Баянлиг суманд хоёр ингэ ихэрлэжээ
2015-03-30

Баянхонгор аймгийн Баянлиг сумын Багабаянд хоёр ингэ ихэрлэсэн байна. Баянлиг сумын Бага баянгийн 3 дугаар багийн малчин Лхагвасүрэнгийн Хүрэлтогоогийн ингэ энэ сарын 23-нд 3 дахь төллөлтөөрөө ихэр ботго гаргасан бол энэ сарын 26-ны өдөр мөн Баянлиг сумын Багабаянгийн 5 дугаар багийн малчин  Намжилмаагийн Мөнхтөрийн бор ингэ тав дах төллөлтөөрөө ихэрлэжээ.

 

Хүрэлтогоогийнх 110 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 21 ингэ төллөөд байгаа юм байна. Мөнхтөрийн хувьд 225 тэмээтэй бөгөөд өнөөдрийн байдлаар 18 ингэ төллөөд байгаа талаар тус аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас ирүүллээ.

 

Баянхонгор аймагт сүүлийн гурван жил дараалан ихэр ботго гарч байгаа юм байна. 2013 онд Баян-Өндөр сумд, 2014 онд Жинст сумд ингэ ихэр ботго гаргасан бөгөөд Монголчууд эртнээс мал сүрэг өснө, өнтэй сайхан жил болно гэж билэгшээж ирсэн байна.  

 

Дашрамд дуулгахад, 2015 онд Баянхонгор аймгийн хэмжээнд нийт 1.4 сая орчим толгой малгай төллөх төлөвлөгөөтэй байгаа ба үүнээс өнөөдрийн байдлаар 12 хувь нь буюу 140 гаруй мянган толгой мал төллөсөн байна. Аймгийн ХХААГ-ын төлөвлөж байгаагаар 1.26 сая толгой төл хүлээж авч бойжуулахаар зорьж байгаа ажээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин