ хяналт тавьж ажиллах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.  

Shuud.mn
Сонин хачин