Б.Цэвээндаш: Эверестийн талаар фото үзэсгэлэн гаргана
2015-03-30

Уулын спортын олон улсын хэмжээний мастер, “Эрүүл Монгол” клубын тэргүүн Б.Цэвээндаш Эверестийн оргил руу дахин авиралт хийнэ хийхээр төлөвлөжээ. Тэрээр ирэх дөрөвдүгээр сарын 6-нд Эверестийг хоёр дахь удаагаа зорих гэж байгаа юм байна. Өмнө нь 2012 онд Эверестийн урд талаас нь авирч амжилттай гарч байсан бөгөөд энэ удаа хойд талаас нь дайралтаа хийхээр болжээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

 

-Юуны өмнө нийт уншигчдынхаа зүгээс танд энэ өдрийн мэнд хүргье. Таныг 2012 онд Эверест рүү авирч байсан гэж сонссон. Яагаад дахин авирах болов?

 

- Эверестэд авирна гэдэг маш эрсдэлтэй алхам. Авирахын тулд тухайн хүн их хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө, цаг заваа зарцуулдаг Миний хувьд хоёр дахь удаагаа авирах гэж байна. Өмнө нь Балба талаасаа авиралт хийж байлаа. Энэ удаад Уулын ОУХМ гавьяат тамирчин, одоо 73 настай Т.Гүррагчаа ахтай хамт авиралт хийнэ. Оны өмнө Т.Гүррагчаа ах маань намайг хамт явъя гэж санал тавьсан. Би чимээгүй байж байгаад дахин явахаар шийдлээ.

 

Би 1997 оны арваннэгдүгээр сард хөгшчүүлтэйгээ Утай Гүмбэн, Лхас, Балба, Энэтхэг зэрэг бурхны орноор явж, 1998 оны нэгдүгээр сард ирсэн.  Буцахдаа Непалаас Төвдийн хил рүү орж, цаашаа унаанд суугаад явах байв. Гэтэл Гималайн уулаас цас нураад, засмал замыг уул овоо шиг цасаар дараад явах аргагүй болчихсон байсан. Хэрвээ тэрийг цэвэрлэхийг хүлээнэ гэвэл  хоёр сар гаруйн хугацаа шаардагдана гээд.

 

Олон хоног газраар хүнд нөхцөлд явцгаасан хөгшчүүл маань их ядарсан байсан. Буцаад Непалын хилээр ороод, тэндээсээ онгоцоор явах уу эсвэл хүлээх үү гэхэд нөгөө хэд маань “үгүй. Явдаг бол алхаад ч болтугай явцгаая” гэлээ. Ингээд бүгдээрээ алхахаар шийдсэн. Ихэнх нь 70-80 настай хөгшчүүл байлаа. Тэгэхэд л манай монгол эмэгтэйчүүд ямар зоригтой гэдэг нь харагдаж байсан.

 

1997 он бол наймааны үе. Хямдхан байсан учраас би Энэтхэгээс баахан каракул дээл авчихсан, чемодан сав хүнд ачаа ихтэй. Тэгээд тангадуудыг хөлслөөд ачаа бараагаа үүрүүлэн, бид яг хоёр өдөр нэг шөнө Гималайн уулаар алхаж явсан.

 

Дээшлэх тусмаа л Эверест өөр ертөнц. Дээшлэх тусам ямар ч амьд амьтан байхгүй болж, цас мөс, хадан хавцал, мөсөн ангалууд угтаж эхэлдэг. Хүйтрээд, салхи сэвэлзээд хүнд болдог.

 

Тэгж явахдаа янз бүрийн адал явдалтай учирч, шөнөжингөө алхаад үүр цайхад  Гималайн цас мөс, уулс, өндөр сайхан оргилуудыг хараад сэтгэл их хөдөлж билээ. Тэгж явсан маань надад “хэзээ нэгэн цагт авирна даа” гэсэн бодол төрүүлсэн. Ингээд 15 жилийн дараа буюу 2012 оны тавдугаар сарын 19-ний өдөр Дэлхийн ноён оргил Эверестэд эх орныхоо алтан соёмбот далбааг мандуулж, хүсэл мөрөөдлөө биелүүлсэн.

 

-Анх хэрхэн уулын спорттой холбогдов?

 

- Би уулын спортын хаалгын тогшилгүй орсон хүмүүсийн нэг. Энэ спорттой холбогдохоосоо өмнө архи уудаг, тамхи татдаг байлаа. Архи тамхиа хаяж, биеийн тамир, спортоор хичээллэж эхэлсэн. Архи тамхи хэрэглэж байхдаа өөрийнхөө биеийг хүний бие шиг хайрлахгүй явлаа. Тэгээд спортоор хичээллэснээс хойш дахин төрсөн юм шиг сайхан мэдрэмж төрсөн.

 

За, тэгээд нөгөө хүсэл мөрөөдлөө биелүүлэхээр зүтгэж эхэллээ дээ. Хэнд ч хэлэлгүйгээр өөрийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд өдөр шөнөгүй, баяр ёслолыг ч үл хайхран, янз бүрийн ажил төрөл байсан ч тэрийгээ хаяад зөвхөн бэлтгэл сургуулилтандаа анхаарч, марафон гүйлтээр хичээллэн, Монголд зохиогдсон тэмцээнүүдэд орж, марафонд 42 км-ийн замаа дуусгаж, хэт холын буюу 100 км-ийн гүйлтийн тэмцээнд ч оролцож байлаа.

 

Биеэ чийрэгжүүлэхийн тулд харзны усанд орох, цасаар биеэ угаах, цасан шуургыг сөрж гүйх, уул руу гүйх, авирах зэрэг бэлтгэл сургуулилтыг уйгагүй тасралтгүй хийж байв.

 

 

2008 оноос эхлээд 2012 онд явтлаа бэлтгэлээ эрчимтэй хийсэн.  Зарим хүнд гүйж харайх, уул руу авирахад хэцүү байдаг бол би маш аз жаргалтай байдаг. Байгалийн гоо сайхныг хараад стресс ядаргаа тайлагдаж, тэр бүхнээс би эрч хүчийг авдаг.

 

Хүүхэд залуучууддаа хэлэхэд архи тамхинаас хол, биеийн тамираар хичээллэж байхыг зөвлөж байна. Хүн байгаль хоёр хоорондоо хүйн холбоотой байдаг. Байгальтайгаа ойр байснаар хүн эрүүл байх болно. Явган алхаж, хөдөлгөөнтэй байгаарай гэж хэлмээр байна. Би өдөрт 30 гаруй км явган алхаж, ажил төрлөө амжуулдаг. Сүүлийн хоёр гурван жил машин унаагүй. Сайхан машин уначихаад замын түгжрэлд стресстэж явснаас машинаа тавьчихаад инээгээд ажлаа амжуулаач ээ гэж уриалмаар байна.

 

-Энэ удаад Эверестэд ямар зорилготой авирах гэж байна вэ?

-2015 онд Эверестэд авирахдаа Эверестийн бодит амьдралыг харуулсан баримтат кино, нэвтрүүлэг хийхээр төлөвлөж байна. Дээр нь Эверестийн талаар фото зургийн үзэсгэлэн гаргана. 2012 онд явж байхдаа би хоёр сарын хугацаанд өдрийн тэмдэглэл хөтөлж байсан. Одоо явахдаа ч гэсэн өдрийн тэмдэглэл хөтөлнө. Эдгээрийг нийлүүлээд Эверестэд авирсан хүмүүс, ахмад уулчид, монголчуудынхаа сэтгэгдлийг оруулаад ном хийх сонирхол байна.

 

-Ууланд авирахад их хэмжээний зардал гардаг гэж сонссон юм байна. Тэр бүхэн юунд зарцуулагддаг юм бол?

-Би Эверестэд дахин авирахын тулд өдөр болгон бэлтгэл сургуулилтаа хийж байна. Дээр нь ажил төрлөө амжуулна. Эверестэд авирна гэдэг маш их зардал гардаг. Дээд зэрэглэлийн үйлчилгээ аваад явъя гэвэл 57 мянган ам.доллар төлнө. Миний авч байгаа үйлчилгээ зардал бол хамгийн хямдхан буюу 36 мянган ам.долларын үнэтэй. Эверестийн хураамж нь 24 мянган ам.доллар, дээр нь нааш цааш явах унаа, онгоцны зардал, шерпа, өндрийн тогооч, намын тогооч нартаа өгөх гарын мөнгө нэмэгдэнэ. Мөн энд тусгагдаагүй зардал гарахаас гадна уулын хувцас хэрэглэл худалдаж авна.

 

2012 онд өмсч байсан уулын хувцасны маань зарим нь муудсан. Уулын хувцас дандаа 1000 доллараас дээш үнэтэй байдаг. Зардал мөнгө их гарна, хамгийн хэцүү нь энэ.  2012 онд явахдаа би ихэнх зардлаа өөрийнхөө хүч хөдөлмөрөөр олсон мөнгөөрөө даагаад явсан. Байгууллагын сүр сүлд тугандаа байдаг. Тиймээс дэлхийн ноён оргилд тугаа мандуулж надтай хамтарч ажиллаач ээ гэж хүсч байна. Энэ авиралт, энэ кино, үзэсгэлэн, номоороо та бүхэнтэй хамтарч ажиллахад бэлэн байна.

 

2012 онд нэлээн олон туг, хийморийн дарцаг, найз нөхөд танил хүмүүс, байгууллагуудын тугийг авч явсан. Тэр өндөр ууланд 25-35 кг ачаа үүрээд явна. Дээр нь зургийн аппарат, камер, хөнжил, гудас, мешок бүх юмаа үүрдэг. Мөн хүчилтөрөгчийн аппаратаа авч явна. Хүчилтөрөгчийн аппарат бараг 10 кг хүнд байсан бол одоо жижгэрээд болосвронгуй болсон ч багадаа л тав зургаан кг жинтэй байдаг.

 

-36 мянган ам.долларын үйлчилгээнд нь юу юу багтдаг юм бэ?

-Энэ авиралтыг хийхэд маш олон хүн үүнд оролцдог. Олон хүний хөдөлмөр шингэж, маш олон тээврийн хэрэгсэл, унаа шаарддаг. Биднийг хүлээж авах Эверестийн бааз лагер бий. Тэрний өчнөөн тонн ачаа байдаг. Дээшээ машин, онгоц явна гэж байхгүй. Тэгэхээр зөвхөн сарлагт ачаагаа тээвэрлээд явдаг. 100-гаад сарлаг авч явдаг юм билээ. Тэнд бидний хоол ундыг хийдэг мэргэжлийн бэлтгэгдсэн тогооч нар бий.  Өндөрт дасан зохицох чадвартай хүмүүс бидэнд үйлчилдэг учраас өндрийн тогооч гэдэг. Энэ амжилт бол маш олон хүмүүсээс шалтгаалж гардаг юм.

 

-Уул руу авирсан ч Эверестийн оргил дээр гарсан нь харьцангуй цөөхөн байдаг гэсэн. Таныг явж байхад хэчнээн уулчин оргил дээр гарсан бэ?

-Балбын аялал жуулчлалын мэдээгээр 2012 оны тавдугаар сарын 19-ний тэр өдөр 640 уулчин авирсан байдаг. Тэдний дөнгөж 140 нь Эверестийн оргилд гарсан. Бусад нь авирч чадалгүй буцсан. Маш харамсалтай. Нэг бодлын маш зөв шийдвэр. Их ядарч сульдаад зүтгэсээр байгаад оргил дээр гарсан ч буцаад буух үедээ энддэг тохиолдол их бий. Тэр өдөр гэхэд л бидэнтэй хамт авирч байсан хүмүүсээс 11 хүн нас барсан. Хөл гараа хөлдөөгөөгүй, нүүрээ хайруулаагүй хүн гэж байхгүй. Миний хамрын үзүүр хөлдсөн. Одоо хүйтэнд салхи авахаар улаачихдаг. Нүд нь сохорсон хүмүүс бас байна.

 

-Нүд яагаад сохордог юм бэ?

Би сэтгэлзүйгээ их бэлдсэн байсан учраас надад буцна гэсэн бодол огт байгаагүй. Гэхдээ тэр бол маш эрсдэлтэй тэнэг алхам байсан. 7000-8000 метрээс дээш өндөрлөгт нар тусаад цас мөсөн дээр ойгоод хурц хортой цацраг туяа гаргадаг юм билээ. Тийм нөхцөлд нүдний шилгүй явбал нүд сохордог. Уулчин хүний зайлшгүй цүнхэнд нь байх ёстой зүйлийн нэг бол нүдний шил. Дотуур хувцас, дотуур өмд, запас комбинзон, цамц, шүдэнз, хутга, эм хэрэгсэл, хоол хүнс, цэвэр спирт, гар чийдэн гээд бүх л хэрэгслүүд байх ёстой.  Мөн хөнжил гудас, мешок зэрэг бүх юмаа үүрээд явдаг. Өндөрлөг газар нүдний шилээ унагах, эсвэл нүдний шил нь цантдаг. Бид хүчилтөрөгчийн баг зүүчихсэн явж байгаа шдэ. Их амьсгаадаад ирэхээр цантаад баллон битүүрчихдэг. Тэрийгээ салгаж байнга цэвэрлэж байхгүй бол нус, нулимс, шүлс нь холилдоод хөлдөөд бөөгнөрчихдөг. Мөн их аахилдаг хүмүүс их дээр нь тавьдаг бол миний хувьд амьсгаа багатай учраас нэг дээр нь тавьж, хүчилтөрөгчөө бас гамнаж явдаг байсан. Тэрийгээ бас цэвэрлэснийхээ дараа ажиллаж байна уу гэдгийг сонсох ёстой. Гэхдээ их хүчтэй салхи шуургатай байдаг учраас тэр бүр сонсох хэцүү.

 

-Эверест рүү авирах гэж яваад янз бүрийн байдлаар амиа алдчихсан хүмүүсийн зураг их байдаг. Тийм зүйлтэй тааралдаж байсан уу?

-Дээшээ авирчихаад буугаад явж байхад тийм хүмүүстэй тааралдаж байсан. Замд   муужраад амь насаа алдчихсан тийм хүмүүс байдаг. Нэг олсонд бэхлэгддэг учраас замдаа бэхэлгээгээ тайлаад маань уншаад л гарч байсан. Бид үнэхээр тусалж чадахгүй байдаг. 

 

Гэхдээ манай экспедицийнхэн Солонгосын уулчны хүчилтөрөгч дуусаад биднээс нэг баллон гуйхад өгсөн. Тэнд хүчилтөрөгчийн баллон хамгаас илүү үнэтэй.  Тэгэхэд монгол хүмүүс бид сайхан сэтгэлээр хандаж өгч байсан.

 

-Та Монголынхоо ямар ууланд авирч байв?

-Уулын спортын салбарын хаалгыг тогшилгүйгээр ороод ирчихсэн хүн шүү дээ, би чинь. Шууд л Эверест рүү авирсан. Тийм учраас би өнөөдрийг хүртэл ахмад уулчдаасаа суралцаад, зөвлөгөөг нь дагаад явдаг. Тэднийгээ их хүндэлдэг. Өнөөдрийг хүртэл миний гарч үзээгүй уул зөндөө бий. Юуг нь нуух вэ. Би Алтай Таван Богд,  Сутай Хайрхан, Асралт Хайрхан, Бурхан Халдун гээд эхнээс нь гарч байна.

 

-“Эрүүл Монгол” клубынхээ талаар ярихгүй юу. Хэзээ байгуулсан бэ?

 

-Би 2013 онд монголчуудынхаа эрүүл мэндийн төлөө “Эрүүл Монгол” хайкинг клуб байгуулаад монгол хүний эрүүл мэндэд хөрөнгө оруулахаар зүтгээд явж байна. Хүн ууланд авираад, оргил дээр гарахаараа зорилгоо биелүүлээд хамгийн агуу байдаг юм байна. Хүн болгон зорилготой мөрөөдөлтэй байдаг. Тэр зорилгоо биелүүлнэ гэдэг хүнд асар их сэтгэлийн тэнхээ, эрч хүч өгдөг юм билээ. Хүн байгальд алхах их сайхан.

 

Хүн ууланд авирахаар хүний таван мэдрэхүй ажиллаж байдаг. Дээр нь цусан дахь хүчилтөрөгч нэмэгдэж байдаг. Өндөр ууланд авирахаар хүний цусан дахь улаан эс нэмэгддэг гэх мэт маш их давуу талтай. Хүний бүх л булчин ажилладаг. Эмэгтэй хүнийг их гоё тураадаг. Ууланд явснаар дархлаа сайжирна, ханиад хүрэхгүй, стресс тайлагдана. Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй. Долоон хоногийн нэг өдрийг заавал өөртөө зарцуулдаг байх хэрэгтэй.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин