Солонгост төлсөн шимтгэлээ буцаан авах боломжтой
2015-03-31

Гадаадад хөдөлмөрийн гэрээгээр болон гэрээгүйгээр ажиллаж, амьдарч байгаа иргэд нийгмийн даатгалд хэрхэн хамрагдах болон тухайн улсад төлсөн шимтгэлээ хэрхэн буцаан авах талаар НДЕГ-ын гадаад дахь бүртгэл тооцоо буцаан олголт хариуцсан мэргэжилтэн Т.Болорчимэгтэй ярилцлаа.

 

-Солонгост ажиллаж амьдарч байгаа иргэдээс одоогийн байдлаар хичнээн иргэн нийгмийн даатгалаа төлж байгаа вэ?

 

-Өнөөдрийн байдлаар Монгол Улсын 12 мянган иргэн БНСУ-д ажиллаж, амьдарч байна. Түүнээс таван мянган иргэн нь тус улсад гэрээгээр ажиллаж байгаа. Эдгээр иргэд Солонгос явахдаа тэндээ нийгмийн даатгалаа төлнө гэсэн гэрээтэй явсан байдаг. Учир нь БНСУ-ын болон Монгол Улсын Засгийн газрын хооронд байгуулсан Нийгмийн хамгааллын гэрээ хэлцэл нь 2007 оны гуравдугаар сарын 15-наас хэрэгжиж эхэлсэн. Энэхүү гэрээ хэлэлцээрт зааснаар Солонгос улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа иргэд Монгол Улсынхаа нийгмийн даатгалд сар бүр 40 мянган вон төлдөг. Өөрөөр хэлбэл, гэрээгээр ажиллаж байгаа иргэн сар бүр 40 мянган воныг Солонгос дахь өөрийн нэрийн данс руугаа хийнэ гэсэн үг. Ингэсэн тохиолдолд тус мөнгө манайх руу буюу нийгмийн даатгалын сан руу автоматаар шилжиж орж ирдэг.

 

 

-Тэгэхээр нийгмийн даатгалын дэвтэр дээр 40 мянган воны ханшаараа төлөгдөж, бичигдэнэ гэсэн үг үү?

 

-Бараг л тийм. Нийгмийн даатгал төлөгчийн дансанд байгаа мөнгийг тухайн долоо хоногийнх нь даваа гаригийн Монголбанкны воны ханшаар бодож бичилт хийнэ гэсэн үг.

 

 

-Гадаадад олон жил амьдарсан иргэд нийгмийн даатгалаа хэрхэн төлөх ёстой вэ. Хаашаа хандах вэ?

 

-Гадаадад амьдарч байгаа иргэдийн хувьд нийгмийн даатгалаа сайн дурын даатгал хэлбэрээр төлөх боломжтой. Сайн дурын даатгалын гэрээг онлайнаар байгуулна. Ингэсэн тохиолдолд онлайнаар нийгмийн даатгалд мөнгөө төлөх эрх үүснэ. Энэ нь улирлаар, сараар, жилээр гэх мэт сонголттой байгаа. Ингэж төлсөн Монгол Улсын иргэн Хөдөлмөрийн хуулийн дагуу эмэгтэй 55, эрэгтэй 60 насандаа тэтгэвэр тогтоолгож болно.

 

Харин Солонгост байгаа монгол иргэд нийгмийн даатгалдаа хамрагдаагүй бол БНСУ-ын Түндэмүнд байрлах Солонгос дахь нийгмийн хамгааллын үйлчилгээний төв дээр очиж, гэрээ байгуулж, шимтгэлээ төлж болно.

 

 

-Өөрөө гадаадад амьдардаг бол заавал Монголд байгаа ах дүү, ар гэрээрээ дамжуулж нийгмийн даатгал төлөх шаардлагагүй байх нээ?

 

-Тийм ээ. Гадаадад байгаа хүмүүс заавал ар гэрээрээ мөнгө дамжуулж сайн дурын даатгал төлөх хэрэггүй. Манай www.ndaatgal.mn сайтаар дамжуулан сайн дурын даатгалын гэрээгээ хийж болно.

 

 

-Солонгост ажиллаж байсан хүмүүс Солонгосын нийгмийн даатгалд хамрагдсан бол шимтгэлээ буцаан авах боломжтой гэж байгаа. Энэ талаар тодруулахгүй юу?

 

-Солонгос улс руу хөдөлмөрийн гэрээгээр явж, ажиллаж байгаа иргэд Монгол Улсынхаа нийгмийн даатгалд сар бүр 40 мянган вон төлдөг гэж би дээр хэлсэн. Монгол Улсынхаа нийгмийн даатгалд хамрагдахгүйгээр Солонгосын нийгмийн даатгалд хамрагдсан иргэд цөөнгүй байдаг. Энэ тохиолдолд иргэд төлсөн шимтгэлээ монголдоо ирээд буцааж авах боломжтой. Солонгосын үндэсний тэтгэврийн албанаас манайд тоо өгсөн байгаа. Энэ тоон дээр 2007 оноос өнөөг хүртэл нийт 2300 иргэн шимтгэлээ төлчихөөд байгаа. Тэднээс 1800 иргэн шимтгэлээ буцааж аваагүй байгаа гэсэн. Тиймээс эдгээр иргэд яаралтай манайд хандаж, материалаа бүрдүүлж, шимтгэлээ буцаан авах хэрэгтэй. Энэ талаар бид хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа зарласан. Мөн тэдгээр иргэдийн нэрийн жагсаалтыг гаргасан байгаа.

 

 

-Эдгээр 1800 иргэн шимтгэлээ буцаан авъя гэвэл ямар бичиг баримт цуглуулж, хаана хандах хэрэгтэй вэ?

 

-Эхлээд иргэн таны нэр тэдгээр 1800 хүний нэрийн жагсаалтад байгаа эсэхээ шалгах хэрэгтэй. Хэрэв байвал гадаад паспортны виз, зурагтай хэсэг, хилээр орсон гарсан тамгатай хэсэг зэргийг 2 хувь хуулбарлаад, иргэний үнэмлэхийн хуулбарын хамт харъяа дүүргийнхээ Нийгмийн даатгалын салбарт өгөх хэрэгтэй. Ингэснээр сарын дараа шимтгэлийн буцаан олголт таны дансанд орно.

 

 

-Нэрээ хаанаас шалгаж, мэдэх ёстой вэ?

 

-Харъяа дүүргийнхээ нийгмийн даатгалын салбараас нэрээ шүүлгэж, шалгуулж болно.

 

 

-Нөхөн даатгалд Солонгост байгаа иргэд хэр хамрагдсан байдаг бол?

 

-Солонгост байгаа 380 гаруй иргэн нөхөн даатгалд хамрагдсан. Тэдний баталгаажилт хийгдсэн байгаа.

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Болд:
19001199 өөс шууд асуу
2015-04-03