Зам тээврийн осолд дөрвөн хүүхэд өртжээ
2015-04-02

Замын цагдаагийн газрын мэдээлэл шуурхай удирдлагын төвд энэ сарын 1-нд  нийт 263 дуудлага мэдээ мэдээлэл иржээ. Үүнээс зам тээврийн ослын 182 дуудлага бүртгэгдсэн бөгөөд зам тээврийн осолд 4 хүүхэд өртсөн байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 54 жолоочийг илрүүлж, арга хэмжээ авчээ.

 

Гарсан зөрчлүүдийг тухайлбал, БЗД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө, БЗД-ийн автобусны буудал дээр Цахилгаан тээвэр ХХК-ны троллейбусны жолооч Б нь зорчигч 58 настай эрэгтэй О-г унагааж гэмтээжээ. Мөн СБД-ийн нутаг Чингисийн өргөн чөлөө Энхтайваны гүүр өгсөх замд Эрдэм транс ХХК-ны Х. Аеро Сити-540 маркын автобусны жолооч Г нь унадаг дугуй унаж явсан 15 настай эрэгтэй З-г мөргөж гэмтээсэн байна.

 

Урин дулааны цаг ирэхээр хүүхдүүд унадаг дугуйтай замын хөдөлгөөнд оролцох нь эрс нэмэгдэж үүнтэй холбоотой зам тээврийн осол гарч хүний амь нас эрүүл мэнд ихээхэн хохирдог. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд 14 наснаас доош насны хүүхдүүд унадаг дугуйгаар замын хөдөлгөөнд оролцохыг хориглох ба зөвхөн тусгайлан бэлтгэсэн зам, хүүхдийн тоглоомын талбай дээр зорчихыг зөвшөөрсөн байдаг. Унадаг дугуйн зам байхгүйгээс хүүхдүүд авто замыг сонгож хөдөлгөөнд оролцдог тул эцэг эхчүүд  та бүхэн онцгой анхаарах хэрэгтэй. Хэрэв таны хүүхэд зайлшгүй замын хөдөлгөөнд оролцох бол дараах зүйлийг анхаарна уу.  Үүнд: Хамгаалалтын малгай  өмсгөх, жолоог нь шалгаж  чөлөөтөй хөдлөж байгаа эсэх, дугуй нь хийтэй , гар болон хөл тормос, хонх ажиллаж байгаа эсэх, орой үдшийн цагаар явахад урд талын гэрэл замыг гэрэлтүүлж чадах эсэх, ар талд улаан цацруулагч гэрэл асаж байгааг  заавал шалгахыг зөвлөж байна. 

Б.Хүлэг
 

Shuud.mn
Сонин хачин