Инээд нь ханиад
2015-04-02

Хэн нэгнийгээ унатлаа хуурах уралдаан өчигдрийн үүрээр эхэлжээ. Хуурах гээд байгаа санаа нь инээх болохоос хорлох биш л дээ. “Эхнэр дургүй хүргээд. Ганц юм бариад очиж байна. Гараад зогсож бай” гэж шөнийн гурван цагт нэг найзаа халуун хөнжлөөс нь босгож гадаа баахан зогсоосноор “4 сарын 1”-ийг эхлүүлснээ нэг нөхөр ярьж байна. Дамбадаржаа орчинд “алмас”-ыг амьдаар нь барьсан дуулиант дурсамжтай энэ өдрийг бид их сэргэг өнгөрөөдөг.

 

Энэ өдрийн инээдмийн сэдэв болдог улстөрчид их бий. Инээд нь ихэдвэл ханиад болох үр дагавартай “местэн” дээр байдаг хүмүүс бол бидний мэдэх улстөрчид.

 

Сангийн дэд сайд асан Ч.Ганхуяг "Талх 300 төгрөгийн үнэтэй байгаа" хэмээн мэдэгдэж, "Талх Ганхуяг" гэх хочтой болж олны инээд дургүйг хүргэсэн. Удаад нь МАН-ын дарга асан туслахуудынхаа хэлсэн үгийг унших зуураа "Махны үнэ 1200 төгрөг хүрээд байна" гэх нь тэр. Жагсагчид нь уурсан “12000 ш дээ, юу балайраад байгаа юм бэ” хэмээж байлаа.

 

Өчигдрийн инээдмийн баяраар биднийг инээлгэх биш ханиалгасан нэг мэдэгдлийн эхийг  уншлаа. МАН-ын зүгээс “ Шүүхийн процесс буруу  явсан тул  Г.Алтанд төлөх нэг сая ам.долларыг  МАН биш Лениний музейг эзэмшигч төр төлөх нь зөв” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлснийг өчигдөр яг инээдмийн баярын өдөр сайтууд гаргаж тавив. Энэ тайлбар дээр түүх сөхье.

 

2012 оны УИХ-ын сонгуульд хиар цохиулах шахаад  арай гэж тэссэн МАН орон нутгийн сонгуульд ялалтын тугаа өргөхөөр “Бүхнийг сонгуульд” гэсэн уриатай орсон байж таарна. Сонгууль мэтийн соёлтой дайны ялагчийг мөрийн хөтөлбөр биш мөнгө санхүү шийддэг болсон болохоор өөрсдийн эзэмшилд байсан Лениний музейг  барьцаалан, иргэн Г.Алтангаас 1 сая ам.доллар зээлээд, орон нутгийн сонгуулийн сурталчилгаандаа орж явчихжээ. Их хурлын том сонгуульд уначихсан болохоор том хандилагчид нь цаашаа явчихсан байх л даа. Тэрнээс биш бараг бүх сонгуульд ялж төр барьсан том нам зээл аваад сууж байхгүй л дээ. Ер нь бол МАН орон нутгийн сонгуулийг гаргаадаггүй баараагүй ялдаг байсан. 2012 онд нийслэлд бараг тавиулаад Бат-Үүл дарга нь багаа бүрдүүлээд эхэлсэн тул хөдөөд хөлөө авч үлдэх гэсэн улайрал байх нь тодорхой. Үүнийг юу нь буруутгах билээ. Эцсийн эцэст сонгуульд ялж төрийн эрхийг атгаж намын болоод санхүүжүүлэгчдийнхээ мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийг зорих нь одоогийн намуудын гол эрмэлзэл. Тэгээд ч хөрөнгөтэй нам мөнгөтэй нэгнээс юугаа тавиад хэдийг зээлсэн ч дурын асуудал.

 

Тодорхой болсон нэг зүйл бол МАН 1 сая ам.доллароо 2013 оны долдугаар сард төлөх байсан ч барагдуулж амжсангүй. Ядахад зээлээ төлөх цаг үе нь Ерөнхийөгчийн сонгуулийн хувь заяа шийдэгдсэн цаг үетэй яг давхцаж таарч. Энэ сонгуульд гар цэвэр Б.Бат-Эрдэнэ гишүүн намаа аврахаар орсон ч гадна болоод  дотроос нь чангаах амбицад гишгэдэл алдсаар унаад өгөв. Тэр бүхнээ хийсэн. Бүжиглэсэн, дуулсан. Тролейбусанд суусан. Олны хайртай аварга тул өндөр рейтингтэй зөөлөн унасан. Ялчихвал ялчихаар л байсан. Санхүү мөнгө татуу байсан нь нөлөөллөө гэж учир мэдэх намын гишүүд нь шогширч л байв.

 

Сайн санаж байгаагаар бол энэ үед МАН-ын тухайн үеийн удирдлагуудаас  санхүүгийн хувьд хямарснаа бараг л ил шулуун зарлаад байсан үе. Харин хямрахын цаана дахиад 1 сая ам.долларын өр данхайгаад байж байгааг арай  хэлчихээгүй тэсчээ. Энэ нь уулаасаа намынх нь дотоод асуудал юм. Харин улс төрийн нам сонгуульд ялахгүй л бол долоо дордож долоон буудлын Должин эмээ шигээ өдөр хоногоо аргалах байдалд тулж болохыг энэ үйл явц “тод” харуулсан юм. “...Сонгуульд дараалан ялагдсан тул хандивлагчид үгүй болсон. ...АН-ын засгийн зүгээс манай том том санхүүжүүлэгчдийг хуулийн байгууллагаар шалгуулан дарамтлуулж байгаагаас нам мөнгөгүй болж ...сонгуульд амжилтгүй оролцлоо” гэж бага хурлынхаа индэр дээрээс Ө.Энхтүвшин дарга ил шулуун хэлсэн. Энэ үед МАН санхүүгийн хувьд хүндэрсэн гэж ам дамжин яригдсан төдийгүй “маниус” шигээ юм болж тог цахилгаанаа таслуулах гэж байгаа сураг ч гарав. 

 

Тэр зундаа том өрсөлдөгчөө нэг мөсөн будилуулах гэсэн АН хөөрхий Батаар гэр оронгүй байна гэсээр шүүхдэж байгаад Лениний музей гэж хэлж сурсан обьектийг нь МАН-аас салгаж төрийн өмч болгож чадав. Энэ үед байшин барьцаанд байсныг олон нийтэд МАН мэдээлээгүй. Нэг сая ам.доллар гэдэг хэрийн олигархид ч их мөнгө. Ийм том мөнгөний хувь заяа савлаад ирэхэд Г.Алтан хатагтай ч зүгээр суугаагүй тэндээ сэмхэн үзээд л байсан байх л даа. Түрээсийн орлогоороо нийслэлийн намын хороогоо, улс төрийн ажлын бас бус зарлагатай нь хангалттай санхүүжүүлчихдэг байсан гэхээр энэ байр овоо мөнгөний авдар байсан нь тодорхой. Одоо мэдэгдэж байгаагаар нь бол тэр үед МАН зүгээр суугаагүй ба гуравдагч этгээд буюу Г.Алтанг шүүх хуралд оруулах хүсэлт тавьж байсан гэж байгаа. Энэ нь бас л бүтэлтэй болоогүй бололтой шүүх шийдвэрээ гаргаж барьцааны байшин өөр өмчлөгчтэй болжээ.

 

Шүүхийн шийдвэр гарсны дараа МАН-ын зүгээс Лениний музейг төрд шилжүүлэхийн өмнө барьцаа, түрээсийн асуудлыг шийдвэрлэх хүсэлтийг Төрийн өмчийн хороо, ШШГЕГ-т удаа дараа хүргүүлсэн ч хүлээж аваагүй гэж мэдэгдэж байна. Галт тэрэг нэгэнт хөдөлчихсөн байсан байх л даа. Мөнгө ч үгүй барьцаа ч үгүй хоцорсон Г.Алтан хатагтай одоо гарц хайж Тусгаар тогтнолын ордныг нь нэг сая ам.долларын барьцаа болгох шийдвэр гаргаж өгөхийг шаарджээ. Г.Алтангийн хүсэлтийн дагуу шүүх барьцаагаа солихыг МАН-д үүрэг болгосон бололтой.

 

Үйл явц иргэний маргааныхаа хүрээнд явсаар шүүхийн шатанд нэг тийш болох л байх. Ямар ч байсан МАН-ын зүгээс Г.Алтангийн хүсэлтийг “ёсоор болго” гэсэн шүүхээс өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй талаарх тайлбар үндэслэлээ 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд гаргажээ. Товчдоо “...МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон тул барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах.., барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Мөн барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу Төрд шилжүүлэх нь зүйтэй. Эцэст нь шүүхийн процесс буруу явсан тул Г.Алтанд төлөх нэг сая ам.долларыг  МАН биш Лениний музейг эзэмшигч төр төлөх нь зөв...” гэсэн тайлбарыг хийгээд байна.

 

Энэ тайлбар одоо өөрчлөгдсөн эсэхийг мэдэхгүй байна. Ямар нэг шинэ тайлбар МАН-ын зүгээс хийгээгүй болохоор энийг нь барьж хэвлэлүүд бичээд байгаа хэрэг.

 

Амьдралд нь их ойр санагдах энэ зээлийн маргааныг хөндлөнгөөс ажиглаж байгаа олон нийт гайхширсан байдалтай. Ямар их үнээр олдсон эрх чөлөө вэ гэдэг шиг “ямар их мөнгөөр босдог сонгууль бэ” гэж жиргэх нь жиргэж, жиргэдэггүй нь шогширч сууна. Улс төрийн намуудын санхүүжилтийн ил тод байдлын тухай хуулийн төсөл хаврын чуулганаар орох сураг наашилж байхад энэ дуулиан дэгдэж байгаа нь нэг талын сайшаалтай хэрэг гэмээр. Намууд бизнесийнхний хандиваар санхүүждэг түүнийгээ төрийн эрхэнд гарч байгаад татвар төлөгчдийн мөнгөөр эргүүлж төлдөг энэ дүр зургаараа яваад байвал цаашдаа юугаа ч барьцаалаад хаанаас ч мөнгө босгочихож мэдэхээр байгааг энэ хэрэг явдал харууллаа. Жил гаран хугацаанд дараалан ялагдаж юм үзсэн МАН-ын мөнгө босгож сонгуульдсан талаар ил болсон түүх энэ. Нөгөө талд АН-ын санхүүжилт ч цэвэр байгаа гэдэгт хэн итгэх. Хамтарч төр барьсан 1 жилийн дараа одоогийн МАНАН-д багтсан намууд 2016 онд ямар ч байсан зээл авахгүйгээр сонгуульдчих мөнгийг тус бүртээ босгочихоод маадгар сууж байхыг бид харах биз.

 

Төрийн дансыг ил болгосон шиг намуудын дансыг шилэн болгох хэрэгтэй гэдгийг дээрх сая долларын зээлийн дуулианаас харж болохоор байгаа юм.   Харамсалтай нь одоогийн төслөөр бол Улс төрийн намууд. Намуудын санхүүжилтийн ил тод байдлын тухай хуулийн төслүүд нь хаврын чуулганы хэлэлцэх асуудлын хамгийн хойно шахуу 31-д хавчуулагдсан байгаа харагдлаа. Казиногийн тухай хууль бол нэлээн дээгүүр гэр бүлийн хуулийг мөргөчихсөн хэлэлцэх асуудлын 12-т тавигдсан байна лээ. Ирэх хаврын чуулганаар дахиад Засгийн газрыг огцруулах ч юм уу, хэн нэг сайдыг сугалах тухай асуудал орж ирэхэд л намуудын хуулийн төслүүд шууд мултарч намрын чуулган хүлээнэ гэсэн үг.

 

Нам гэж төрийн нэг том инстүүц байх. Тэр нь хандив зээлийн барьцаанд орон байж сонгуульд ялах. Төр барьсан хойноо түүнтэй дүйцэх томилгоогоор дамжуулан өрөө дарах. Үр дүнд нь сонгуульд ялсан инээд нь ханиад болж хувирах. Тэр ханиаднаас нь бид хатгаа авах. Ийм л энгийн хэрнээ ил болчихсон бохир тогтолцоотой орчинд бид шударга сонгууль, ухаалаг төрийн тухай ярьж мөрөөдсөөр л сууна.

 

 

Пүрэвжавын Баярхүү /тоймч/

Shuud.mn
Сонин хачин
цармаа:
ӨНДӨР ЦАЛИН АМАЛЧААД ЭРСДЛИЙН МӨНГӨ НЭРЭЭР ЦАЛИНГ ЧИНЬ ЛУЙВАРДАЖ АВАХ АРГА ЗОХИОГООД САРЫН ЭЦЭСТ ЦӨӨХӨН ЦААС ӨГДӨГ ХОГЫН ГАЗАР ШҮҮ... ЯМАР САЙНДАА Л АЖИЛЧИД ТОГТОХГҮЙ ХҮНИЙ НӨӨЦ НЬ ХҮН ОЛНО ЗАХИРАЛ НЬ ЖАДАМБАА ГЭЖ НӨХӨР ГООЧИЛЖ БГААД ХӨӨЧИХНӨ... ЧИЖ ХАЙРАН ЦАГАА ҮРЭХИЙН НЭМЭР..... SOHO БОЛ ХУДЛАА ШҮҮ
2015-04-03
zohin:
Neeree tataah yumaaaa
2015-04-02
MD:
Энийг төр ёстой төлөхгүй юм байгаа биз дээ!!!!!!!
2015-04-02
ичэж үхлээ:
МАН-ын зүгээс Г.Алтангийн хүсэлтийг “ёсоор болго” гэсэн шүүхээс өгсөн үүргийг биелүүлэх боломжгүй талаарх тайлбар үндэслэлээ 2014 оны арваннэгдүгээр сарын 28-нд гаргажээ. Товчдоо “...МАН барьцааны зүйлийн өмчлөгч биш болсон тул барьцааны гэрээнд өөрчлөлт оруулах.., барьцааны зүйлийг солих талаар Г.Алтантай нэмэлт гэрээ байгуулах боломжгүй. Мөн барьцаанд тавьсан өмчөө шүүхийн шийдвэрийн дагуу алдсан тул барьцаагаар хангагдсан үүргээ биелүүлэх боломжгүй болсон. Үл хөдлөх эд хөрөнгийг ч солих боломжгүй. Иймээс Г.Алтангийн өмнө хүлээсэн үүргийг шинэ өмчлөгч буюу Төрд шилжүүлэх нь зүйтэй. Эцэст нь шүүхийн процесс буруу явсан тул Г.Алтанд төлөх нэг сая ам.долларыг МАН биш Лениний музейг эзэмшигч төр төлөх нь зөв...” гэсэн тайлбарыг хийгээд байна. Ийм юм гэж байдаг юмуу яаж хэлж чадаж байнаа
2015-04-02
зочин:
МАН ийм л юм хийдэг шүү дээ 25 жил ийм юм хийсэн Одоо улс төрөөс бүр мөсөн арч . Эдний таьсан өрийг тэгээд бид төлөх юмуу ккккккккк горьд ????????
2015-04-02
судасны хатуурал эрүүлжүүлэх нь:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-04-02
судасны хатуурал эрүүлжүүлэх нь:
Тархи-зүрхний судасны хатуурал-нарийсал, цусан хангамжийн дутагдлыг эмийн бус аргаар эрүүлжүүлж, нөхөн сэргээх үйлдэлтэй Ли Эр Кан бүтээгдэхүүн нь сөрөг гаж нөлөөгүйгээр цус шингэлж, холестрин бууруулж, судасны дотор ханыг цэвэрлэх ба даралт ба хуян зэрэг эмгэгүүдийг ч мөн эрүүлжүүлнэ. ЭМЯ-ны зөвшөөрөлтэй, Монгол улсад 10 дэх жилдээ зарагдаж байгаа бөгөөд 4-р сарын 4-ны Бямба гаригт АУ-ы доктор тус бүтээгдэхүүний талаар лекц уншиж эрүүл мэндийн зөвлөгөө өгнө. Лекцэнд суух хүмүүс холбоо барина уу! Шинжилгээтэй ирсэн хүмүүст хувьчилсан зөвлөгөө өгнө. Хаяг Чингэлтэй дүүргийн дэргэд, Утас 96665038
2015-04-02