Нигерийн ард түмэн дөрвөн жил зовлоо
2015-04-02

 

Нигер улсад өнгөрсөн амралтын өдөр Ерөнхийлөгчийн сонгууль явагдсан билээ. Сонгуульд өнөөгийн Ерөнхийлөгч Гудлак Жонатхан болон сөрөг хүчин “Ардчилсан” намын тэргүүн Мухаммеду Бухари нар өрсөлдсөн юм. Сонгуулийн урьдчилсан дүнгээр Бухари нийт сонгогчдын 65.7 хувийн санал авч ялалт байгуулжээ. Ерөнхийлөгч Гудлак сонгуулийн дүнтэй санал нэгдэж буйгаа мэдэгдэж, шинэ төрийн тэргүүнд баяр хүргэжээ. Мухаммеду Бухаригийн “CNN” агентлагт өгсөн ярилцлагыг хүргэж байна. Тус улсын түүхэнд анх удаагаа сөрөг хүчин Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж буй.

 

-Энэ таны анхны ярилцлага байхаа. Манай агентлагт ярилцлага өгөхийг зөвшөөрсөнд баярлалаа?

-Олон улс намайг мэдэж, таниасаа гэж хүссэн учир ярилцлага өглөө. Өнөөдрөөс эхлэн Нигерийг Мухаммеду Бухари миний бие удирдах болно. Би хэлсэн, амласнаа биелүүлдэг хүн. Тиймээс ард түмэн минь надад итгэж, улс төрийн бодлогыг минь дэмжих учиртай.

 

-Ялалт байгуулсан анхны сэтгэгдэл?

-Өнөөгийн Засгийн газраас болж Нигерийн ард түмэн дөрвөн жил зовлоо. Утга учиргүй тулаан, өлсгөлөн, ажилгүйдэл гэх мэт. Яагаад энэ бүхнийг төр зохицуулж, ард түмнээ хамгаалж чадахгүй байгаа юм бэ. Би өнгөрсөн хугацаанд энэ бүхнийг харж суулаа. Одоо хангалттай гэж үзсэн учир сонгуульд нэр дэвших бус ялалт байгуулах зорилготойгоор нэр дэвшсэн. Би ялагдахыг хүсээгүй. Хэрвээ би ялагдсан бол Нигерийн хямрал үргэлжлэх байсан. Би эх орноо хамгаална. Эцсээ хүртэл ард түмнээ хамгаалсан шийдвэр гаргах болно. Хамгийн гол нь ард түмэн минь намайг сонгож, итгэл хүлээлгэсэнд талархаж байна. Анх удаа Нигер сонгуулийн санал хураалтаа цахим машинаар авсан. Би цахим машинд анхнаасаа үл итгэж байснаа нуугаад яахав. Будилаан үүсэхээс сэргийлж, хамгийн их сонгогчтой дүүргүүдэд хяналт тавьж ажилласан. Хамгийн гол нь би ялалт байгууллаа. Өнөөдрөөс Нигер дотроосоо өөрчлөгдөх болно.

 

-Сонгуулийн үеэр хэт даврагч “Боко Харам” бүлэглэл дараалласан халдлага үйлдэж, 20 гаруй хүний аминд хүрсэн. Хэт даврагчид Ерөнхийлөгч Гудлак Жонатханыг дахин сонгогдвол олон хүний амь эрсдэхийг сонгуулийн өмнө мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлийн дараа Гудлакийн дэмжигчид цөөрсөн гэхэд болно. Хэт даврагч энэ удаагийн сонгуульд тусалсан уу?

-Би Гудлак Жонатханыг хүндэлдэг. Түүний гаргасан шийдвэр бүхэн эх орныхоо төлөө байдаг. Тиймээ 2013 оны эхээр “Боко Харам” бүлэглэл идэвхижиж, Нигерийг айдаст автуулсан. Хэрвээ тэднийг хэзээ,  хаана халдлага үйлдэхийг нь мэдсэн бол тэр газар эхэлж очоод, ард түмнээ аюулаас хамгаалахыг хүсэв. Сонгуулийн үеэр халдлагаар олон хүн амиа алдсан. Би тэднийг үгүйлэн санаж, бас харамсч байна. Хэт даврагчид надад туслаагүй. Энэ асуултад буруу хариулвал ард түмэн минь намайг тус бүлэглэлтэй холбоотой байж магадгүй хэмээн буруутгах эрсдэлтэй.

 

-Өнгөрсөн сараас эхлэн Нигерийн хөрш Камерун, Чад “Боко Харам”-ын эсрэг нэгдэж, агаар болон хуурай замаар цохилт өгсөн. Таны бодлоор хөрш орнууд Нигерийн хямралыг улам даамжруулсан гэж бодож байна уу?

-Энэ үйл явдлын дараагаас олон нийт “Боко Харам” ямар хүчирхэг бүлэглэл вэ гэдгийг олж мэдсэн. Тиймээ, энэ бүлэглэлийг устгахад хангалттай цаг хугацаа, хүч, мөнгө зарцуулах нь тодорхой.

 

-Та тус бүлэглэлийн эсрэг ямар ажиллагаа явуулах вэ?

-Нарийн төлөвлөгөөний дагуу ажиллах болно. “Боко Харам” Нигерийг айдаст автуулж байгаа нь тодорхой. Олон хүн тэднээс айж байна. Үнэнийг хэлэхэд, би төр барьж байх хугацаандаа энэ бүлэглэлийг бүрэн устгах эсэхээ мэдэхгүй байна.

-Нэр дэвшигч Мухаммеду Бухари сонгуулийн үеэр Нигерийг эдийн засгийн хувьд чөлөөтэй, олон улстай өрсөлдөхүйц гүрэн болгоно гэж амласан?

-Би гол анхаарлаа улсынхаа хөгжилд хандуулах болно. Эхлээд Нигерийг эдийн засгийн хувьд хараат бус байдлаас гаргана. Дараа нь шийдвэртэй алхмуудыг хийх болно.

 

-Та цэргийн хүн. Тиймээс улс даяар цэргийн дэглэм тогтоох уу?

-Армийн хүчирхэг эсэх улс оршин тогтнохтой шууд хамааралтай. Гэхдээ би ирээдүйн талаар ярихыг хүсэхгүй. Хэрвээ ард түмнээ хамгаалах бол ямар ч шийдвэрт гарын үсэг зурах болно.

 

-Нигер 174 сая хүн амтай. Дэлхийд хүн амын тоогоороо долоодугаар байрт ордог. Байгалийн баялаг арвин, газрын тосны экспортоор дэлхийд тэргүүлдэг гүрэн?

-Миний сонгуулийн кампанит ажлын уриа үг “Нигерийг Африкийн Америк болгоно”. Яагаад Америк шиг болохыг хүссэн вэ гэвэл энэ улс дэлхийд бүх салбартаа тэргүүлж, гол улс болж байна. Том мөрөөдөлтэй байна гэдэг амжилтад хүрэх эхний алхам. Нигер, америк шиг болох бүх боломж байна. Бидэнд тусгаар тогтнол, ард түмэн, газар нутаг байна. Хамгийн гол нь Нигерт сайн удирдагч хэрэгтэй.

 

-Та АНУ-тай хамтран ажиллах төлөвлөгөөтэй байна уу?

-Энэ талаар дараа хэлье. Одоогоор би албан ёсоор Ерөнхийлөгчийн тангарагаа өргөөгүй байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин