Улаанбурханы анхны тохиолдол оюутан залуу байжээ
2015-04-01

Улаанбурхан өвчингүй улс хэмээн зарлаад байсан ч дэгдэлт байдлаар гарсан тул Эрүүл мэнд, спортын яамнаас өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хуралд тус яамны дэд сайд Д.Атармаа, ДЭМБ-ын Монгол Улс дахь суурин төлөөлөгч ноён Су Нюунт-У нар оролцсон юм.

 

Улаанбурхан өвчний улмаас дэлхий дээр өдөрт дунджаар 330 хүн нас бардаг, тэдгээрийн ихэнх нь тав хүртэлх насны хүүхдүүд байдаг  аж. Тиймээс ДЭМБ-аас гишүүн улс орнуудад энэ өвчнийг бууруулах асуудалд анхаарлаа хандуулж ирсэн байна.

 

Манай улсын хувьд 2001 оноос хойш дэгдэлт байдлаар гараагүй, 2010 оноос хойш нэг ч өвчлөл бүртгэгдээгүй тул 2014 оны гуравдугаар сард улаанбурхан буюу корь өвчнөөс ангид улс болсныг илтгэх гэрчилгээ гардан авч байсан юм. Тодруулбал, ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн Австрали, Макао, Монгол, Солонгос гэсэн дөрвөн улсын хамт энэхүү гэрчилгээг авч байжээ.

 

Тэгвэл 2015 оны гуравдугаар сарын 18-ны өдөр улаанбурхан өвчнөөр өвдсөн анхны өвчтөн эмнэлэгт хандсанаас хойш өнөөдрийг хүртэл нийтдээ 333 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна. Тэднээс лабораторийн шинжилгээгээр 95 нь корь туссан болох нь батлагджээ. Анхны өвчтөн насанд хүрсэн оюутан байсан нь уг өвчин гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдөн орж ирсэн байж болзошгүйг Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа хэлж байлаа.

 

Энэ удаагийн улаанбурханы вирусын омог нь БНХАУ-ын омогтой ижил төстэй байгаг ДЭМБ-ын суурин төлөөлөгч дурдаад энэхүү дүгнэлтээ баталгаажуулах үүднээс сорьцыг Хонконг руу илгээнэ гэсэн юм.

 

Одоогоор улаанбурханаар халдварласан хүмүүсийн 22 нь насанд хүрэгчид бөгөөд тэдний дотор эмч, эмнэлгийн ажилтнууд ч багтсан байна. Улаанбурхан өвчин дэгдэлт хэлбэрээр гарсан нь тодорхой болсон тул ДЭМБ-ын суурин төлөөлөгч, НҮБ-ын хүүхдийн сан зэрэг газруудад хандаад байгаа ажээ.

 

Уг өвчний дэгдэлтийг бууруулахын тулд зургаан сартайгаас таван нас хүртэлх бүр хүүхдийг вакцинд хамруулах шаардлагатай. Гэвч  сүүлийн жилүүдэд эл өвчин дэгдээгүй учир оношлогоо, тандалтад эмч нарын туршлага дутмаг байдал ажиглагдсан тул сургалт, сурталчилгааг явуулах шаардлагатай байгаа гэнэ.

 

Улаанбурханы товлолт вакциныг хүүхэд бүрт есөн сартай болон хоёр настайд нь хийдэг ч дархлаа суларсан болон суурь өвчтэй хүмүүс эл өвчнөөр өвдөж эхэлжээ. Хүүхдүүдийн хувьд хөхөөр хооллодоггүй, сульдаатай хүүхдүүд илүүтэй өртөж байгаа ажээ. Тиймээс зургаан сараас таван нас хүртэлх бүх хүүхдэд улаанбурханы вакцин хийхээр болжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин