“HORECA-2015” үзэсгэлэн нээгдэнэ
2015-03-31

Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Зочлох үйлчилгээний салбарын үйлчилгээний ажилтнуудын мэргэжлийн аварга шалгаруулах олон улсын тэмцээн”-ийг Нийслэлийн аялал жуулчлалын газар, Монголын зочид буудлуудын холбоо, Монголын ресторан зоогийн газруудын холбооноос хамтран зохион байгуулж байна. Энэхүү олон улсын тэмцээн нь 9 дэх жилдээ уламжлал болон зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээн 2 үе шаттайгаар зохион байгуулагдаж байгаагаараа онцлогтой болж байна. Тэмцээний 1-р шатны шалгаруулалт 2015 оны 03 сарын 28-29-ний өдрүүдэд зохион байгуулагдлаа.

 

Тэмцээн Үйлчилгээний менежер, Зочин хүлээн авагч, Өрөөний үйлчлэгч, Тогооч, Зөөгч,Угаалгын ажилтанмэргэжлүүдээр зохион байгуулагдаж 21 байгууллагын 70 гаруй ажилтанууд оролцож төрөл тус бүрээс шалгарсан 5, нийт 30 ажилтан дараагийн шатанд өрсөлдөхөөр шалгарлаа.Тэмцээний II дугаар шатны шалгаруулалт 2015 оны 04 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд “Мишээл експо” төвд зохион байгуулагдана. II дугаар шатны шалгаруулалтад гадаадын хотуудаас оролцогч нар нэмэгдэнэ. Энэ жилийн тэмцээнд БНСУ-ын Гояан, ОХУ-ын Улан-Үдэ, Эрхүү, БНХАУ-ын Манжуур зэрэг хот оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна. Мөн тэмцээний үеэр зочид буудал зоогийн газруудын хангамжийн үзэсгэлэн “HORECA-2015” үзэсгэлэн зохион байгуулагдана. Зочлох үйлчилгээний салбарын мэргэжилтэнүүд, бизнес эрхлэгчдийн тэмцээн болон үзэсгэлэнг үзэж сонирхохыг урьж байна гэж нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин