”Эх дэлхийн цаг” гэж юу вэ?
2015-03-27

Жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн бямба гаригийг дэлхий дахинаа нэг цаг гэрлээ унтрааж, эрчим хүчээ хэмнэж, эх дэлхийгээ хайрлах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай. Энэ 60 минутыг “Эх дэлхийн цаг” гэж ч нэрлэдэг.
 

“Эх дэлхийн цаг” үйл ажиллагааг гуравдугаар сарын 28-нд буюу маргааш 20.30-21.30 цагт “Уур амьсгалын өөрчлөлтийг сааруулъя” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх юм байна.


 
“Эх дэлхийн цаг” хөтөлбөрийн үеэр гэрлээ унтрааж, лаа асаах нь онцгой утга санаатай. Энэ нь гэрлээ унтраасан үед гэрэлтүүлэг болохоос гадна “асаасан лаа” нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж, өнгөрсөнд тохиолдсон бүхэнд харамсах сэтгэлдээ зул болгон өргөх зэрэг бэлэгдлийг агуулдаг байна.  Түүнчлэн “60+” хэмээх бэлгэдэл нь дэлхийн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь нэг цагт ноогдох минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь оролцогчдын хүрээг нэмэн дэлгэрүүлэх утгыг агуулдаг байна.

Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гаас уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хувь хүний ойлголтыг дээшлүүлж, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Эх дэлхийн цаг” хөтөлбөрийг 2007 оноос хойш хэрэгжүүлж эхэлжээ.  
 

Энэхүү хөтөлбөр нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч атугай хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгийг илэрхийлдэг. Эх дэлхийн цагийн гол зорилго нь гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршино. 

 

“Эх дэлхийн цаг” хаанаас эхэлсэн бэ?

 


 

Анх 2007 онд Австралийн Сидней хотын нийт 2,2 сая айл өрх, албан байгууллага нэг цагийн турш гэрлээ унтрааж байсан бол 2008 оноос энэхүү уриалга дэлхийг хамарсан хөдөлгөөн болон өргөжиж, 2009 онд нэг тэрбум, харин 2010 онд 128 орны 4500 хотын нэг тэрбум 300 сая хүнийг хамруулж чаджээ. Энэхүү ажиллагаанд тухайн улсын Ерөнхий сайд, томоохон хотуудын буюу нийслэлийн мэр болон бусад алдартай хүмүүс оролцож ач холбогдлыг улам өндөрсгөж байна. 


“Эх дэлхийн цаг”-ийн бэлгэдэл



Лаа асаах нь “Эх дэлхийн цаг”-ийн гол үйл ажиллагаа, чухал илэрхийлэл билээ. Энэ нь гэрлээ унтраасан үеийн орчны гэрэлтүүлэг болохоос гадна асаасан лаа нь итгэл найдвар, эерэг бүхнийг урин дуудаж өнгөрсөнд тохиолдсон харамсах сэтгэлдээ зул болгон өргөх гэх мэт бэлгэдэлтэй. 60+ хэмээх бэлгэдэл нь зөвхөн нэг цаг гэрлээ унтраах төдийхөн бус, өдөр тутмын амьдралдаа эх дэлхийгээ хайрлан гамнасан алхам хийх болно гэсэн хүмүүсийн эв нэгдлийг илэрхийлдэг. 60 гэдэг тоо нь 60 минутыг илэрхийлж байгаа бол + тэмдэг нь 60 минутын үйлс цаашид нэмэн дэлгэрэх болно гэдэг утгыг агуулж байгаа юм.


 

Эх дэлхийн цагтай холбоотой бусад баримтууд:

2009 онд гуравдугаар 29-ний өдөр Вьетнамд болсон Эх дэлхийн цагийн үеэр замын гэрлүүд нэг цагийн турш унтарсан учраас замын түгжрэл нэг цагийн турш үргэлжилж, энэ үеэр гэмт хэргийн тоо нэмэгдсэн байна.

2010 онд Финлянд улсад болсон “Эх дэлхийн цаг”-ийн үеэр үл мэдэгдэх нэгэн этгээд 48 настай нэгэн эрийг толгой руу нь хүчтэй цохиж амь насыг нь хороосон хэрэг гарчээ. Түүний 17 настай хүү ч бага зэрэг гэмтэл аван эмнэлэгт хүргэгдсэн байна.

Эх дэлхийн цагийн эсрэг “Хүний цаг” гэдэг хөтөлбөрийг либертари үзэлтэй хүмүүс европийн улсуудад өрнүүлж эхэлжээ. Энэ нь нэг цагийн турш хүмүүс ямар нэгэн хоол идэхгүй байх утгатай аж.

Эх дэлхийн цагийг эсэргүүцэгчид энэ бол Кока-Кола корпорацийн албан ёсны сурталчилгаа учир дэмжихгүй байх хэрэгтэй гэж үзэн эсэргүүцлийн арга хэмжээг яг энэ үйл явдалтай зэрэгцүүлэн зохион байгуулдаг аж.

Филиппин улсад 2010 онд “Эх дэлхийн цаг”-ийн үеэр хотын төвд зогсч байсан 4-5 хүүхдийг хулгайлсан хэрэг гарчээ. Нэг өдрийн дараа хүүхдүүдийг олсон бөгөөд хүнд ажил хийлгэх гэж оролдсон байжээ.



Эх дэлхийг “багалзуурдагч” дулаарал



Хөгжил заавал хохирол дагуулдаг бичигдээгүй хуулийн дагуу сүүлийн 50 жилд дэлхийн цаг агаарт маш их өөрчлөлт гарсан. Одоо хүн төрөлхтөнд хамгийн их аюул занал учруулж буй зүйл бол дулаарал. Хэрвээ бид дэлхийн дулаарлыг зогсоож эх дэлхийгээ аврахгүй бол удахгүй өөр гариг руу нүүхээс өөр аргагүй болох юм. “Sunday Times”-т энэ талаар тодорхой бичжээ.
 

Дэлхийн дулаарал гэж юу вэ?    



Дэлхийн хуурай газар, далайн гадаргуу орчмын агаарын дундаж температур ихсэх үзэгдлийг хэлдэг. Сүүлийн 100 жилд дэлхийн дундаж температур 0.74 ± 0.18 °C -аар нэмэгдсэн. Дулаарлын улмаас цаг уурын гоц үзэгдэл ихсэж, далайн усны төвшин, хур тунадасын хэмжээ өөрчлөгдөнө.Энэ нь мөсөн гол, мөнх цасны хэмжээ, амьтан, ургамлын төрөл зүйлд сөргөөр нөлөөлж гамшгийн хэмжээнд авчраад байна. 


Дэлхийн дулаарал ямар нөхцөлд аюултай хэмжээнд хүрэх вэ?

Дэлхийн агаарын температур хоёр хэмээс дээш дулаарвал экологийн тэнцвэр алдагдаж гамшгийн хэмжээнд хүрнэ гэж үздэг. XX зуунд агаарын температур 0.9 хэмээр дулаарсан байна. Эрдэмтдийн судалгаагаар агаар мандал дахь хүлэмжийн хийг яаралтай бууруулахгүй бол ойрын 15 жилд дэлхийн температур 2-4 хэмээр дулаарах төлөвтэй байгаа. Хэрвээ тэгвэл жинхэнэ гамшиг болно. 


Хүлэмжийн хий гэж юу вэ?     



Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог,нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг.Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь өндөр хөгжсөн орнуудын үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм. 


Хүлэмжийн хийг бүрдүүлдэг хэдэн төрлийн хий байдаг вэ?

Зургаан төрлийн үндсэн хий бий. Нүүрсхүчлийн болон метан, азотын давхар исэл нь хүлэмжийн хийг бүрдүүлдэг байгалийн гол хий. Уг нь эдгээр хий дэлхийн агаар мандалд өчүүхэн бага хэмжээгээр оршиж, дэлхийд амьдрал оршин тогтнох нөхцөлийг бүрдүүлж ирсэн. Харин хүний буруутай үйл ажиллагааны улмаас эдгээр хийн агаарт байвал зохих хэмжээ алдагдаж, улам бүр нэмэгдсээр байгаа юм. 


Хий ямар хугацаанд алга болох вэ?

 


Хий агаар мандалд усталгүй олон арван жил хадгалагддаг. Нүүрсхүчлийн хий 200 орчим жил хадгалагдана. Хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулах дорвитой арга хэмжээ авлаа ч үр дүн нь хэдэн арван жилийн дараа л мэдрэгдэх юм байна.


Хүлэмжийн хий 2020 онд хоёр дахин нэмэгдэх үү? 



Сүүлийн 100 жилд хүн төрөлхтөн их хэмжээний нүүрс, газрын тос, хий, модыг эрчим хүч, түлшинд хэрэглэснээр агаар мандал дахь нүүрсхүчлийн болон бусад хийн хэмжээг нэмэгдүүлсэн. Аж үйлдвэрийн хувьсгалын эхэн үе буюу 1800-аад онд агаар мандал дахь нүүрсхүчлийн хий 280 ррм байсан бол 1990-ээд онд 355 ррм болжээ. Энэ байдлаар цаашид үргэлжилвэл 2030-аад онд хоёр дахин их буюу 560 ррм болно гэж эрдэмтэд тооцоолсон байна.


“Киотогийн протокол” гэж юу вэ?



“Киото”-гийн протокол 1997 онд батлагдсан бөгөөд 2005 оноос хүчин төгөлдөр болсон. Энэ протоколын гол зорилго нь агаар мандалд их хэмжээний хүлэмжийн хий ялгаруулдаг хөгжилтэй улс орнуудад тодорхой үүрэг хүлээлгэсэн явдал юм. Өндөр хөгжилтэй орнууд 2012 он гэхэд 1990 онд байсан хүлэмжийн хийн ялгаралтын хэмжээгээр дунджаар 5.2 хувиар бууруулах үүрэг хүлээсэн байна.


Хойд мөсөн далайн мөс хайлж байгаа нь дэлхийн уур амьсгалд нөлөөлөх үү?



Хойд мөсөн далайгаас гадна Алтай, Хималайн болон бусад уул нурууны мөнх цас, мөсөн гол хайлж эхэлсэн.Туйлын мөс хайлж байгаа нь далайн усны урсгал өөрчлөгдөх аюултай. Далайн төвшин нэмэгдсэнээр эргийн ойролцоох нам дор газарт байрлах улс орнууд усанд живнэ. Далайн төвшин нэмэгдэж байгаа нь цас мөсний хайлж байгаатай холбоотой ч нөгөө талаараа далайн ус халсны улмаас тэлэх процесс явагдаж байна. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин