Оюутнууд нийслэлийн тохижилтын ажилд оролцоно
2015-03-27

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын оюутны холбоотой  хамтран ажиллахаар боллоо. Хамтын ажиллагааны хүрээнд Монгол улсын Их дээд сургууль, коллеж, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдэд суралцагч оюутан залуус нийслэлийнхээ бүтээн байгуулалтад оролцож, хотын соёлд залуусыг уриалан дуудаж, хотынхоо хөгжил цэцэглэлтийн төлөө сэтгэл, зүтгэл нэгтэй хамтран ажиллана.

Энэ ажлын хүрээнд Монголын оюутны холбооноос санаачлан  “Ая тухтай Улаанбаатар” 1 сарын аян зохион байгуулж оюутнууд замын хажуугийн хашлага, ногоон байгууламж, гудамж талбайн зүлэгжүүлэлтийг нэмэгдүүлэхэд тусалж, нийтийн эзэмшлийн зам талбайн сандал саравчийг засах юм. Мөн Оюутны нэрэмжит Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж сургуулиа төгсөж байгаа шинээр элсэн орж буй оюутнууд бүх нийтээр мод тарих үндэсний өдрөөр “Нэг оюутан, нэг мод” гэсэн уриатайгаар жил бүр мод бут сөөг тарина.

“Бидний байр-Бидний хотхон” арга хэмжээний хүрээнд Оюутны А, Б хотхоны тохижилтыг хийж, гудамж талбайг нь шинэчлэн сандал, хогийн сав байршуулах юм. 2015 оны 5 дугаар сард “Нийслэлийн ногоон төгөл” нэртэйгээр Хандгайт, Ар согоот, Шадивлан, Сэлх, Шарга морьт, Жигжид, Яргайтын чиглэлд 1000 оюутан их цэвэрлэгээ хийнэ.

Нийслэлийн төв Чингисийн талбайг 200 оюутан угааж, автобусны буудал, гэрлийн шонг цэвэрлэх юм. Эдгээр ажил нь Улаанбаатар хотын хог хаягдлыг багасгах, ногоон байгууламжийн арчлалт хамгаалалтыг сайжруулах, орчны эрүүл ахуйг дээшлүүлэхэд чухал үүрэгтэй.  Хотын хөгжил цэцэглэлтэд оюутнууд гар бие оролцож, ажилд  нь хяналт  тавьснаар нийслэлийн иргэдийн ая тухтай амьдрах нөхцөл улам бүр сайжрах юм гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин